Үл хөдлөх хөрөнгө бүртгэхдээ хахууль авч байсан бүртгэгчдийг шүүхэд шилжүүллээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-05-04 02:00:14


Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч асан Ж.Нямдорж, улсын бүртгэгч Г.Батмөнх, М.Монголжин, Иргэний бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.Нямсүрэн, Хяналт, шалгалтын газрын улсын байцаагч Д.Чинтулга, Баянзүрх дүүргийн улсын бүртгэгч Б.Батзориг нарт холбогдох, хахууль авсан, мөнгө угаасан хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Дээрх хүмүүс хууль зөрчиж, хахууль аван бусдад давуу байдал олгосон хэд хэдэн үйлдэлд холбогдсон аж. Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулалттай нэгэн аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчийг өөрчлүүлж бүртгүүлэх гэсэн иргэн М.Буяндүүрэнгийн хүсэлтийг биелүүлж өгөөд өнгөрсөн оны зургадугаар сард хахууль авч. Мөн сард “Тохойнхан” ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Ван Зилэйг бүртгэлээс хасаж, Зао Шоужун гэдэг хүнийг нэмж бүртгэснийхээ хариуд “шагнал” авсан гэнэ. Гадаадын хөрөнгө оруулалттай “Экспаншн оф лайф” ХХК-ийг ОХУ-ын иргэн Эдуард Юрьевич, Дмитрий Викторович нарын нэр дээр бүртгүүлэхийн тулд манай улсын иргэн Г.Эрдэнэбаяр өнгөрсөн оны долдугаар сард дээрх албан тушаалтнуудад хахууль өгсөн аж.

Чингэлтэй дүүргийн нутаг, Бага тойруу дахь хуучнаар 26 ам метр талбайтай орон сууцын бүртгэлийг 124.45 ам метр хэмжээтэй, үйлчилгээний зориулалттай хэмээн өөрчлөн бүртгүүлсэн иргэн Г.Цацрал, Т.Энхцэцэг, Д.Баясгалан нар УБЕГ-ын нэр дурдсан албан тушаалтнуудад хахууль өгснийг мөрдөн шалгалтаар тогтоосон байна.

“Ди Си Эф ҮЦК” ХХК-ийнхан нэрээ “Монголын үндэсний блокчейн дижитал хөрөнгө” ХХК болгон өөрчилж УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт нэрийн баталгаажуулалт хийлгэхээр 2022 оны наймдугаар сард хандаж. Энэ ажлыг Д.Оюун-Эрдэнэ гэх хүн хариуцан хийж, тус газрын албан тушаалтанд хахууль өгсөн хэрэгт холбогджээ. Мөн БНХАУ-ын иргэний хөрөнгө оруулалттай “Хорчины хүсэл” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх хугацааг сунгасныхаа хариуд Ч.Ганчимэг гэх хүнээс хахууль авсан гэнэ. Түүнчлэн С.Отгонбат гэдэг хүний нэр дээр гадаад паспорт гаргаж өгөхийн тулд Я.Батцоожоос “шагнал” авсан хэмээн буруутгагдаж буй юм билээ. НПГ-аас улсын бүртгэлийн байгууллагын албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсэгт зааснаар, М.Нямсүрэнг хахууль авснаас гадна мөнгө угаасан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж. Нийтийн албан тушаалтнуудад 100 000-аас 21 сая гаруй төгрөгийн хахууль өгсөн нэр бүхий иргэдийг ч УБЕГ-ын ажилтнуудтай хамт яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлсэн байна.

Улсын бүртгэлийн байгууллагын өөр нэг албан тушаалтан бусдаас хахууль авсан үйлдлээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хандсаныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр боллоо. УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын Хан-Уул дүүрэг дэх нэг цэгийн үйлчилгээний төвийн гэрээт ажилтан Б.Мөнх-Эрдэнэ Ж.Балдорж, А.Энхжаргал нарын тус дүүргийн нутагт барьсан 5000 ам метр талбайтай үл хөрөнгөд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөөр болж “Нийслэл бэйкери” гэх компанийн дансаар багагүй хэмжээний хахууль авсан гэнэ. Улмаар түүнээсээ зарим хэсгийг эздэд нь буцаан өгч, нийт 6.5 саяыг эргүүлж төлөөгүй гэх хэрэгт холбогдсон юм.


Холбоотой мэдээ