Баларч байгаа Норвегийн тухайд

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-05-07 07:31:16
Норвегийн их сургуулийн докторын зэрэгтэй  М.Найданхүү гэж найз, хуурай дүү минь бий. Энэ нийгэм шүүрээд авдагсан бол мөн ч олон сайхан санаа сэдлийг олон жил хэлж ярьж яваа, эх орныхоо төлөө сэтгэл чилээсэн сэхээтэн бий. Би түүнийг монголын нийтлэлийн ертөнцөд зөв байрыг нь эзлүүлчих санаатай ятгаж дэмжиж явдаг. Иймд өөрт нь урам зориг болог гээд, надад өөрт таалагдсан ба өргөн олон уншигчдад талаагдах мөрүүдээс авч нэгэн нийтэл босгов. Таалан соёрхоно уу!
 
– судлаач проф. Д.Баярхүү
 
 
 
Баларч байгаа Норвеги улсад 2002 онд ирж, энэхүү сайхан сургуулийн докторантуурт суралцаж, эрдмийн зэрэг цолоо хамгаалсан. Энд өнгөрүүлсэн 20-н жилд ердөө 3-хан ерөнхий сайдын нүүр үзлээ. Эрна Солбэрг 8-н жил энэ албыг хашсан. Барууны намын дарга энэ эмэгтэйд ялагдаж Ерөнхий сайдаасаа буусан Столтэнбэрг НАТО-ийн EНБД-ын албыг хашиж байна. Столтэнбэргийн танхимд ГХ-ийн сайд байсан Сторэ одоо ерөнхий сайдын алба хашиж байгаа. Өнөөдөр Норвегийн Хөдөлмөрийн намын даргаар улиран сонгогдлоо. Дахин Стортингийн сонгуульд ялвал ерөнхий сайдаараа цааш ажиллаад явна.
 Баларч буй Норвеги улсад лалын нам гэж огт байхгүй. Гаднаас ирсэн иргэдээ жишээлбэл "судан гаралтай Норвеги иргэн", "пакистан гаралтай Норвеги иргэн"... гэх мэтчилэн нэрлэж Эх хуулиараа хамгаалсан байдаг юм. Норвеги улсын үндэстэнүүд гэж үздэггүй. Тэгвэл холбооны улс болчихно. Пакистанчуудын тоо 800 мянга гаруй гэдэг. Улс төрийн намын хууль нь хатуу болохоор эд нар тусдаа нам байгуулах эрхгүй. Мань мэтийн гадаадын иргэд парлиамэнтын сонгуульд санал өгдөггүй. 
 
Баларч байгаа Норвеги улсад баялгийн тэгш, зөв, шударга хуваарилалтыг өндөр цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж мөн халамж тусламжаар иргэддээ хүртээдэг. 5.4 сая хүн амтай энэ жижигхэн улс Баялгийн ивээлээ бүгд жигд хүртэж буй хамгийн үлгэр жишээ улс. Эдний дундаж цалин манайхаар бол 5-15 сая төгрөг. Тэтгэвэр нь мөн адил. Бүх шатны сургалт, эмнэлэг үнэгүй. Хүчирхэг шилэн данстай төртэй. Банкны хүү бага. Дотоод бизнесээ дэмжсэн сангийн хүү жилийн 1 хувь гэх мэт сайн талуудтай. Бид үүнээс суралцах хэрэгтэй, нутагшуулах хэрэгтэй байна.
Баларч буй Норвеги улсын нөгөө нэг гайхамшиг бол төрийн мэдлийн Баялгийн сан. Одоогоор 1.4 триллион буюу 1400 тэрбум ам.долларын хуримтлалтай. Лондонд төвтэй энэхүү сан нь жилдээ 110-140 тэрбум ам.долларын ашигтай ажилладаг. Англи, Америкийн компаниудаар дамжуулан хөрөнгө оруулж мөнгөө өсгөж байдаг. Норвегийг үндэслэлгүй муулж суухаар түншлэл, хамтын ажиллагаа, ХО-нд төрийн түшээд анхаарах ёстой. 
 
Балраагүй байгаа Монголчууд бид нэг сая иргэдээ ( үнэндээ 1 сая хүрэхгүй) 1000 ам.долларын цалин, тэтгэвэртэй болгоход 12 тэрбум ам.доллар л жилдээ хэрэгтэй. Яг үнэндээ бол сардаа 500 сая ам.доллар, жилдээ 6 тэрбум ам.доллар л цалин тэтгэвэрт одоогоор шаардагдана. Эдийн засгаа 20 тэрбум ам.доллар болгож тэлэх л бидний хөгжлийн туйлын зорилго болмоор байна. Экспортонд гарч буй нүүрс, алт, зэс, төмрийн орлогоо хянаж, татвараа л бүрэн авах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. 
 
М.Найданхүү
Холбоотой мэдээ