“Солонгост 10 жил ажиллаад ирэхэд явдалтай охин, хэрцгий хүү минь угтсан”

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-05-16 00:20:42

Хэдхэн сартай болов уу гэмээр хүүхдээ тэвэрсэн, 40 гаран насны нэгэн эмэгтэй удган намайг зорьж ирэн уулзлаа. 18 настай хүү маань хэрэгт ороод хэцүү нэртэд орж хоригдсон. Хэрэг түвэгээс гайгүй мултарч чадах уу? аа бас энэ хүүхдийн эх, 22 настай миний том охин хэл сураггүй 7 хонолоо. Охин минь сайн явна уу? Хэзээ ирэхнэв гээд надаас асуулаа.

Би үзлээ. – Энэ 2 хүүхэд чинь ер нь огт санаа зовж байгаа юм алга. Эмэгтэй нь хормойн бузар болж, эртэй нөхцөөд яваад байна. Хүү чинь сүлд хийморьгүй, нас нь бага атлаа архины дэв бузар болж, хулгай зэлгий хийсэн нь үнэн байна, тэгэхээр төрийн хууль хатуу ял зэм авахаар л байна. Та чинь ер нь энэ 2 хүүхдийг яаж хүмүүжүүлэхээрээ ийм хэнэггүй, хайр энэрэлгүй болгочихдог байна аа гэвэл тэр эмэгтэй нүд дүүрэн нулимс унаган
– Ээ дээ дүү минь би гэр бүлээ орхин, таван цаас олж, орох оронтой болно гээд хүүгээ 8 нас, охиноо 12 настай байхад Солонгос яваад 3, 4 жил боллоо. Тэгсэн ард үлдсэн нөхөр маань би Англи явна, тэнд сайн мөнгө хийж байна гэнэ гээд олсон цуглуулсан мөнгөөрөө виз гаргуулаад билет авч Англи явсан.
Ингээд би Солонгост, нөхөр Англид, 2 хүүхэд Монголдоо нас бага учир миний эгчийнд амьдрахаар болцгоов. Солонгост би мөнгөө цуглуулан, өдөр шөнөгүй хүнд хөдөлмөр эрхлэн ажилласаар, нөхөртөйгөө ярихаар ажил олдохгүй байна гэх шалтаг шалтгаан тоочсоор, ингэсээр байтал нөхөртөйгөө холбоо тасарч, тэр маань хэл сураггүй болов.
Яав ийв гээд эрээд сураглаад байтал Англид нэг хүүхэнтэй амьдардаг болсон тухай сураг сонсов.
Намайг байтугай 2 хүүхдээ ч тоохгүй, ярихгүй холбоогоо бүрэн тасдлаа. Удалгүй утсаар эгч маань үглэж эхлэв. Хоёр хүүхэд дээ мөнгө явуул, тийм ийм зардал, ийм хувцас хунар, хоол ундны зардал гээд дээр нь нэмээд хүүхдүүд чинь томроод үгэнд орохгүй байна, гадуур тэнээд байна, гэх мэтээр үглэнэ.
Олсон хэдэн бор юм аа хураах битгий хэл Монгол руугаа дөнгөж явуулаад л, араас нь ахиад нэхэл дагал хэл ам. Хоёр хүүхдээ бодохоор харьмаар, ядаж байрны мөнгө хийж байж буцая гэсээр байтал 6 жил хурдаараа өнгөрч, хэдэн төгрөгтэй болоод иртэл 2 үрээ танихгүй, хэгжүүн, хэрцгий залуу, охин маань эрээ цээргүй явдалтай хүүхэн болсныг хараад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болов.
Охин маань дээд сургуульд орж байна гээд хахуульд өгөх мөнгө, орчихлоо гээд сургалтын төлбөрийн, хувцасны мөнгө гээд л ар араасаа аваад л байсан чинь, сургуульдаа ороо ч үгүй, сураа ч үгүй, төгсөө ч үгүй тогоо шиг гэдэстэй амьтан болж ирэв.
Бусад шиг эцэг эхтэй биш одоо яах юм бэ? үхэх ёстой юм уу гээд тачигнаад, хоёр муу п … а Та 2-ыг алсан ч яадгийн гэх согтуу галзуу царайтай хүү маань бусадтай бүлэглэн дээрэм тонуул хийсэн хэргээр цагдаагийн газарт.
Дөнгөж төрөөд 2 сар гарантай хүүхдээ над дээр орхиод төрсөн өдөрт яваад эргэж ирдэггүй охинтой. Ер нь би яах гэж, хэний төлөө, юуны төлөө төрсөн 2 алаг үрээ хэзээ ч танихгүйгээр алдав аа. Та байранд л явсан байраа авсан тэгээд болоо юм биш үү гэх хэгжүүн харцнууд. Би ингэж л тамаа цайж яваа нэгэн гээд зөндөө их мэгшин уйлж билээ.
“Тэр үед би Солонгос яваагүй бол бусадтай адил үр хүүхдээ асраад жирийн нэгэн гэр бүл Хайлааст даа, хашаа байшиндаа халуун ам бүлээрээ амьдарч байсан бол, шилжилтийн гэх эмзэг ээдрээтэйхэн насаа эцэг эхийн халуун хайр, гар дээр өсөж торнисон бол, … гэдэг гал голомт халуухан дулаахан байх байсан даа.
Одоо би Таван шард, гурван өрөө байрандаа ганцаар, бяцхан зээ охиноо тэврээд цонхоор гунигтайхан харж, эргэлтийн өдрөөр “Хэцүү нэрт” рүү эргэлтээр явж, эрээн мяраан хувцастай охидыг охиноо гэж горьдон харж, гар утсан дээр гадаадын дуудлага дуудвал хань минь болов уу гэсээр гурван өрөө байраар гурван хүнээ сольчихоод л сууж байна даа” гэв.
Эх сурвалж: УДГАН ХИШИГЭЭ
Холбоотой мэдээ