Өндөр боловсролтой "Хулгайчид"

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-05-21 00:22:20

Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү эрдмийг өвөртлөн ирнэ гэдэг үгэнд итгэдэг үе байлаа.


Тэднийг ард олноороо сонсож, хүндэлж, дагадаг байв. Зарим нь үнэхээр эрдэм өвөртөлж ирдэг байж. Гэвч зарим нь зүгээр л хүсэл мөрөөдөл хулгайлагсад л байжээ.

ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ ХУЛГАЙЛАГСАД

Та хүүхдээ улсын сургуульд өгчхөөд эрх баригчдын хүүхдийг дэлхийн топ их сургуульд сургахын тулд жилийн 124 мянган ам.долларыг татварын мөнгөөрөө төлөөд сууж байна. Энэ нийгэм надад хамаагүй, урдхаа хийгээд явж байвал барав гэдэг сэтгэхүй ийм хортой шүү дээ.

Хэчнээн мянган мэдлэг, чадвартай залуучууд хахуулийн энэ муухай хаалганы өмнө итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, боломжоо дэвслүүлээд буцаж байсныг бодохоор үнэхээр харамсалтай.

Нэгэнт боловсролын сан нь хулгайн үүр уурхай болчихсон юм бол бид нэмж хүмүүс тэтгэлгээр явуулаад хэрэг байна уу? Жилийн 124 мянган ам.доллароор даргын хүүхдийг Харвардад татвар төлөгчдийн мөнгөөр сургаснаас Харвардын дөрвөн багшийг Монголд уриад хичээл заалгавал илүү олон хүүхэд дэлхийн мэдлэгээс олж авна.

МӨНГӨ МӨРТЭЙ

Тэгсэн өмнө зээл авсан хүмүүсийн файл устсан гэж хэлж байна. Бид Данжаадын өрийн дэвтэр шатаадаг үед амьдраад байгаа юм уу? Биднийг ийм харанхуй бүдүүлэг гэж доромжилж байгаа хэрэг үү? Мөнгө мөртэй гэж үг бий. Наад зах нь банкны хуулга хараад мэдчихэж болно. Эсвэл гадагшаа урссан ам.долларыг төлбөрийн тэнцлийн данснаас шалгуулчхаж болно. Боловсролын сангийн данснаас ч шүүх боломжтой. Ганц боловсролын яамны ажлын компьютероос файл устгалаа гээд бүх зүйл дуусахгүй.

Нөгөөтэйгүүр энэ зээлээр төгссөн залуучууд маань мундаг боловсрол эзэмшсэн юм чинь гайгүй газар ажиллаж байгаа биз. Ёс зүйтэй байгаад зээлээ эргүүлээд төлчих хэрэгтэй. Насаараа надаас чадвартай олон залуусын боломж хулгайлсан шүү би гэх гэмшилтэй явах өөрт нь ч гэсэн амаргүй байлгүй.

Цаашид боловсролын сан ухаантай юмаа үргэлжлүүлэхээр бол шалгаруулалтаа ил тод хийж, шалгуураа чангатгах хэрэгтэй. Хэзээ, хаашаа, хэдэн хүүхэд хэр их мөнгөөр явсныг нь тайлагнадаг байх ёстой.

ЭЦЭСТ НЬ ХАЯЛГА

Энэ асуудлыг дээрээс л бүгд мэддэг байсан. Гагцхүү хэн ямар хариуцлага тооцох ёстойг хэн ч ойлгоогүй орхисон. Сонгууль дөхөхөд хохирогч сэтгэлгээтэй хэдэн нохдод хоол хаяж өгч байгаа мэт бидэнд сэдэв хаяж өгнө. Би ч та ч энэ сэдэв дээр арцалдана. Урдхаа хийгээд явъя гэвэл хазаж, хайраад зүгээр байлгадаггүй нийгэм. Юм бүхнийг мэдэхгүй байж болох ч нийгмийн оролцоотой, шүүмжлэлт сэтгэлгээтэй, өөрсдийгөө хөгжүүлж хаана юу болж байгааг салбар бүрдээ анзаарч байхгүй бол энэ мэт дураараа дургина. Хүссэн үедээ сэдэв хаяж өгсөөр л байна.


Холбоотой мэдээ