ТООНЫ БЭЛГЭДЭЛ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-05-21 03:16:37

ТООНЫ БЭЛГЭДЭЛ


Монголчууд тэгш, сондгой тооны харийн ойлголттой юм.

Найм, есийн тоог их бэлэгшээдэг. 

Найман тахил гэж бий.

Наашлахын найм гэдэг. 

Есийн тооны бэлэгдэл гэж бий. 

Есөн цагааны бэлэг тэргүүн зэргийн дээд бэлэгт тооцогддог, есөн эрдэнэ гэж бас бий. 

Он тооллын эхний есөн өдрийг шинийн нэгэн гэж хэлээд нэгэн, хоёрон, гурван гэж залгадаг нь тэр жилийн эхний есөн өдөрт засал, таалалга, золгох , зочлох бүх зан үйлээ эрхэмлэдэг. 

Үүнд гурвын давтагдах тоо болох ёс, хорин долоо, наян нэг гэхчлэн тоон дээр хүндэтгэлийн тахилга, шүтлэг ёсолгоо гүйцэтгэдэг байв.

Нэгийг тийм их бэлэгшээхгүй.

Ганц хүн айл болдоггүй. 

Ганц мод гал болдоггүй гэдэг. 

Тэгш тоотой өдөр хурим найр болдог. 

Энэ нь дээрх үгтэй холбоотой байна.

Сондгой тоотой өдөр оршуулгын зан үйл болно. 

Гурав, долоо , дөчин ес хоногт оршуулгын ёс заншлыг гүйцэтгэдэг.

Бурхан шашны зан үйлд арвын тоог их онцолно. 

Тухайлбал арван цагаан буян, арван хар нүгэл гэж бий. 

Ардын элдэв дом шившлэгт гурав, долоог эрхэмлэж иржээ.

ТӨРСНИЙ ДАРААХ ЁС 

– Эх хүн төрсний дараа гурван хоног «төрсний цээр гам» гэж хийдэг байжээ. 

Энэ нь хоол, унд, нойр, хэвтрийн дэглэмийг сахих ёс байв. 

Төрөөд унтахыг хатуу цээрэлдэг. 

Хөлөө жийж болохгүй. 

Тэгээд хөлд цус хурна, хууч тогтоно гэж хорьдог. 

Хагас суугаа байдлаар байх ёстой гэнэ. 

Идээгий нь багахан хйисэн шингэн сүүтэй цай уулгаж, гурван удаа усанд угааж базсан шагай чөмөг голдуу махаар хийсэн шөлтэй хоол идүүлдэг. 

Дархад юм уу, дорнод нутгийн халх гол хавиар загасны махаар шөл хийж уулгадаг заншил бас байлаа.

ҮР ХҮҮХЭД ГУЙХ – Эмэгтэйчүүд хүүхэд гаргахгүй байхад хүн чулуунд хадаг барьж мөргөн үр хүүхэд заяахыг гуйдаг байв. 

Түүнчлэн удган мод, уул мод овооноос үр хүүхэд гуйж, өргөл барьц өгч мөргөдөг байлаа. 

Халхын голын нутгийнхан Вангийн цагаан уулын «хүүхдийн овоо» гэдэгт өргөл мөргөж үйлдэж үр хүүхэд гуйдаг байжээ. 

Зарим нь үр хүүхэд заяахыг бэлэгдэж, тусгай овоо хүртэл босгодог байсан гэдэг.

Олон хүүхэдтэй айлаас хүүхэд үрчилж, хүүхэд дагуулж ирэхийг зөгнөдөг байв. 

Айлын хүүхэд цуглуулж баясгалан, даалуу, хорол, шагай мэтээр тоглуулан будаалга- цайллага хийдэг байжээ.


Монголын бөө удган нар 3, 5, 7, 9, 81-ийн зэрэг тоонуудыг дээдлэн бэлгэдэж, эхний 5 тоотой өдрүүдэд зан үйлээ явуулдаг сайн өдрүүд хэмээн үздэг бол 81-ийг дээд тэнгэртэй харьцах, тэнгэр болох тохиол бүрдсэн өдөр хэмээн үздэг байжээ. Монголчууд тэгш тоог “энэ ертөнцийнх”, сондгой тоог “нөгөө ертөнцийнх” хэмээн сэтгэдэг. 

Монгол бөөгийн тахилга, тахилгын зан үйл ямагт сондгой тоотой өдрүүдэд тохиодог. 

Од эрхсийн бэлгэдэл ч гэсэн нэг (үүрийн цолмон), 

гурав (гурван марал), 

тав (таван хүн од), 

долоо (долоон бурхан) гэх мэт сондгой тоотой холбоотой. Оршуулгын зан үйлд гурав, долоо, хорин нэг, дөчин ес хоногт хийдэг тооны холбогдолтой зан үйл нь өөр ертөнцийн тухай ойлголт юм. 

Цагаан сарын шинийн нэгний их идээг засахдаа гурав, тав, долоо, есөн үеэр засдаг байна. 

Мөн эрийн гурван наадамд бөх барилдахдаа сондгой тоотой даваан дээр бөхөө цоллох юмуу цол чимэг олгодог. 

Эдгээр нь цөм Монголчуудын сондгой тооны бэлгэдлийн эерэг утга юм.


Нэг: 

Монголчууд нэгийн тоог бүх тоо тооллын суурь гэж үздэг бөгөөд нэгээс олон үүсдэг гэсэн санаа ажээ. 

Монгол ардын зүйр цэцэн үгэнд “нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино”, “нэг өдрийн жаргалд мянган өдөр зүтгэх”, “нэг амаар айлтгана, мянган сонороор сонорлоно” гэх мэтээр өгүүлдэг нь нэгээс мянга болно, цөөнөөс олон болно гэсэн утга ажээ.

Хоёр: 

Монголын гүн ухаанд арга билэг хоёрыг “хоёр төлөв” хэмээн нэрлэдэг нь хоёрын тооны бэлгэдэлтэй холбоотой. 

Өтлөх үхэх, сайн муу, зөв буруу, жаргах зовох, үнэн худал, дээр доор, өндөр өргөн, мөнх мөнх бус, гал ус, өдөр шөнө, гэрэл сүүдэр, хар цагаан гэх мэт арга билгийн хослолыг өгүүлдэг. 

Иймд хоёрын тоо нь  арга билэг, эв нэгдлийн илэрхийлэл болно.

Гурав: 

Монгол ардын бэлгэдэл зүйд “гурав” бол ертөнцийн тоо бөгөөд “ертөнцийн гурав” гэдэг нь нарийн учир утгатай. 

Мөн цаг хугацааг гурваар болзох, ажил үйлийн бүтэл бүрдэл нь гурав хоног, гурван сар, гурван жилээр бүрэлддэг гэж үздэг. 

Тухайлбал:

 “Цуутын цагаагч гүү” хэмээх үлгэрт эх нь үхэхийн өмнө цолмон цоохор унагандаа “за хүү минь ээжийнхээ хүүрэн дээр гурван жил болоод ирээрэй” хэмээн захижээ. 

Бяцхан унага нь гурван жил бололгүй очвол сэвс гүзээ хоёр байжээ, гурван жил болоод иртэл бал бурам ургачихсан байжээ” гэх мэтчилэн өгүүлсэн байдаг. 

Энэ бол аливаа юмны охь шим нь гурван жилийн дотор бүрэлддэг гэсэн санаа юм. 

Монгол хүүхэд гурван настайгаасаа морь унаж сурдаг. 

Мөн гурвын тоо нь “оюун санааны гурвал” хэмээгдэнэ. 

Монгол бөөгийн ёсонд хүний орой зулайд оршдог тэнгэрээс заяасан оюуны сүнс, сүүж аарцагт хоргоддог эцгээс заяасан ясан сүнс,  уушиг зүрхэнд хоргоддог эхээс заяасан махан сүнс гэж гол гурван  сүнс бий. 

Монгол ардын үлгэрүүдэд “гурван мөрий тавих”, “эр хүний гурван наадмаар наадах” “эцэг хааны гурван сорилыг давах” гэх мэтээр эр зориг, хүч чадал, оюун ухааны цэцэн мэргэн, бүрдэж бүтэн болохыг илэрхийлсэн байдаг. 

Тиймээс гурвын тоо нь хүчний бэлгэдэл юм.

Дөрөв: 

Монгол төр ёсны уламжлалд дөрвийн тоо чухал үүрэгтэй ажээ. 

Чингис хааны “хараа ихт дөрвөн хөлт хар сүлд” нь монгол цэргийн дайн тулаанд дайснаа ялахын бэлгэдэл болж байв. 

Зэв, Сүбээдэй, Зэлмэ, Хубилай дөрвөн дайчныг нь “эрдэнэт дөрвөн сэцэд”, “эндэлгүй дөрвөн газарч”, “харилгүй дөрвөн баатар”, “барилдсан дөрвөн худ”, “амрагаар учирсан дөрвөн анд”, “уул болсон дөрвөн хүн” гэх мэтээр Монголын нууц товчоонд магтан өгүүлж, Чингис хааны өмөг түшиг байснаар тэмдэглэжээ. 

Монголчууд “дөрвөн зүг найман зовхис” хэмээн ярьж, монгол гэрийн бат бөх байдлыг  “...төрийн дөрвөн тотготой, төмөр дөрвөн шийртэй, .. дөрвөн хөлтэй шийр шиг, дөрвөлжин зоотой морь шиг” гэх мэтээр шүлэглэн магтсан байдаг. 

Ийм учраас дөрвийн тоо нь бат бөх, найз нөхөр, түншийн бэлгэдэлтэй.

Тав: 

Тавын тоо нь анхны есөн тооны төв дундаж болдог. Өмнө, умар, баруун, зүүн, төв хэмээх ертөнцийн “таван зүг”, улаан, хар, цагаан, хөх, шар хэмээх “таван үндсэн өнгө”, гал, ус, төмөр, мод, шороо хэмээх “таван махбод” дараалан тогтсон тухай өгүүлдэг. 

Тавын тоо нь дотоод бүтцийг илэрхийлж байдаг учраас “зурхайн тоо” “дотоод тоо” хэмээн нэрлэдэг. 

Мөн “таван тансаг идээ”, Алунгоо эхийн “таван сум”, “тэгш таван хүсэл” хэмээн ярьдаг. 

Ийнхүү тавын тооны бэлгэдлийг цэгцлэн үзвэл ертөнцийн үүслийн домогт таван өнгө, таван зүг, таван махбодоор ертөнцийн дотоод бүтцийг бэлгэддэг. 

Монгол ардын үлгэр домогт хүчний бэлгэдлийг илэрхийлж байдаг. 

Тухайлбал, үлгэр домгийн эсрэг баатарын дүрд олон толгойт мангасын дүрүүд олонтаа гардаг. 

15 толгойтой атгаалжин хар мангас, 25 толгойтой хотгор хар мангас гэх мэтээр өгүүлнэ. 

Тиймээс тавын тоо нь эе эв, хүч чадал, дотоод ухааны бэлгэдэл болно.

Зургаа: 

Зөн билэг, мэдрэмжийн илэрхийлэл тоо гэх боловч монголчуудын тооны бэлгэдэл дотор зургаагийн тоог тайлан бичсэн зүйл бараг байдаггүй ажээ.

Долоо: 

Монголчууд “долоон уулын цаагуур, дов шороон доогуур, Дондог бөөгийн хаяагаар...” гэхчилэн шившдэг нь нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогдохгүй газар тонил гэсэн утгатай. Очирваанийн тухай домогт “...мангасыг очироороо шидээд нүүр нүдийг нь гэмтээж, гарыг нь хугалж, нурууг нь бэртээж долоо шархтуулан барьж авсан...” гэх буюу өөр нэгэн домогт “...ам цагаан бярууг шулмас эмгэн төмөр эдрэнгээрээ долоон хэсэг болтол тас цохисон...” гэх мэтээр бие тэнхлийг нь бүрэн доройтуулж ялан дийлсэн санааг илтгэдэг. 

Үүнээс үзвэл долоогийн тоо нь хүчин мөхөстүүлэх, унагаж доройтуулахыг илэрхийлдэг. 

Зарим домогт “бор хулын долоон хүү” гэж барс, ирвэс, муур, шилүүс,  мануул, шар шувуу, ууль энэ долоон амьтныг хэлдэг нь дорой буурайн утга биш, догшин хэрцгийн утгыг илэрхийлж байгаа ажээ. 

Монголчууд долоогийн тоогоор газар доорхи ертөнцийг илэрхийлдэг  учраас “долоо дордов”, “дордохын долоо” гэх мэт хэллэг үүссэн бололтой. 

Тийм учраас долоо нь уруудах доройтохын илэрхийлэл ажээ.

Найм: 

Наймын тоогоор ертөнцийн дунд тивийн аж амьдралыг бэлгэддэг. 

Гэгээн зүсмийн найман морийг тахил хүндэтгэлийн утгаар “жаргалын найман морь” хэмээнэ. 

“Шашны найман тахил”-аар жаргал цэнгэл, өв тэгш амьдрал ахуй, бүтэн эд эрхтэн, бүрэн хүч тэнхлийг бэлгэддэг. 

Ертөнцийн орон зайн төсөөлөл буюу найман зовхисыг илэрхийлнэ. 

Тийм учраас наймын тоо нь баяр жаргал, элбэг дэлбэг, урт удаан нас, үүрд мөнхийн бэлгэдэл болно.

Ес: 

Есийн тоо нь “олон зүйл”, “хамаг хотол” гэсэн санааг агуулдаг. 

Олон зүйл амьтныг “есөн хэлтэн”, олон хүсэл мөрөөдлийг “есөн хүсэл”, хамаг амт шимтийн манлайг “есөн амт” гэхчилэн хэлдэг. 

Монгол сургаал, үлгэр туульд “эр хүний есөн эрдэм”, “түшмэл хүний есөн эрдэм”, “Чингисийн есөн өрлөг”, “Есөн цагаан сүлд” “Есөн цагааны бэлэг” гэх мэтээр илэрхийлдэг. 

Есийн тоо нь бас ураг удмын ес болно. 

Тэмүжинийг есөн настай байхад нь Олхонуд иргэнд охин гуйхаар одож байсан, бөөгийн ёсонд есөн үеийн дотор өвгөд дээдсээс онгод ирж удам барьдаг ёс бий, бөөгийн ёсонд огторгуйд ерэн есөн тэнгэр байдаг гэх мэт. 

Хүйтний ес гэдэг нь өвлийн туйл нар буцах өдрөөс хойш наян нэг хоног байх бөгөөд балчир гурван ес, идэр гурван ес, хөгшин гурван ес гэж хуваадаг. 

Есөн цагаан бэлэгт найман цагаан морь, булган молцогтой нэг цагаан тэмээ багтдаг. 

Есөн эрдэнэ гэдэгт алт мөнгө, шүр сувд, оюу номин, тана зэс болд зэрэг хамаарна. Худалдаа наймааны алтан тоо ч гэж нэрлэдэг. 

Өсөж дэвжихийн бэлгэдэлтэй. 

Эдгээрээс үзвэл есийн тоо нь оюун ухааны хүч, сэцэн мэргэн оюун бодол, идээ ундааны охь шим, эд баялгийн эрхэм дээдийг бэлгэддэг ажээ

Холбоотой мэдээ