ОХУ-ын газрын тос тээвэрлэгчид хоригоос зайлсхийхийн тулд Монголын далбааг ашиглана
ДэлхийОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сард Украин руу "Донбассыг чөлөөлөх цэргийн тусгай ажиллагаа" нэрийн дор довтолж, дайн дэгдээснээс хойш жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд дэлхийн улс орнууд дайныг зогсоох, Оросыг дайн санхүүжүүлэх орлогогүй болгож хэлэлцээр хийх шахалт үзүүлэх үүднээс төрөл бүрийн хориг тавьсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй тул ОХУ-ын орлогын гол эх үүсвэр болсон газрын тос, хийд хориг тавьсан юм. Харин Оросын газрын тосыг тээвэрлэгч компаниуд хоригоос зайлсхийхийн тулд өөр орнуудын далбааг ашиглаж эхэлсэн талаар Eadaily мэдээлжээ.
Тодруулбал:
Карибийн тэнгисийн зүүн хэсэгт орших, Их Британийн хяналтад байдаг Сент-Китс ба Невис улс хөлөг онгоцуудын бүртгэлийг цуцалсны дараа Оросын газрын тос тээвэрлэдэг Энэтхэгийн Gatik Ship Management компани танкеруудаа өөр орнуудын далбаатай явуулах болсон гэнэ. Vesselfinder навигацийн порталын мэдээллээр, Gatik Ship Management компанийн газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх дөрвөн танкер далайд гарцгүй Монголын далбааг ашиглах болсон бол 20 гаруй танкерийг Габоны далбаатайгаар илгээж эхэлжээ.
Хоригоос зайлсхийж байгаа гэсэн шалтгаанаар энэ компанийн онгоцуудыг Сент-Китс ба Невис улсын хөлөг онгоцны бүртгэл бүртгэхээ больсон тул ийнхүү яаравчлан далбаануудыг сольжээ. Lloyd’s List-ийн мэдээллээр, Габоны далбааг ашиглах хөлөг онгоцны бүртгэлийг Арабын Нэгдсэн Эмират улсад, харин Монголынхыг Сингапурт бүртгэжээ.
Орос хоригоос зайлсхийхэд нь туслах зорилгоор байгуулагдсан компани
Энэтхэгийн Gatik Ship Management компани байгуулагдаад жилийн ч нүүр үзээгүй, гэсэн ч ихэвчлэн Оросын ачаануудыг зөөх 50 гаруй танкерийг явуулахын тулд 1,4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Ройтерс, NBC зэрэг олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, ОХУ Украинд дайн эхлүүлж, улмаар Оросын түүхий эдэд барууныхан хориг хязгаарлалт тавьсны дараа Оросын ачааг тээвэрлэх шинэ компаниул гарч эхэлсэн гэнэ. Эдгээрийг эзэмшигчид нь АНУ, Европын холбооны хоригоос зайлсхийж, шинэ зах зээл рүү логистикоо чиглүүлсэн Оросын компаниудтай шууд болон шууд бус байдлаар холбоотой гэж шинжээчид үзэж байгаа юм.
Оросын газрын тос хоригт орсон нь
Барууныхан Оросыг олон жилийн хөгжлөөр ухрааж, дэлхийн хоёрдугаар дайнаас хойших Европ дахь хамгийн том байлдааны ажиллагааг санхүүжүүлэхэд нь саад болох үүднээс түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээг тавьсаар байгаа юм. АНУ болон бусад хөгжингүй орнууд Оросын газрын тос, хийн, нүүрс худалдан авахаас татгалзсан ч Оросын энэ түүхий эдээс Европын ихэнх орон ихэхээн хамааралтай тул Оросоос энэ төрлийн бүтээгдэхүүн огт авахгүй байх боломж бүрдэхгүй байв.
Харин Европын холбоо Оросын газрын тосонд хориг тавих шийдвэрийг өнгөрсөн оны тавдугаар сард гаргаж байлаа. Энэ нь Орост хүндхэн цохилт өгөхөөр алхам болно гэж шинжээчид үзэж байсан бөгөөд учир нь газрын тос хийн салбар Оросын төсвийн орлогын тал хувийг, экспортын талаас илүү хувийг бүрдүүлдэг юм.
Улмаар өнгөрсөн онд Орос газрын тос, нүүрс, бусад түүхий эдийн гадаад зах зээлээ алдаж, шинэ зах зээл хайх шаардлагатай болсон. Өмнө нь ОХУ газрын тосоо олон орон руу экспортлодог болсон бол дайн эхлүүлж, хоригт орсноор гагцхүү Хятад, Энэтхэг рүү л газрын тосоо нийлүүлж, энэ оны гуравдугаар сард гэхэд газрын тосны нийлүүлэлтийн 91 хувь нь энэ хоёр орныг чиглэжээ. Ийнхүү Хятад, Энэтхэг рүү газрын тос нийлүүлэхдээ хямдралтай үнээр нийлүүлж байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм.