Тэрбумтнуудын 17 дадал
Сонин ХачинЗохиолч Томас Корли нь бор зүрхээрээ зүтгэн баяжсан долларын 177 тэрбумтны дадал зуршлыг судалж үзээд нэгэн сонирхолтой зүйл ажиглажээ. Хөрөнгө өвлөөгүй, хулгай хийгээгүй, авлига өгөлгүйгээр тэрбумтан болсон энэ олон хүн бүгд хоорондоо ялгаатай. Гэвч өдөр тутам дагаж мөрддөг дадал зуршил нь адил төстэй байжээ. Ингээд уншигч танд тэрбумтнуудын 17 дадал зуршлыг танилцуулъя.
- Тогтмол ном уншдаг
Тэрбумтнууд нь өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, шинэ мэдлэг, шинэ чадвар олж авах, шинэ боломж нээхийн тулд өдөрт хамгийн багадаа 30 минут ном уншихад зарцуулдаг байна. Тэдний 88 хувь нь ингэж тогтмол шинэ ном уншдаг. Тэдний унших дуртай сэдэв нь амжилтад хүрсэн, алдартай бөгөөд баян хүмүүсийн намтар, хувь хүнийг хөгжүүлэх тухай ном ба гарын авлага, түүхийн ном гэнэ.
2.Биеийн тамир
Баячуудын 76 хувь нь өдөрт хамгийн багадаа 30 минут биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийдэг. Тэд гүйх, спорт алхаа, ууланд алхах, дугуй унах гэх мэт зүрх судасны системийг хөгжүүлж, дэмждэг дасгал хийдэг байна. Өөрөөр хэлбэл кардио хийдэг. Харин кардио нь бие махбодийг төдийгүй тархины мэдрэлийн эсүүдийг нөхөн сэргээж байдаг. Түүнчлэн биеийн тамирын дасгал нь глюкозын ялгаралтыг нэмэгдүүлдэг. Харин глюкоз бол тархины түлш. Тархийг хэдий чинээ сайн түлшээр хангана, тэр хэмжээгээр та ухаантай, сэргэлэн байх болно.
- Амжилтад хүрсэн хүмүүстэй харилцах
Таны харилцаж байгаа хүмүүс хэдий чинээ амжилттай, хийморьтой байна тэр хэмжээгээр та ч амжилт, хийморьтой байна гэсэн зарчим энд үйлчилдэг. Тиймээс ямагт тууштай, өөдрөг, эрч хүчтэй, эерэг сэтгэлгээтэй хүмүүсийг эрэлхийлж байдаг. Харин атаархуу, гутранги, арчаагүй хүмүүсээс зайлсхийж бас сурах хэрэгтэй байдаг аж. Ийм хүмүүсийн өөнтөглөсөн шүүмжлэл, дургүйцэл нь амжилтын үүдийг хаадаг гэдгийг баян хүмүүс мэддэг байна.
- Өглөг буяны ажилд оролцох
Өөдрөг, дайчин хүмүүсийн дунд байхын тулд тэрбумтнууд өглөг буяны ажлыг байнга хийдэг. Тийм учраас баячууд олон нийтийн байгууллагуудад сайн дураар, үнэ төлбөргүй ажиллах нь түгээмэл үзэгдэл. Ингэснээр өөртэйгөө адил тууштай, дайчин хүмүүстэй танилцан, танилын хүрээгээ эергээр тэлж байдаг. Саятнуудын 72 хувь нь өглөг буяны сайн дурын ажилд сардаа хамгийн багаар бодож таван цагийг зарцуулдаг аж.
- Мөрөөдлөө тодорхойлох
Мөрөөдөл, төсөөлөлдөө амьдрал чинь ямаршуу байдлаар өрнөж байхыг байнга төсөөлөн, мөрөөдлөө улам бүр тодорхойлох замаар өөрийгөө ирлэж, хурцалж байх хэрэгтэй. Үүний тулд мөрөөдөж ирсэн бүх зорилгодоо хүрч байгаагаар төсөөлөөд хэрхэн ямар замаар хүрч байгаагаа цаасан дээр буулган бичих. Судалгаанд хамрагдсан саятнуудын 61 хувь нь мөрөөдлөө тодорхойлон төсөөлөх энэхүү нууц аргыг ашиглан өөрийгөө хурцалж, ирлэж байдаг гэдгээ хэлжээ.
- Өрөөлийн бус өөрийн зорилгыг хөөх
Зөвхөн өөрийн зорилго, хүслийг биелүүлэхээр санаа шулуудан зүтгэх нь амжилтад хүрэх боломж олгодог аж. Гэтэл зарим хүн аав эсвэл ээжийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө гэж хайран цаг, хүчээ дэмий тарамддаг. Баяжиж чадсан хүмүүс өөрийнхөө зорилгод өөрийн хүчээр хүрэхэд л анхаардаг. Ингэснээр хийж байгаа ажлаасаа таашаал авдаг юм. Харин таашаал нь саад бэрхшээлийг давах эрч хүчээр хангаж байдаг.
- Хоногт 7-өөс цөөнгүй цаг унтах
Өдөрт зарцуулсан эрч хүчээ нөхөхөд бүтэн нойр хамгийн чухал. Судалгаад хамрагдсан баячуулын 89 хувь нь хоногт багаар бодож 7 цаг заавал унтдаг байна. Эрүүл, хэвийн нойр нь эрч хүчийг нөхөөд зогсохгүй ой санамжийг сайжруулж, дархлааг бэхжүүлдэг.
- Эртэч байх
Тэрбумтнуудын дийлэнх нь хамгийн багадаа ажлын цаг эхлэхээс гурван цагийн өмнө сэрдэг гэнэ. Ингэснээр тэд замын түгжээ гэх мэт таагүй зүйлсээс зайлсхийж чаддаг. Замын түгжээнээс болж уулзалтаас хоцрох гэх мэтээр цаг алдах нь хүн амьдралаа өөрөө бүрэн хянаж чаддаггүй гэсэн үг юм. Энэ нь олон удаа давтагдаад ирэхээр сэтгэл санаа, урагшлах хүсэл эрмэлзэлд сөргөөр нөлөөлж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл сэтгэлд асах түүдэг дээр тасралтгүй ус дусаасаар унтрааж, бөхөөх аюултай. Иймд нэг өдөр амжуулах ёстой гурван гол ажлаа хийхийн тулд өглөө эрт босох нь амьдралаа бүрэн хяналтадаа авч байна гэсэн мэдрэмжийг сэргээж, өөртөө илүү итгэлтэй болгодог байна шүү.
- Орлогын олон эх үүсвэртэй байх
Өөрийн хичээл зүтгэлээр баяжсан хүмүүс цор ганц эх үүсвэрт өөрийгөө даатгана гэж байдаггүй. Тэд мөнгөний хэд хэдэн эх сурвалжтай байхыг хичээдэг. Бор зүрхээрээ саятан болсон хүмүүсийн 65 хувь нь анхны саяыг олохоосоо өмнө хамгийн багадаа мөнгөний гурван эх сурвалжтай байсан байдаг. Жишээлбэл, үл хөдлөх хөрөнгө түрээслэх, хөрөнгийн бирж дээр хувьцааны наймаа хийх, өөр бизнест хэсэгчлэн хөрөнгө оруулалт хийх гэсэн гурван эх үүсвэртэй байж болно.
- Ухаантай хүний үгийг сонсдог байх
Тэд ухаантай хүмүүсийг эрэлхийлэн уулзаж, тэдний үг, ажиглалтыг анхааралтай сонсож чаддаг. Ийм менторууд нь амьдралын туршлагаасаа хуваалцах, хийгээд дэмий зүйлсийн талаар анхааруулах, эерэг нөлөө үзүүлэх гэсэн олон чухал зүйлээр дэмжиж байдаг.
- Бусдыг амжилтад хүрэхэд тусладаг байх
Амжилтад хүрэхээр тэмүүлж байгаа бусад хүмүүст туслах нь өөрт чинь ч амжилтад хүрэхэд дэм өгөх болно. Санаа нийлсэн хүмүүсийн чадварлаг баг байгуулах шилдэг арга бол өөртэй чинь адил амбицтай, зориг зүрхтэй бусад хүмүүст туслах явдал.
- Тууштай эерэг байх
Амьдралыг эерэг байдлаар хүлээж авдаг хүмүүс л урт хугацаандаа амжилтад хүрч чаддаг. Бүх тэрбумтнууд нь эерэг зантай. Иймд өөрийн зан байдал, ааш аягийг ухамсарлан ялгаж сурах хэрэгтэй. Ингэснээр сөрөг, таагүй, гутранги зангаа таягдан хаяж, эергээр дайчин сэтгэж сурах хэрэгтэй.
- Олонхыг дагаж салбаганахгүй байх
Хүн байгалиасаа олонхоо дагаж, олонхтой адил байх гэсэн хандлагатай байдаг. Эрт балар цагт хүн ганцаар байвал амьд гарч чаддаггүй, амьд үлдэхийн тулд сүрэглэн амьдардаг байснаас үлдсэн зүйл. Гэтэл орчин үеийн соёлт, боловсролт хүн амжилтад хүрэхийн тулд хэзээ ч бусдын ая талыг харгалзан, олонхыг дагаж салбаганадаг байх ёсгүй. Үгүй бол хэзээ ч амжилтад хүрэхгүй. Иймд баячууд өөрсдөө баг бий болгож, бий болгосон багийнхаа амин зүрх нь байж, бусдыг араасаа дагуулснаар тэрбумтан болдог.
- Ёс зүйтэй байх
Өөрийн хүчээр саятан болсон хүмүүс маш ёс зүйтэй байдаг. Жишээлбэл, бизнес хамтрагчдадаа төрсөн өдөр, баяр ёслол гэх мэт чухал өдрөөр баяр хүргэж мэндчилгээ явуулдаг байна. Уулзалт болзоонд хэзээ ч хоцордоггүй. Ширээний ард биеэ зөв авч явж, оролцож байгаа арга хэмжээндээ тохируулаад цэвэрхэн хувцасладаг байх гэх мэт жижиг гэлтгүй зүйлсийг анхаардаг байна.
- Эргэцүүлж, буяалгахад өдөрт 15-30 минут зарцуулдаг байх
Эргэцүүлэн бодох, бясалгах нь амжилтад хүрэх замыг заадаг. Тэд өдөрт багадаа 15 минутыг бодол санаагаа цэгцлэх, орчин тойрныхоо үйл явдлыг бясалгахад зарцуулдаг аж. Ингэж өдөр болгон 15-30 минут цор ганцаар суун санхүү хадгаламжаас эхлээд хүүхдийн хүмүүжил хүртэл бүх л сэдвээр “Brain Attack” хийдэг нь тэрбумтнуудын нэг онцгой дадал аж.
- Эргэх холбоотой байх
Эргэх холбоо нь зөв замаар яваа гэдгээ ойлгох хамгийн сайн арга. Эргэх холбоо буюу хийсэн үйлдлийнхээ талаар бусдын байр суурь, шүүмжийг сонсох чадвар юм. Өсөх дэгжих, өргөжин тэлэхэд бусдын шүүмж, магтаал, хариу сэтгэгдэл маш чухал.
- Хэзээ ч бүү бууж өг
Тэрбумтнуудын 30 хувь нь бизнес хийж байгаад шатаж юу ч үгүй хоцорч байсан ч бууж өгөлгүй ахин шинээр эхэлж байжээ. Саад бэрхшээлийг давж гараад, ахиад хөл дээрээ босох хүсэл эрмэлзэл байсан цагт амжилтад хүрнэ