Оросын дуунаас хурдан зэвсгийг зохион бүтээсэн эрдэмтний шүүх хурал Санкт Петербург хотод эхэлжээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2023-06-05 18:48:38

Оросын дуунаас хурдан зэвсгийг зохион бүтээсэн эрдэмтний шүүх хурал өнгөрсөн долоо хоногт эхэлжээ.

Пүрэв гарагт Анатолий Масловын шүүх хурал Санкт Петербург хотод эхэлсэн байна. Маслов нь орчин үеийн зэвсгийн технологийг гадаад улс оронд дамжуулсан хэрэгт сэжиглэгдэж буй гурван эрдэмтний нэг юм.

Шүүх хурлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтээс тусгаарлан “маш нууц” горимд зохион байгуулж байгаа гэнэ.

Эх сурвалжуудын мэдээлснээр өнгөрсөн оны зургадугаар сард баривчлагдсанаасаа хойш хоёр удаа зүрхний шигдээсээр өвдсөн 76 настай Масловын биеийн байдал муу байгаа юм байна.

Тэрбээр Новосибирск хотын Христиановичийн нэрэмжит Онолын болон Хэрэглээний Механикийн Судалгааны Хүрээлэнгийн профессор юм.

Тус хүрээлэнгийн судлаачид өнгөрсөн сарын 15-ны өдөр баривчлагдсан гурван эрдэмтнийг өмгөөлсөн утга агуулгатай ил захидлыг засгийн газартаа хандан бичиж байв.

Баривчлагдсан гурван эрдэмтэн эх орноосоо урвасан байж болзошгүй маш ноцтой хэрэгт сэжиглэгдэж буйг тухайн үед Кремлийн хэвлэлийн алба мэдээлж байжээ.

Зарим нэг эх сурвалжийн мэдээлснээр Маслов дуунаас хурдан зэвсгийн технологийн нууцыг Хятадын талд дамжуулсан байж болзошгүй гэнэ.

Масловыг баривчилсны дараа хуучин КГБ-ын мөрдөн байцаах газар байсан Москвагийн ойролцоох Лефортовогийн шоронд хорьж байжээ. Сүүлд шүүх хурал болох Санкт Петербургийн шоронд шилжүүлсэн байна.

Украины дайн эхэлснээс хойш Оросын эрх баригчид төр засгийн эсрэг гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгаж эхлээд байгаа.

Энэ оны дөрөвдүгээр сард Оросын парламент эх орноосоо урвасан хэрэгт оноох шийтгэлийг 20 жилээс бүх насаар хорих ял болгон нэмэгдүүлэх хуулийн төслийг баталсан юм.

 

Эх сурвалж: Aljazeera


Холбоотой мэдээ