Төсөв нь батлагдсан ч Тайгам Алтай ХХК газар чөлөөлөөгүйгээс 3000 хүүхэд сургуульгүй байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-06-12 14:38:28

Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд байрладаг Алтай хотхоны оршин суугчид цуглаан хийж, “Тайгам Алтай” компаниас сургууль, цэцэрлэгийн газрыг чөлөөлөхийг шаардлаа.

Тус хотхон 10 000 гаруй мянган оршин суугчтай, сургуулийн насны 3000 хүүхэдтэй аж.

Гэвч өнөөдрийг хүртэл сургууль, цэцэрлэг бариагүйгээс болж, 3000 хүүхдийн сурах эрх зөрчигдөж буйг оршин суугчид хэлж байна.

10 000 гаруй оршин суугчтай Алтай хотхон сургууль бариагүйгээс болж хүүхдүүд гурван километр эрсдэлтэй замаар явж, 141, 79 дүгээр сургуульд суралцдаг байна.

Гэвч тухайн сургуулиудын хүчин чадал хэтэрч, нэг ширээнд гурван хүүхэд суудаг болсноор тус хотхоны хүүхдүүдийг авахгүй боломжгүйгээ мэдэгдэж эхэлжээ.

Тиймээс Алтай хотхоны оршин суугчид Тайгам Алтай компанийн захирал Ц.Даваасүрэнг ирж, сургууль, цэцэрлэгийн газрыг шийдэж өгөхийг шаардаж байна.

Шийдээгүй тохиолдолд хотхоны орчимд ямар ч барилга, байшин бариулахгүйгээ мэдэгдлээ.

Алтай хотхон ашиглалтад ороод 13 жил болж байгаа ч сургууль, цэцэрлэггүй өнөөдрийг хүрчээ.


УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Нэг ч мкв ногоон байгууламжгүй, хүүхдийн талбайгүй хотхон. Үлдсэн жаахан газарт нь орон сууц, зочид буудал барина гэж байна.

Уг нь сургууль барина гэж хотхоны төсөл хэрэгжүүлэгч компанитай тохирсон.

Эргээд харангуут сургууль, цэцэрлэг биш орон сууц, зочид буудал болсон байна.

Сарын өмнө БШУЯ, нийслэл, Тайгам Алтай компанитай уулзалт хийсэн. Өнөөдөр бид 3000 хүний гарын үсэг цуглуулсан байна.

Дараагийн уулзалтыг Улаанбаатар хотын захирагчтай хийнэ.

Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд 640 хүүхдийн сургууль барихаар БШУЯ-нд төсөв нь тавигдсан.

Газрын асуудлыг шийдээгүйгээс болоод жил бүр хойшилдог" гэдгийг хэлж байна.

Хотын стандартаар 1000 хүн ам тутамд 200 хүүхдийн сургууль байх ёстой.

16 000 хүн амтай энэ хотхонд 3200 хүүхдийн сургууль байх ёстой.

Мөн энэ хотхоны 30 хувь нь ногоон байгууламж байх ёстой аж. 

Сургуулийн газар чөлөөлөхгүй байгаа Тайгам Алтай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах асуудлыг тавина гэдгээ Х.Ганхуяг гишүүн хэлж байна.

Ингэснээр тухайн газарт улсын мөнгөөр сургууль барих боломж бүрдэнэ гэв. 


Холбоотой мэдээ