Эмүжин. Гурав ба дөрөв дэх Оюунхорол хэрэггүй.
НийгэмГурав ба дөрөв дэх Оюунхорол хэрэггүй.
Эмэгтэй улстөрчдийг ширээний чимэг, намын энгэрийн зүүлт, уулзалт цуглааны гоёл хэмээн үздэг нэгэн үе улирч байна. Энгэрийн зүүлт, ээмэгний шигтгээ байх уу, эрчүүдтэй эн тэнцүү өрсөлддөг, энэ улсын нийт хүн амын 51 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийн зүй ёсны төлөөлөл байх уу гэдэг өөр асуудал. Яг одоогийн баримталж байгаа арга барил, улс төрд бий болсон улигт бүлэглэл, холбоодын талаас нь харах юм бол эмэгтэй манлайлагч төрөх боломжгүй. Тухайлбал УИХ-д хөл тавимагцаа Парламентийн эмэгтэй гишүүдийн холбоо гэхчлэнгээр дамжин, эмэгтэй гэдэг фигуртээ гол ач холбогдол өгч эхэлдэг, энэ бүлэглэл, холбоодоороо дамжуулан аливаа арга хэмжээнд бөөнөөрөө дээлийн өнгө, хормойн урт богиноо намируулан зүтгүүлдэг бичигдээгүй хөгийн дүрэм нь өөрөө хамгийн сул арга, сулбагар байр сууринд тэднийг хүссэн ч, хүсээгүй ч аваачдаг. Эмэгтэй парламентчдын холбоо, Намын эмэгтэй гишүүдийн холбоо...гэхчлэн олон нэр хоч, нэмэргүй хүн сүрэгтэй. Тэр сүргээ толгойлдог архаг гишүүд нь шинэ залуу бүсгүйчүүдээрээ нүүр хийдэг хообийтой гээд шулуухан хэлчихье. Намын дарга нь тэрхүү сүргийн бөөгнөрлийг хамгийн түрүүнд эмэгтэй талаас нь л ашиглах гэж улайрдаг, гараад жагс, хэвлэлийн бага хурал хий...гэхчлэн дохиж зангана. Гэтэл үнэндээ Их Британийн анхны эмэгтэй Ерөнхий сайд М.Тетчер, АНУ-ын анхны эмэгтэй төрийн нарийн бичгийн дарга К.Райс, Хорватын Ерөнхийлөгч асан Колинда Грабар, Украины Тимошенко нар эмэгтэй хэмээх хүйсээ өмнөө бариад, өөрийгөө бүсгүй хүн гэж зарлаад, түүгээрээ ажлаа урагшлуулдаг хүмүүс байгаагүй. Их Британийн саяхны эмэгтэй Ерөнхий сайд асан Лиз Трасс гэхэд 45-хан хоног энэ албыг хашаад буухдаа "Намайг эмэгтэй учраас авч шидлээ" гэж гоншигоноогүй шүү дээ. Монголын эмэгтэй улстөрчдөөс сүргийн ялгаралыг голчлолгүйгээр асуудлаа тодотгож чаддаг байсан улстөрчид гэвэл Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, тунхаг бичиг зэргийг санаачлан боловсруулсан М.Батчимэг асан, Тамхины хууль батлуулсан Л.Эрдэнэчимэг, УИХ-ын даргын зөвлөх асан Т.Ганди, гишүүн асан Д.Мөнхөө, эдийн засагч З.Нарантуяа, Тавантолгой болон стратегийн орд газруудаар байр сууриа тууштай илэрхийлж, Монголын эрх ашгийг үргэлж зарлаж ирсэн Ц.Гарамжав, Москвад хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөг Монголын зүг нүүлгэсэн С.Одонтуяа, одоогийн ГХ-ны сайд Батцэцэг нарын хэдхэн хүнийг өнгөрсөн 30 жилээс шүүрдэж болно. Тэдний хэнд нь ч ардаа баахан эмэгтэй жагсаачихаад, эмгэнэл юм уу ерөөл магтаал уншаад байх шаардлага байгаагүй. Тэгвэл нөгөө талд нь парламент дахь эмэгтэйчүүдийг ЭМЭГТЭЙ хэмээх торон хашлага руу чирч, түүнийгээ өмчилж ирсэн Оюунхорол нарыг дурдаж болно. Араас нь Сарангэрэл хоёрдугаар Оюунхоролоор тодорсон. Тэд өөрсөддөө бүх албан тушаалыг авч, гурав, дөрвөн давхар дээлтэй болохоос ердөө ч ичиж байгаагүй. Үлгэрийн эмгэн шулам шиг зан гаргасан даа. Тийм л эмэгтэйчүүдийг аль болох олноор нь шийдвэр гаргах төвшинд ажиллуулмаар байсан юм бол яах гээд өөрөө дарга сайд болчихоод зөвхөн өөртөө өчнөөн албан тушаал овоолоод аваад байдаг нь ойлгомжгүй. МАН эдүгээ гурав, дөрөв дэх Оюунхоролоор Булгантуяаг зүтгүүлж байх шиг байна. Тийм биш юм аа, наад нам доторх тогтолцоогоо эвдээгүй цагт эмэгтэйчүүд урагшаа түрж гарч ирэх боломжгүй. Ганц гайгүй гэгдэж байгаа Булгантуяагаа оюунхоролмаа болгочих юм бол ямар хэрэг байна аа? Бөөнөөрөө зогсоод бүлтэлзээд байдаг хэдэн эмэгтэйн хээлж будсан уруул, хэлдэг үгийг бид мэднэ шүү дээ. Монголын улс төрд гурав, дөрөв, тав дахь Оюунхоролууд ерөөс хэрэггүй. Эмэгтэйчүүдэд зориулсан, эсвэл эмэгтэйчүүд өөрсдөө албан тушаал ахих арга болгон байгуулсан, хүйсийн ялгаатай холбоод нэгдлээ задалж, эрчүүдийнхээ дунд орж, эн тэнцүү үзэлцэж, зэрэгцэн өрсөлдөж байж эмэгтэй лидер гарч ирнэ. Бид Номин гэдэг тавиул хүүхэлдэйг, Ариунзаяа гэдэг ариутгагчийг хангалттай мэднэ. Эмэгтэйчүүд өөрсөддөө "Би эмэгтэй" гэдэг шошго хаягтай үзэл санааны шорон бий болгодог. Тэр шорон дотроосоо хашгираад байдаг. Тэр шоронгийн даргаар Оюунхоролтонгууд тодорчихоод эмэгтэй гэдэг тодотголыг ашиглахаа л боддог, ашигласаар ч ирсэн. Энэ хачин хуульчлаагүй ч хууль мэт тогтсон солиотой загвараа л эвдмээр байна. Юун гадагшаа эрчүүдтэй их улс төрд өрсөлдөх, дотооддоо, нөгөө эмэгтэйчүүдийн үзэл санааны шоронгийнхоо дарга цэрэг болох гэж үзэлцсээр байгаад таардаг. Дахин хэлье, М.Тетчер Их Британийн Ерөнхий сайдаар 11 жил ажиллахдаа "Би эмэгтэй" гэж ганц удаа гоншигонож байгаагүй юм шүү! Хорватын Ерөнхийлөгч асан Колинда Грабар хөлбөмбөгийн багаа дэмжээд усан бороонд шүхэргүй зогсож байхдаа ч, усны хувцастай, галбир гэж мисс цаашаа зураг нь дэлхийгээр нэг тарчихаад байхад ч "Би эмэгтэй" гэж тунирхаагүй, үүнийг сана! Тэднийг улсаа удирдахад эмэгтэйчүүдийн квот нөлөөлсөн үү, би бол үгүй гэж хэлнэ. Квотоо нэмээд, квотоор гарч ирсэн гишүүдээ хар даа, тэгээд шийд. Өөрөө өөрсдийгөө хүйсээр ялгаад зарлаад, бөөгнөөд, бүлгэрхээд байхаар чинь өрөөл бусад ялгахгүй яахав дээ.