Ерөнхий сайдын Хятадын айлчлал ба ойлголцлын зааг дахь СЭРГЭЛТ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2023-06-15 02:07:48

Ерөнхий сайдын “урд айл”-д хийх айлчлалын тов гарчээ. Харин хоёр орны Засгийн газар хооронд хэлэлцэж тохирсон хугацааг одоогоор нийтэд зарлах болоогүй аж. Мэдээж Монголын Ерөнхий сайдын Хятадад хийх айлчлалыг биднээс дутуугүй сонирхож буй гадна, дотны олон хүчин зүйл бий. Энэ хэрээрээ багагүй хүлээлт дор энэ удаагийн айлчлал өрнөх бололтой. Товчхондоо энэ удаагийн айлчлалыг ойлголцол, ажил хэргийн шийдлийн зааг дахь СЭРГЭЛТ гэж тодорхойлж болох юм. Яагаад гэвэл бид яг 10 жилийн өмнө ойлголцлын заагаа алдаж, төмөр замгүй, хөгжилгүй, мөнгөгүй, хий хоосон утгагүй үзэн ядалт дунд 10 жил “хөөсөрсөн” түүх бий.

Ер нь Ерөнхий сайдын өнгөрсөн хугацаанд гадагшаа чиглэсэн бодлогын маршрутыг дараах инфографикаас харж болно.


Шинээр томилогдсон Ерөнхий сайд бүр хоёр хөршөөсөө айлчлалын гараагаа эхлүүлдэг. Л.Оюун-Эрдэнэ ч Монголын онцлогтой энэ геополитикоос гажаагүй. 2022 оны өвөл Бээжинг цар тахлаасаа бүрэн өндийж амжаагүй, дэлхийн нийтийн шүүмжлэлт хандлага тасраагүй байхад “Олимп, улс төрөөс ангид байх ёстой. Олимпын бүх арга хэмжээнд оролцоно” гэж олимпын нээлтэд оролцохоо мэдэгдсэн анхны гадаадын төрийн өндөр албан тушаалтан болж байв.

Тэгвэл энэ удаагийн айлчлал Бээжинд болсон яриа хэлэлцээрүүдийг албажуулах, иж бүрэн стратегийн түншлэлийн агуулгыг баяжуулах чиглэлд өрнөнө. Далайд гарцгүй, хойд урд хөршөөсөө экспорт, импортын хараат, үйлдвэрлэгч бус хэрэглэгч манайх шиг улсад сайн хөрш байхаас өөр сонголт үгүй. Мэдээж дэлхийн геополитик угаас “ханцуйндаа тонгорог”-той өрнөдөг юм хойно санаа уралдуулах зүйл байлгүй л яахав. Гэхдээ Хятад бол бидний хөгжих боломж, ядаж л нүүрсээ хэл амгүй зарж тав, гурван цаастай болох боломж гэдгийг одоо эрүүл ухаанаар хүлээн зөвшөөрөх цаг нь хангалттай болсон.

Тиймээс энэ удаагийн айлчлалаас багагүй үр дүн хүлээгдэж буй гээд байгаа юм. Одоогоор хоёр тал ямар асуудлуудыг Бээжинд эцэслэж нь тодорхойгүй байгаа ч дараах чиглэлүүдэд асуудал яригдах байх гэсэн таамагтай байна.

Нэг. Гашуунсухайтын терминал ба боомтын сэргэлтийг эрчимжүүлж экспортоо нэмэгдүүлэх

Төмөр замгүй 10 жил, төмөр замтай ч тээвэр хийж чадахгүй багагүй хугацааг бид үдлээ. Яаравчлахгүй бол нүүрс үнс болж, Монгол “жалгандаа” үлдэж мэдэх нь. Бээжинд яригдсан хэлэлцлийн дагуу хил холболтын огтлолцлыг тохирч, терминал барих ажлыг эхлүүлсэн. Тэгвэл энэ удаагийн айлчлалаас хүлээх хамгийн чухал дүн нь боомтын сэргэлтийг эрчимжүүлэх явдал юм. Гашуунсухайтын терминал ашиглалтад орсноор нүүрс тээврийн орон зай нэмэгдэж, экспорт тодорхой хувиар өсөх юм. Бид нүүрсээ үнэ цэнээ бүрэн алдаагүй дээр нь аль болох ахиухан гаргах ёстой. Тэр хэрээрээ ашигтай гэсэн үг. Өөрөөр хэлбэл, түгжигдсэн боомтууд, царцсан бүсүүдээ сэргээх нэн чухал хэлцэл өрнөх байх гэсэн хүлээлт байна.

Хоёр. Хот төлөвлөлт

Бид угаасаа л гуйдаг, царай алддаг. Үнэнээ хүлээн зөвшөөрөхөөс өөр яалтай билээ. Улаанбаатар хотод тулгамдаад буй асуудлуудыг тоолж барахгүй. Сэтгэлгүй, зүтгэлгүй, хариуцлагагүй 30 жилийн үр дүнд хот бүхэлдээ асуудал болж, статус нь хүртэл тодорхойгүй асуудал үүсгэж буйг ясандаа тултал ойлгож байна. Асуудлыг шийдвэрлэхэд нэн түрүүнд хоёр зүйл хэрэгтэй. Эхнийх нь хотод өгөх эрх мэдэл. Энэ ч яахав, бидний дотоод асуудал. Хоёр дахь нь хөрөнгө санхүү. Тэгвэл энэ удаагийн айлчлалын гол пойнтуудын нэг нь хот төлөвлөлттэй холбоотой асуудлууд байх болов уу. Өнгөрсөн хугацаанд LRT-гээс эхлээд олон гүүр, зам, ногоон байгууламжийн ажлуудад Хятадын тал хөрөнгө оруулалт хийх яриа хэлцэл өрнөсөн. Магадгүй таагүй сонсогдож болох ч, тэдэнд мөнгө байна, бидэнд асуудал байна. Тиймээс хөршийнхөө тусыг хотын асуудлууд дээрээ авах нь зөв шийдэл.

Гурав. Цөлжилт ба тэрбум мод

Монголын цөлжилт, экологийн асуудал Бээжингийн асуудал болж эхэлсэн талаар өнгөрсөн хугацаанд багагүй мэдээлэл гарсан. Бээжинд хүрдэг шороон шуурга, агаарын бохирдлыг Монголоос ирсэн. Монголын энэ асуудлыг анхаарах шаардлагатай гэх яриа урд хөршид гараад багагүй хугацаа өнгөрч буй гэдэг. Тэгвэл ахиад л асуудал нь бидэнд байна. Тэдэнд шийдэл нь байж магадгүй. Мөн цөлжилтийг бууруулах, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”-ыг Хятадын тал дэмжихээ олимпын үеэр Ерөнхий сайд нь амласан. Энэ удаад уг амлалтыг ажил хэрэг болгох байх. “Тэрбум мод” хөтөлбөр тэгсгээд өнгөрдөг лоозон болж болохгүй.

Дөрөв. Эрчим хүч, нефтийн үйлдвэр, бүтээгдэхүүн хуваах гэрээ

Өнгөрсөн өвлийг монголчууд Б.Чойжилсүрэн сайдын ёстой л “хар ухаан”-ы хүчээр нь аргалж давсан. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй эрчим хүчний асуудлыг бид шийдэхийн тулд Хятадын талтай ярилцахаас, туслалцааг нь авахаас өөр аргагүй байгаа. Засгийн газрын зорьж буй томоохон эрчим хүчний төслүүдийн явц удаашралтай байгаа тул бид сэргээгдэх эрчим хүч болон бусад чиглэлд хамтарч ажиллах нэн шаардлагатай байгаа. Ер нь бол тун удахгүй Чойжоо сайдын арга дуусах нь ойлгомжтой. Түүний хэлснээр мэдээж удахгүй намар болно. Араас нь өвөл болно. Тэгээд эрчим хүчний асуудал босно. Тиймээс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцаас эхлээд Таван толгой цахилгаан станц зэрэг эрчим хүчний томоохон төслүүдээ энэ удаагийн айлчлалаар урагшлуулах, явцыг нь хурдлуулах найдлагыг тавьж, хүлээж сууя. Энэ чиглэлд багагүй яриа хэлэлцэл өрнөх байх. Мөн үеийн үед яригддаг бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар тодорхой яриа хэлэлцэл өрнөх төлөвтэй байна.

Эцэст нь цахилгаан машин

Хятад улс цахилгаан машины үйлдвэрлэлээрээ Германыг гүйцсэн. Урд хөрш цахилгаан машинд нэн шаардлагатай түүхий эдүүдийн нэг болох газрын ховор элементийн томоохон нөөцтэй орон. Байгальд ээлтэй цахилгаан машин, технологийн чиглэлд Хятад ойрын ирээдүйд дэлхийд хаанчлахыг илтэд хүсэж буй. Тиймээс Ерөнхий сайдын айлчлалын нэг хэсэг нь цахилгаан машины хөнгөлөлттэй нөхцөл бүхий импорт болон газрын ховор элементээ урагшаа гаргах асуудлаар тохиролцох явдал юм. Газрын баялаг ургахгүй. Тиймээс ирээдүйд цахилгаан машин, техникийн хөгжил нь улам бүр урагшлах нь ойлгомжтой тэдэнд манайхаас түүхий эдээ бага ч гэсэн авах нь ашигтай. Герман, Австрали руу гаргадаг газрын ховор элементийн экспорт дээрээ хязгаар тогтоосон Хятадуудад манай нөөц хямд бөгөөд, чамлахааргүй гэдэг нь таалагдана. Товчхондоо, бид нүүрснээс гадна өөр үнэ хүрэх байгалийн баялгаа урд хөршдөө нийлүүлэх гарцыг эрэлхийлэх хэрэгтэй.

Айлчлалын нарийн товоо ил болгоогүй Ерөнхий сайдын айлчлалаас товчхондоо эдгээр тэргүүтэй олон чухал асуудлуудыг шийдвэрлэж, ажил хэрэг болгоно гэдэг хүлээлттэй байна. Хамгийн чухал нь боомтуудын сэргэлтийг эрчимжүүлж, нүүрс тээврийг 50 сая тонн болгох гарцыг нээх явдал юм. Мөн нуулгүй хэлэхэд Богдын асуудалд урд хөрш тийм ч сайхан хандлага үзүүлэхгүй байгаа нь үнэн. Хилээ хаагаагүйд нь төсөв санхүүтэй зууралддаг болгон талархаж суугаа байх. Гаднаа ил гаргахгүй ч дотроо бол тэд “уугиж” л яваа. Тиймээс энэ удаагийн айлчлал ажил хэргийг гацаанаас гаргахаас гадна шашин нь төрөөс, төр нь шашнаасаа хол ардчилсан улс гэдгээ ойлгуулах асар чухал “даалгавар” тээж буйг онцлох нь зүйтэй.

Холбоотой мэдээ