"Л.Чинбат захирлыг саатуулсан байх"
НийгэмГацуурт компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум руу олон тооны адуу оруулж, нутгийн удирдлага, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Тэрбээр Сүхбаатар, Дорнод аймгаас 300 гаруй адуу тууж, Цагааннуур сум руу оруулсан байна. Түүний адууг буцааж гаргахаар тууж байсан нутгийн иргэдийг машинаар дайрч, балмад үйлдэл гаргасан нь олон нийтийн сүлжээгээр тархаад байна. Энэ талаар Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Алтанзоригоос тодрууллаа.
-Танай нутагт үүсээд байгаа асуудлын талаар мэдээлэл авъя. Яг одоо нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Цагдаа нар ирсэн, хэмжилт хийж байна. Л.Чинбат захирлыг саатуулсан байх, одоогоор харагдахгүй байна.
-Яагаад ийм асуудал үүсэв?
-Гацуурт компанийн захирал Л.Чинбат манай нутаг руу олон тооны адуу оруулах хүсэлтээ Засаг даргад өгсөн. Газар тариалангийн бүс нутаг руу олон тооны мал оруулахыг 2009 оноос хориглосон. Энэ дагуу Засаг дарга татгалзсан. Гэтэл ямар ч зөвшөөрөлгүйгээр, гарал үүсэл нь тодорхойгүй 300 гаруй адуу оруулж ирсэн. Сумаас Засаг даргын орлогч Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарч, "Бүдүүний гүүр"-нд ирж хоноод, өнөөдөр адууг гаргахаар тууж байтал Л.Чинбат захирал ирж, хүмүүсийг дайрлаа.
-Газар тариалангийн бүс руу олон тооны мал оруулахыг хориглосон шийдвэрийг Л.Чинбат захирал мэддэг баймаар юм?
-Гацуурт компани манай нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг. Одоо хонь, үхэр, адуу нийлсэн 10 гаруй мянган мал нь байна. Гэтэл ямар ч зөвшөөрөлгүйгээр, гарал үүсэл нь тодорхойгүй мал оруулж ирж байна. Зүүн бүс нутаг цэцэг өвчин гарч, хорио цээртэй байгаа шүү дээ.
Харин Гацуурт компаний захирал Л.Чинбат энэ талаар “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан” гэх тайлбарыг өгөөд байна.