“Эрх дураараа” Z үеийнхэн эерэг өөрчлөлт авчирна гэдэгтэй эвлэрэх цаг болжээ
Сонин Хачин"Мянганыхан" буюу 1981-1996 онд төрөгсдийн хувьд нэгэн гашуун үнэнтэй тулгарснаа саяхан л ухаарцгаалаа.
Дунд нас хаалгыг нь тогшиж эхэлжээ.
Гэнэт өвдгөөр хатгуулах нь энэхүү шилжилтийг сануулж буй цор ганц дохио биш.
Байгууллагынхаа эрэмбэд шат ахиж, түүнийхээ хажуугаар “Z” үеийнхний ааш араншныг шогшрон хараад "өнөөгийн залуус ч дээ" гэж үглэх сэдэл төрж болно.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Мянганыхан” “Z” үеийнхний залхуу хойрго, эрх дураараа байдлыг шүүмжилсэн хатуу үгс харамгүй шидсэн.
Хэдий тийм боловч үнэнийг хэлэхэд доод үеийнхэн маань хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, үр шимийг нь бид бүгдээрээ хүртэх болохыг “Bloomberg”-ийн тоймч Эрин Лоури онцолжээ.
Залуу настай хамт ирдэг өөдрөг үзэл “Z” үеийнхэнд байна.
Гол нь тэд эдийн засгийн тодорхой бус энэ үед өөрсдийн гэсэн тав тухтай амьдралын хувилбарыг хэдий яаруу ч гэсэн бий болгож чадаж байна.
Залуу туршлагагүй болохоор нь, эсвэл үзэл санаагаа голлон "TikTok"-оор дамжуулдаг гэх төдийхнөөр бид тэдний хэлж буйг дутуу үнэлж болохгүй.
“Z” үеийнхэн нийгмийн хил хязгаарыг улам тэлэхийг шаардаж, залуу насандаа ихийг хүсэж байгаа нь бидний дассантай зөрчилдөж магадгүй ч үе тус бүр өөрсдийн хөдөлмөрийг нь хэрхэн ашиглах тал дээр цоо шинэ өнцөг гаргаж ирдгийг санах хэрэгтэй.
Тухайлбал ажил олгогчид үнэнч зүтгэлийг шударгаар үнэлж, зохих ёсоор урамшуулдаггүй байсан тэр үед мянганыхан ажлаа хүссэн цагтаа солих явдлыг хэвийн зүйл болгосон билээ.
Мэдээж “Z” үеийнхэн бодит байдалтай нүүр тулж урам хугарах шатандаа яваа боловч нийгмийн сүлжээ, интернэтийн ачаар тэд дээд үеийнхэн нь ямар зовлонтой учирч байсан тухай хамаагүй илүү мэдээлэлтэй болсон байгаа.
Бүхий л амьдралаа интернэттэй хамт өнгөрүүлэх анхны үеийнхэн бол тэд.
Бүх дэлхий хурууных нь үзүүрт байхад сургуулийн бие даалтаа хийх гэж номын санд өдөржин суух нь тэдэнд утгагүй санагдана. Энэ мэтээр тэдний ертөнц биднийхээс огт өөр тул ажиллах хүч, хил хязгаар, амь зуух арга хэрэгслийн тал дээр тэдний хүсэл эрмэлзэл дэндүү ялгаатай байх нь дамжиггүй.
“Мянганыхан” хөдөлмөрийн зах зээлд хүч түрэн орж ирснийг илтгэж байсан #HustleHarder, #GirlBoss зэрэг соёл нь архаг стресс, ажлаас халшрах хам шинж газар авснаас үүдэн өдгөө моодноос гарчээ.
Компани төвтэй, феминизмийн үнэ цэнийг алдагдуулсан, капитализмын сул талуудыг тодотгосон шинжтэй хэмээн тэдгээр соёлыг шүүмжилж, ерөнхийд нь "хортой" хэмээн тодорхойлох болсон байна.
Хэдий тийм боловч “Z” үеийнхэн “side hustle” буюу давхар орлогын эх үүсвэрийн хамгийн дэвшилтэт арга замыг олсон бололтой.
Зайнаас ажиллах соёл бий болсон нь бүтэн цагийн хоёр ажил давхар хийх цаг, эрч хүч, урам зоригтой хэн болгонд гайхалтай боломж нээж өглөө.
Энэхүү шилжилт нь үндсэн ажлынхаа хажуугаар чөлөө гарсан үед өөр ажил хийхийг л "side hustle" гэж нэрлэдэг байсан бидний ойлголтоос тэс өөр.
"ChatGPT" зэрэг хиймэл оюунт туслахуудын ачаар “Z” үеийнхний "хоёр газар зэрэг байх" энэхүү чадвар улам сайжрах нь тодорхой болжээ.
Түүнчлэн “Z” үеийнхэн хил хязгаарыг шинэчлэн тогтоож, удирдлагуудад "үгүй" гэж хэлж чаддагийг хүн бүр анзаарч эхэлж байна.
Хориод насныхан улайм цайм таны хүссэнээс илүүг хүсээд байх үед "эрх дураараа, эрээ цээргүй" гэх мэтээр үг хаях нь амар боловч ингэснээрээ тэдний буруу болчихгүй.
Ажил олгогчид таны ажлын бус цагийг эзэмших эрхгүй.
Ажилтны эрх ашигт чиглэсэн бодлогын өөрчлөлтүүд нь “Z” үеийнхний "ихийг хүсэх" зорилтод дэм болох бөгөөд “Мянганыхан” ч гэсэн энэ тулаанд мөр зэрэгцэн орох хэрэгтэй.
Эцсийн эцэст ажлын байрны соёл шинэ үеийнхэн рүү хэвийж эхлэх болно.