Пригожин бослогод уриалж, Москвад танкууд орж ирэв

Дэлхий
khiimori.co@gmail.com
2023-06-24 02:07:32

Оросын хувийн цэргийн компани "Вагнер"-ыг үндэслэгч, Путиний ойрын хүн гэгддэг Евгений Пригожин болон Оросын Батлан хамгаалах яамны сөргөлдөөн баасан гарагт туйлдаа хүрлээ. 

 Зургадугаар сарын 23-ны үдэш Пригожин мэдэгдэл хийхдээ, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу тушаал өгснөөр вагнерчуудын хуаранд пуужингаар цохилт өгсөн хэмээсэн байна. Үүний дараа Пригожин "шударга ёсны марш" эхлүүлэхээ амласныг олон хүн цэргийн эргэлт хийх гэсэн оролдлого хэмээн үзжээ. Тиймдээ ч Оросын Холбооны Аюулгүй байдлын алба Пригожиний эсрэг зэвсэгт эргэлт хийхийг завдсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. 

Одоогоор Оросын генералууд Вагнерт хандан, "ерөнхийлөгчийн ар нуруу руу хутгалахгүй" байхыг уиалж, харин Москвагийн гарнизон түгшүүр аван хөдөлж, гол замууд дээр хяналтын пост гарсан талаар Оросын хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

 Мөн Москвад ч цэргийн анги нэгтгэлүүдэд түгшүүр зарлаж, Москва, Ростовын гудамжуудад хуягт техникүүд орж ирсэн бол Кремль шаардлагатай арга хэмжээг авна хэмээн мэдэгджээ.

Пригожиний мэдэгдэл 

Баасан гарагийн өглөө л Евгений Пригожин хэд хэдэн хатуухан мэдэгдэл хийсэн юм. Энэ дүрс бичлэгийг Вагнер компанийн хэвлэлийн алба түгээж байв. 

 Энэ бичлэгт, Пригожин Оросын цэргүүд Украины сөрөх давшилтын улмаас Запорожье, Херсон чиглэлд ухарч байгаа хэмээгээд цэргийнхэн Ерөнхийлөгч Путинийг хуурч байна гээд Украин руу довтолсон нь "эхлүүлэх ямар ч хэрэггүй байсан" ажил хэмээсэн байна. 

Мөн энэ мэдэгдэлдээ Шойгуг ч элдвээр хэлж, "зөнөг өвгөн", "армийн хамгийн байлдах чадваргүй олон мянган хүнийг алсан" хэмээн Пригожин буруутгажээ. Энэ мэдэгдлийнхээ дараа тэрбээр Шойгу болон Оросын ажиллагааг удидаж буй генерал Валерий Герасимов нарын нэр дээр Мөрдөн шалгах хороонд гомдол гаргасан хэмээж байв.

Харин баасан гарагийн орой "Разгрузка Вагнера" телеграм суваг вагнерчуудын нэгэн бааз халдлагад өртсөнийг харуулсан дүрс бичлэгийг түгээжээ. Үүний дараа Москвагийн цагаар 21.00 цаг буюу Улаанбаатарын цагаар 01.00 цагийн үед Пригожин хувийн цэргийн компанийн хуаран "пуужингийн цохилтод өртсөн" хэмээн мэдэгджээ.

 "Олон хүн амиа алдсан. Гэрчүүдийн өгүүлж байгаагаар ар талаас, өөрөөр хэлбэл ОХУ-ын цэргүүд пуужингийн цохилт өгсөн" гэж  Евгений Пригожин мэдэгджээ. Ингээд тэрбээр Оросын цэргийн удирдлагын үйлдэж буй бурууг засна, энэ бол шударга ёсны марш болохоос цэргийн эргэлт биш хэмээн мэдэгдсэн байна.


Одоо Москва муж болон Ростов тусгайгийнхан, шуурхай ангийнхныг түгшүүрээр босгож, бүгд өөр өөрийн байр руу явж байгаа, Ростовын төв хэсгийг хаасан, Москвад хуягт техникүүд орж ирсний дээр хяналтын постууд ажиллаж эхэлсэн талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ.

Холбоотой мэдээ