Учир битүүлгээр алга болсон алдарт аялагчдын түүх

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-06-27 12:45:05


Урьд өмнө нь хэний ч явж үзээгүй газраар явж, шинэ сорилтой нүүр тулдаг хүмүүс бол яах аргагүй аялагчид билээ. Хүн төрөлхтний асар арвин түүхийн явцад хөрөнгө чинээ, нэр алдар, ам гарсан үгсийнхээ төлөө алс холыг зорьж, эргэн ирэхдээ нэр хүнд өвөрлөн ирсэн хүмүүс олон. Гэвч тэдний дунд хэдий алдар нэртэй боловч алс нутагт одоод эргэн ирэлгүй учир битүүлгээр алга болсон хүмүүс ч бий.

1. Людвиг Лейхард


1813 онд тухайн үеийн Пруссын эзэнт гүрэнд мэндэлсэн Людвиг Лейхард залуугаасаа философи, хэл шинжлэл, байгалийн шинжлэх ухааныг нэвтэрхий судалж, 28 насандаа Австрали тивийг зорьж, Сидней хотоос Австралийн баруун эрэг хүрэх аяллаа эхлүүлжээ. Өнөөдөр ч хүний хөл хүрээгүй газар орон элбэгтэйд тооцогддог энэ тивд учир битүүлгээр алга болсон түүнийг хүмүүс нутгийн уугуул иргэдийн гарт амиа алдсан, хамгийн сүүлд захидал илгээсэн Барка голд живсэн гэх мэтчилэн олон таамаглал дэвшүүлж байв. Хожим 1900 онд бөглүү нэгэн тосгоны фермер Людвиг Лейхард, 1848 он хэмээн сийлсэн зэс эдлэл олсон нь хожим түүний аяллын замыг гаргахад дөхөм болжээ. 2006 онд хийсэн судалгаагаар түүхчид түүнийг Грегори нуурын ойролцоо амиа алдсан хэмээн таамаг дэвшүүлжээ.

2. Хоёрдугаар Абубакар


1310 онд Баруун Африкийн Малигийн эзэнт улсын хаан ширээнд заларсан Хоёрдугаар Абубакар Атлантын далайд өргөн хэмжээний флот гаргаж, өөрийн биеэр алсыг зорьсон нэгэн түүх бий. Хэдэн арваас хэдэн мянган усан онгоц хөдөлсөн хэмээн харилцан адилгүй тоо баримт эх сурвалжуудад дурдагдсан байдаг ч урт хугацааны аялалд хэрэглэх цэвэр усны нөөцтэй, шинэ соёл иргэншилт хүмүүстэй таарсан тохиолдолд тэдэнд өгөх бэлэг зэргийг нарийн бэлдсэн аяллын флот Африкийн баруун эргээс хөдөлсөн нь хөдөлшгүй баримттай гэдэг. Үүгээр ч үл барам түүнийг Америк тивд хөл тавьсан анхны уугуул бус хүн хэмээн нэрийдэх түүхчид ч олон бий. Гэхдээ одоогоор Америк тивд газардсан эсэх талаар ямар ч нотолгоо үгүй ба түүнийг хаан ширээнээсээ татгалзахын тулд санаатайгаар аялал зохион байгуулж, ор сураггүй алга болсон гэх таамаг ч бий.

3. Пен Жиаму


Олон мянган жил нуурын ёроол байсан ч цутгал мөрнийг нь далангаар хаах үед ширгэж, цөл болсон Лопын цөл рүү хүрэхэд хүндрэлтэй, аюултайд тооцогддог нь тухайн үедээ нэр алдарт хүрсэн био химич Пен Жиамугийн сонирхлыг ихэд татах болжээ. Тэрээр нуурын ёроол хэсгийн шинээр үүссэн цөлд ан амьтан богино хугацаанд идээшин дасаж байгааг судлахаар 1964 онд экспедиц зохион байгуулжээ. Ийнхүү багагүй хугацааг судалгаанд зориулж, халуун хуурай уур амьсгалд ажилласан ч Маогийн соёлын хувьсгал гарснаар экспедицийн үйл ажиллагаа тасалдсан аж.
Хожим хоёр дахь экспедиц байгуулан ахин судалгаанд гарсан ч цөлд цэвэр усны хомсдолд орсноор Пен Жиаму өөрийн биеэр усны эрэлд гарчээ. Харамсалтай нь тэрээр судалгааны бааздаа эргэн ирээгүй бөгөөд түүний араас хэд хэдэн эрлийн баг ажилласан ч үр дүнд хүрээгүй гэдэг.

4. Франциско де Осес


1525 онд Испанийн Сан Лесмес хөлгийн ахмад Франциско де Осес нэрт аялагч Магелланы замыг даган Өмнөд Америкаар дамжин Номхон далайд хүрэх аялал эхлүүлжээ. Тухайн үед Өмнөд Америкийн хамгийн өмнөд хэсэг болох Тиерра дел Фуего арал хэр хол зайтай тухай ямар ч тэмдэглэл үгүй, тодорхой заасан газрын зураг ч байгаагүй тул энэ аяллыг эхнээсээ л аюултайд тооцож байсан гэдэг. Ийнхүү аялал ид дундаа явж байхад далайн хүчтэй шуурга гарч, Франциско де Осес нэгэн эрэгт хүрч амь гарсан бол түүний багийн нэлээдгүй олон хөлөг Антарктид тивийн зүгт шуурганд туугдан оджээ. Шуурганаас хойш хэдэн өдрийн дараа тэрээр багийнхантайгаа Антарктид тивийн ойролцоо уулзсан боловч ахин хүчтэй шуурга дэгдэж Магелланы хоолойн ойролцоо аяллын багийнхан ор сураггүй алга болсон гэдэг. Хожим 1975 онд Тахитигаас холгүй орших Аману Атол арлаас 16-р зууны үед хамаарах их буунууд олсон нь Сан Лесмес хөлгийнх байсан гэх таамгийн дэвшүүлэхэд хүргэжээ. Гэхдээ судлаачид тэднийг Аману Атол аралд хүрсэн бус, шуурганы үеэр хөлгөө хөнгөлөх зорилгоор хаясан эд зүйлс нь туугдан ирсэн хэмээн таамагласан аж. Түүнчлэн Шинэ Зеландын арал дээрх испани соёлын шинж тэмдгүүдийг Франциско де Осестой холбох нь ч бий.

5. Эверетт Расс


20-р зуун гарснаар америк зохиолч, яруу найрагчдын дунд АНУ-ын баруун өмнөд мужуудыг нэгтгэсэн түүх алдаршиж, зэрлэг өрнө рүү зүглэх уран бүтээлчдийн тоо ч нэмэгджээ. Тэдний нэг бол ердөө 16 настай залуу яруу найрагч, аялагч Эверетт Расс байв. Тэрээр Аризона, Юта, Колорадо, Шинэ Мексик мужуудаар хэдэн жилийн турш аялсан бөгөөд өөрийн зурсан уран зургуудаа борлуулж аяллын зардлаа босгодог байжээ. Учир битүүлгээр ор сураггүй болсон түүнийг харсан гэх хамгийн сүүлийн баримт 1934 оны 11-р сард Девис Гулч хавцалтай холбогддог. Нутгийн нэгэн иргэн залуу эрийг голын зүгт хоёр илжиг тууж явааг харсан хэмээн мэдүүлж байсан аж.
Хожим 2009 онд National Geographic сэтгүүл Рассын ор сураггүй болсон хэргийн зангилааг тайлсан тухай мэдээ нийтэлсэн нь хүмүүсийн дунд багагүй шуугиан тарьжээ. Тэдний судалгаагаар Юта мужийн нэгэн цөлөөс олдсон хүний үлдэгдлийн ДНХ Эверетт Рассынхтай таарсан бөгөөд нутгийн уугуул Нучи омгийнхны гарт амиа алдсан хэмээн өгүүлжээ.
Холбоотой мэдээ