Оросын төв телевиз Вагнерын боссын гэрээс олдсон эд зүйлсийг нийтэд үзүүлжээ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-07-07 01:46:31

Лхагва гарагийн орой Оросын төв телевиз Вагнер группийн тэргүүн Евгений Пригожиний хувийн эзэмшилд нэгжлэг явуулах үеэр олдсон эд зүйлсийг үзүүлжээ.

Пригожин өнгөрсөн сарын 24-ний өдөр Оросын төрийн эсрэг зэвсэгт бослого гаргасан хэрэгт буруутгагдаж байв. Гэхдээ Вагнерын хөлсний цэргийн цуваа Москва хотод 200 км тулж ирсний дараа тэр Беларусийн ерөнхийлөгчийн зуучлалаар давшилтаа зогсоосон юм.

Москвагийн эрх баригчид түүнд тулгасан ялыг цуцалж, Беларусь руу дүрвэх боломж олгосон гэлцэж байгаа. Гэхдээ Пригожиний болон Вагнерын хувь заяа хэрхэх нь бүрхэг хэвээр байна.

Россия-1 сувгийн “60 минут” хөтөлбөрөөр түүний Санкт Петербург дахь байрнаас олдсон эд зүйлсийг харуулжээ.

Нэвтрүүлгийг хууль тогтоогч Евгений Попов хөтөлж, сэтгүүлч Эдуард Петров зочноор оролцсон байна.

Тэд энэ үеэр Пригожинийг “урвагч” хэмээн нэрлэж, гэмт хэргийн түүхийг нь сөхөн ярьж байв.

Мөн Пригожиний “ордон”-оос илэрсэн сонин хачин эд зүйлсийг үзүүлжээ.

Тухайлбал их хэмжээний бэлэн мөнгө, алтан гулдмай, нисдэг тэрэг, галт зэвсгийн цуглуулга, хиймэл үснүүд зэргийг үзүүлсэн юм.

Бас лантууны цуглуулга болон бүрэн тоноглогдсон эмчилгээний өрөө зэргийг үзэгчдэд харуулсан байна.

“Энэ хэргийг хаах тухай хэн ч яриагүй. Мөрдлөг үргэлжилж байгаа. Евгений Пригожинийг ард түмний баатар мэт харагдуулах ажлыг түүний өөрийнх нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл хийсэн гэж би бодож байна. Энэ зорилго нь бүтэлгүйтмэгц тэр бүгдийг хаяад зугтаасан” гэж Петров энэ үеэр ярьж байжээ.

Түүний мэдээлснээр ажиллагааны үеэр Пригожиний хувийн эзэмшлээс нийт 600 сая рубль ($6.6 сая) бэлнээр олдсон гэнэ.

Мөн өөр өөр нэртэй хэд хэдэн паспортыг үзүүлсэн байна.

“Хэвийн хүнд ийм олон паспорт байх боломжгүй. Яагаад энэ хүн гэмт хэргийн бүлгийн толгойлогч шиг ийм их эрх мэдэлтэй болов? Зэвсэгт бослогын цаана хэн байсныг бүрэн шалгаж, буруутныг гэсгээн шийтгэх хэрэгтэй” гэж Петров ярьж байжээ.

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ