Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эдийн засгийн форумын үеэр үер ус, Улаанбаатар хотын төлөвлөлт, хууль зөрчиж газар олгож, барилга барьсан асуудлаар сэтгүүлчдийн асуултанд хариулт өгөв.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-07-09 12:45:06

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эдийн засгийн форумын үеэр үер ус, Улаанбаатар хотын төлөвлөлт, хууль зөрчиж газар олгож, барилга барьсан асуудлаар сэтгүүлчдийн асуултанд хариулт өгөв.

Тэрбээр:

Ерөнхий сайдын хувьд АТГ-ын дарга, УЕП хоёрт хандаж, хоёр хоногийн өмнө хүсэлт өгсөн.

Энэ хүсэлт дээр эхлээд үер устай, голтой холбоотой мөн нийтийн эзэмшлийн талбайтай холбоотой газарт яагаад газар олгочихов гэдэг албан тушаалуудыг ангилж шалгаач ээ. Хоёрдугаарт, тэр нь хууль бус байхад яагаад барилга барих зөвшөөрлийг олгов. Энийг бас шалгаач ээ. Яагаад энэ хоёр хоёулаа хууль бус байгааг нь ойлгосоор байж иргэдэд оршин суух зөвшөөрөл олгов, үүнийг бас шалгаач ээ. Дээрээс нь энэ гурав тодорхой байхад тухайн орон сууцанд өөрсдөө орчихоод, магадгүй ах дүү хамаатан садануудаа амьдруулаад байгаа шүүгчид яагаад тэдний талд шийдвэр гаргасаар яваа вэ.

Нэг үгээр хэлбэл, шүүх засаглал хэрвээ хот төлөвлөлтийн архитектор хийе гэж байгаа бол Барилга хот байгуулалтын яамны Геодези, зураг зүйн газрыг Шүүх өөрөө авах хэрэгтэй.

Энийг хэрвээ Засгийн газар хийх ёстой гэж байгаа бол Засгийн газрын гаргасан урт хугацааны бодлоготой холбоотой шийдвэрт дундуур нь орж шийдвэр гаргаад байх шаардлага байхгүй. Тэгэхээр одоо л нийслэлчүүд бид хамтдаа дүгнэлт хийх цаг.

  Засгийн газар, Ерөнхий сайдын хувьд энэ бүх асуудлыг тусгай сангуудтай ижил нийгмийн дүгнэлт болгож, бүх мэдээллийг ил болгоно.

Баяр наадам болж байхад энэ бүгдийг гаргаж, иргэдээ бухимдуулаад яахав.

Баяр наадмын дараа бүх мэдээллийг цахимд байршуулна.

Ерөнхий төлөвлөлт байхгүйгээр газар олгодог энэ байдлыг эрх зүйн хувьд цэгцлэх ёстой.

Зарим нэг “Төр, засаг яадаг юм, аргалаад яаж ийж байгаад байшингаа барьчихна” гэдэг байшин нэг баригдаад, нэмэгдээд 10 баригдаад, 100-д хүрч, одоо 1000 болж байна.

Тийм учраас энэ дээр бид олон нийттэйгээ хамтраад, нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа гэдэг агуулга дээр хандаж, хариуцлага тооцох ёстой.

Ингэхгүй цаашаа яваад байвал бид нар хэзээ ч дийлэхгүй гэсэн үг.

Улаанбаатар хот хүнд ээлтэй биш, удахгүй алхах ч газаргүй, цементэн ширэнгэн ой болж хувирна.

Энэ дээр бид нар хамтдаа дүгнэлт гаргаж, газартай холбоотой эрх зүйн том реформ, хот байгуулалттай холбоотой эрх зүйн том реформ иргэд, төр засаг, Засгийн газар, УИХ хамтарч ажиллах ёстой. 

Энийг бүгдээрээ наадмын дараа тухтайхан эхэлцгээе гэлээ.

Холбоотой мэдээ