Эрт цагийн дайн тулаанд ашиглаж байсан орчин үеийн гэмээр "супер" зэвсгүүд

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-07-13 20:30:53

Дууны хурдаар нисэх онгоц, далайн гүнээс ч байгаа алдалгүй харвах чадалтай шумбагч, хүний ч хөдөлгөөнийг хянах боломжтой хиймэл дагуул гэхчлэн хүн төрөлхтний зэвсэглэлийн технологи нэгэн цагт харийнхны хэмээн нэрлэдэг байсан хэмжээнд нэгэнт хүрчээ. Хэдийгээр хэрэглэгддэггүй боловч хэн бүхний айдсыг төрүүлсээр буй цөмийн зэвсэг мэт айдас төрүүлэм эрт цагийн хүн төрөлхтний тулаандаа хэрэглэдэг байсан зэвсгүүдээс танилцуулахаар бэлдлээ.


1. Грек гал


Галаар тургигч зэвсгийг дэлхийн нэг эсвэл хоёрдугаар дайны үеэс л хүн төрөлхтөн ашиглаж байгаа гэж та боддог уу? Тэгвэл энэ төрлийн зэвсгийг тэртээ 476 оны үед Зүүн Ромын эзэнт гүрэн хэрэглэж байсан түүх бий. Тухайн үед тэд уг зэвсгээ грек гал хэмээн нэрийддэг байсан нь НТӨ 1-р зууны үед Понтикын хаант улс ромчуудтай байлдах үедээ галаар тургигчийг анх хэрэглэсэнтэй холбогддог ажээ.
Ромчууд уг зэвсгийг усан онгоц дээрээ байрлуулж ашигладаг байсан ба наалдамхай шингэн нь усан дээр унасан ч асдаг байсан гэх домог бий. Хожим Баруун Ромын эзэнт гүрэн нуран унасны дараа тэдний хэрэглэдэг байсан технологи мартагдан хоцорчээ.

2. Архимедын савар

Эврика хэмээн орилсон гэдгээрээ хэн бүхний танил болсон физикч, математикч, одон орон судлаач Архимед нь хүн төрөлхтний түүхэнд хэд хэдэн аймшигт зэвсэг бүтээсэн гэдгээрээ өөрийгөө чамгүй сайн инженер байсан гэдгийг нотлон үлдээжээ. Түүний төрөлх нутаг Сиракус руу Ромын арми халдан довтлох үед тэрээр Архимедын савар нэртэй хамгаалах технологийг бүтээн хэрэгжүүлсэн нь хотыг Ромчуудаас бүрэн хамгаалж байсан түүх бий. Уг хамгаалах технологи нь өндөр кран хэлбэрт зүйлд зэвсгээ бэхэлж, хотод ойртон ирсэн хөлөг онгоцыг сүйтгэх замаар ажилладаг байжээ.

3. Архимедын толь

Архимедын амьдарч асан цаг үед хүн төрөлхтөн хүрлийг өнгөлж толь хийдэг байсан ч суут эрдэмтэн эр түүнийг зэвсэг болгон хувиргах аргыг сэджээ. Тэрээр олон тооны толийг нэг газарт байрлуулж, тусгалыг нэг чигт тохируулснаар төрөлх хот руу нь ирж буй түрэмгийлэгчдийн онгоцыг галдан шатаах аргыг олсон гэдэг. Хэдийгээр бүрхэг өдөр үйлчлэх боломжгүй боловч уг зэвсэг нь Ромын дайчдын айдсыг төрүүлдэг байсан гэх домогтой. 2005 онд Массачусеттсын технологийн институтийн судлаачид 3 метр урттай модон хөлөг онгоцыг толины тусгалаар шатаах туршилтыг амжилттай давтан гүйцэтгэжээ.

4. Полирем

Далайд гардаг хөлөг онгоцнуудын урт ихэвчлэн гурав орчин метрээс хэтэрдэггүй байсан цаг үед грекчүүд үлэмж зүйлс бүтээх халууралд автаад байжээ. Ийнхүү тэдний толгойд бүхэл бүтэн хотыг ч хөдөлгөж болно гэх санаа төрсөн аж. 170 гаруй хөдөлгөгч тулгууртай, 40 гаруй метрийн урттай, нэг өдрийн дотор зуу гаруй километр зайг туулах боломжтой газраар явагч хөлөг бүтээж байв.
Домог, туульс дээр нь ч үлэмж зүйлсэд автамтгай байсан нь ил харагддаг грекчүүд газраар явагчаас гадна 130 метр урттай Тессараконтерес Полирем нэртэй хөлөг онгоц бүтээсэн түүх бий. Тулаанд ашиглахад бус энгийн үед хараад ч сүрдэж, айдаст автам энэ хөлгийн жижгэрүүлсэн загвар болох Леонтопорос Полиремыг хожим бүтээсэн бөгөөд мянга гаруй хүний хүчээр хөдөлдөг байсан гэх яриа бий.

5. Корвус

Ромын Бүгд Найрамдах улсын хөгжил цэцэглэлтийн ид эхэн үед цэрэг арми нь хүчирхэг байсан хэдий ч усан флотын чадамж сул доройд тооцогддог нь Италийн хойгт өмнө зүгээс аюул ойрхон буй илтгэж байв. Пуникын дайны он жилүүдэд Газрын дундад тэнгис Африк тивийн хойд эрэг дагуу оршин байсан карфагенуудын мэдэлд байсан нь ч үүнтэй холбоотой.
Карфагенуудад удаа дараалан тэнгисийн тулаанд ялагдал хүлээж байсан ромчуудын хувьд корвус хөлгийг бүтээсэн явдал эргэлтийн цэг болов. Корвус гэдэг нь латинаар хэрээ гэх утгатай үг бөгөөд шувууны савар мэт хэлбэрийн дэгээ нь ийн нэр авахад хүргэжээ. Уг дэгээг тулааны үеэр дайсны хөлгийг гэмтээх зорилгоор хэрэглэдэг байсан нь үр дүнтэй аргад тооцогдож байжээ. Корвус хөлгийн тусламжтайгаар ромчууд НТӨ 260 оны Милагийн тулаанд үнэмлэхүй ялалт байгуулж, Карфагены усан флотын нийт 130 хөлгийн 44-ийг живүүлж, хэдэн арван мянган усан цэргүүдийн амийг авсан түүхтэй.

6. Харуулын цамхаг

Хоёр эсвэл гурван давхар байшингаас өндөр байгууламж харж үзээгүй НТӨ 9-р зууны үеийн хүн төрөлхтөнд Ассирын соёл иргэншил нэгэн шинэлэг зүйлийг бүтээж үзүүлсэн нь харуулын цамхаг гэгч нүсэр байгууламж байв. Хожим Макендоны хаант улс 40 метрийн өндөр, 55 метрийн өргөнтэй Хелеполис нэртэй харуулын цамхаг барьсан нь өнөөгийн 12 давхар байшингийн өндөртэй зэрэгцэх ажээ. Хелеполис буюу хотын эзэн гэх нэртэй уг байгууламжийг сууриар нь хөдөлгөхийн тул 3500 хүн нэгэн зэрэг ажиллах шаардлага тулгардаг байсан агаад уг цамхагийг хөдөлж байгааг алсаас харсан хэний ч зүрх үхдэг байсан гэх яриа бий. Харамсалтай нь Хелеполисыг НТӨ 305 онд Родес хотын цэргүүд их хэмжээний усанд автуулах замаар хөдөлгөөнгүй болгож, сүйрүүлжээ.

7. Дайны заан

НТӨ 6-р зууны үед Энэтхэгт хүн төрөлхтөн өөр хоорондоо тэмцэлдэх үедээ зааныг ашиглаж байв. Түүнээс хойш Агуу Александр хаан Маурын эзэнт улсын эсрэг тулаанд, Карфагены Ганнибал жанжин Ромын эзэнт гүрний эсрэг 40 гаруй зааныг Альфын нуруу давуулан дайнд ашиглаж олон зуун мянган ромчуудын аминд хүрсэн нь түүхэнд тодоор бичигдэн үлджээ. Ийнхүү тулаанд зааныг ашиглах нь дайсны цэргүүдийн зохион байгуулалтыг эвдэх, тэднийг сандаргаж, айлгах гэсэн хоёр үндсэн давуу талтай байсан гэдэг. Энэхүү давуу талыг орчин цагийн танктай адилтгаж үзэх бүрэн боломжтой билээ.

8. Биологийн зэвсэг

Биологийн зэвсгийг анх хэрэглэсэн түүх тэртээ НТӨ 5-р зууны үед хамаарна. Түүхч Геродотус нэгэнтээ Сицианчууд сумны үзүүрт аалзны хор, цус зэрэг элдэв зүйл түрхэж тулаанд хэрэглэдэг байсан нь шархдсан цэргүүдийн хувьд амьд үлдэх боломжгүй байдалд хүргэдэг байсан хэмээн өгүүлжээ. 
Мөн үед Спартанчууд Афин хотыг эзлэхээр дайрах үедээ Эбола вирусээр өвдөж, нас барсан хүний цогцсыг тараан хаясан, Пуникын дайны үеэр Ганнибал жанжин Ромын хөлөг онгоцнуудад хорт могой хаясан зэрэг түүхүүд бий.

Холбоотой мэдээ