Далай ламаар “а” үсэг заалгасан нь
Б.Баасансүрэн эрдэмтэн таван наснаасаа л дорно дахины Түвдийн анагаах ухаанд суралцаж эхэлж. Бүр Түвдэд очиж сурсан гэдэг. Эцэг өвгөд нь ч номтой, чадалтай улс байжээ. Тэрээр уг удмынхаа тухай “Гэндэн хувилгаан гэж Баянхонгорын Ламын гэгээний хүн байсан. Миний аав тэр хүний хүү нь. Гэндэн хувилгааны аав нь Европт бурхандаа мордсон гэдэг. Англи юмуу Францад байх, яг хаана гэдгийг нь нарийн мэдэхгүй. Гэндэн хувилгаан Түвдэд бурхандаа мордсон. Далай багшийн номын багш нь. Арвандөрөвдүгээр Далай лам надад “а” үсэг заасан ачтай хүн. Гэндэн хувилгаанаас гадна аав маань Далай багштай нэг ангийн улс байсан юм билээ. Гэхдээ Далай багшийг дагаж яваагүй гэдэг. Уламжилж ирсэн Түвдийн дуган дацнаа орхиж явахгүй гэсэн юм билээ. Хятадын Мао Зэдуны хувьсгалаар бурхандаа мордсон. Далай багш аавын минь талаар, Өнөөдөр маргаашийг боддоггүй, хорь гучин жилийг бодож үр хүүхдэдээ хандаж байсан хүн гэж хэлж байсан. Гучин жил чинь бага шүү, жартай хүн юмаа сурч дээшээ гардаг юм шүү гэж ярьж байсан юм билээ. Миний аав их хатуу хүн байсан. Аавтайгаа уулзъя гэж арван жил мөрөөдөөд дийлээгүй. Тэр хүнийг энд авчирч болохгүй, сэтгэл нь хувирчихна, эрхийг сурахаар бэрхийг сураг гээд хатуу дэг жаягтай хийдэд тэр олон жилээр намайг сургасан хэрэг. Би ч багшийнхаа итгэлийг алдаагүй. Далай багш, дэлхийд нэрээ гар¬гасан сайн шавиараа бахархдаг гэж хэлдэг юм” хэмээн дурссан удаатай.
Сонирхуулж хэлэхэд Б.Баасансүрэн Түвдийг зорихоос өмнө дөрвөн насандаа Ган¬данд ирж байж. Тухайн үед “Монгол транс”-ын ууган жолооч Жамбал гэж хүн бяцхан хүүг Гандэнтэгчинлэн хийдийн хамба Гомбожавт хүргэж ирсэн гэдэг. Хамбын дэргэд нэг жил ном үзээд Түвдийг зорьж Далай багшид шавь орон Чойрын ном заалгаж эхэлжээ. Түвдийг зорих болсон түүх нь бас сонирхолтой. Хэлмэгдүүлэлтийн үеэр өвөө нь Б.Баасансүрэнгийн аав, ээжтэй хамт Түвдэд гарч хийд байгуу¬лан суужээ. Ээж нь хүүгээ төрүүлэхийн өм¬нөхөн Монголдоо ирж, нутагтаа амаржаад өөд болсон учраас хүү өвөө рүүгээ Түвдийг зорьсон аж.
Соёлын хувьсгалаас дайжиж Монголдоо ирсэн нь
Олон жил Түвдэд сурч, анагаах ухаан заалгасан хүү соёлын хувьсгалаар нутагтаа иржээ. Тэр тухайгаа “Бурхандаа мордсон хүний тоонд орж их зогдортой тэмээнүүд дунд нуугдаж эх орныхоо хил дээр ирж орос цэргүүдэд баригдан багагүй зовлон эдэлсэн шүү” хэмээн дурссан нь бий. Эмч хүн учраас цэргийн госпитальд ажилд орж байж. Өглөө бүр цэргийн госпиталийн хашаан дотор гүйдэг залуу нэгэн удаа армийн 41.5 км-ийн марафон гүйлтэд оролцож тусгай бэлтгэлтэй тамирчдыг хол тасархай түрүүлсэн гэдэг. Марафон гүйлтийн армийн аварга болсон залуу биеийн тамираараа алдаршиж таарна. Сүүлдээ улсын шигшээ багийн тамирчдын урд гарч. Тэгээд ч зогссонгүй Ази тивийн аварга болжээ. Гүйлтийн спортоор хичээллэхийн зэрэгцээ зовж зүдэрсэн олныг уламжлалт анагаахын аргаар нууцаар эмчилнэ.
Ардын багш болсон нь
За тэгээд гүйлтийн спортынхоо хажуугаар Улсын багшийн дээд сургуульд сурч багш болов. Төгссөн даруйдаа өнчин хүүхдүүдийг асрах 36 дугаар сургуульд хичээл эрхлэгчээр очсон гэдэг. Асрах сургуулийн цалин их сургуулийн багшийн хөлснөөс өндөр учир багш нар нь хотын гүйцэтгэх захиргааны даргын садан төрөл, яамны сайд дарга нарын ойрын улс голдуу байж.
Тэр үеийнхээ тухай “Манай сургууль Бал даргын эхнэрийн анхааралд байсан учраас хаа очиж хоол, хувцас сайн. Бөөс хуурснаас нь салгаад байж байтал бас нэг асуудал гараад ирдэг юм. Хүүхдүүд эмээ, ах дүү дээрээ очно гээд хаа байсан Толгойт, Амгалан, Хужирбулан, Гачуурт, Долоон буудал гээд яваад өгдөг болов. Чимид багш шиг л болж хувирлаа. Хүүхдүүд орой болохоор л алга болчихно. Шөнөжингөө явж цуглуулна. Хүүхэд тэжээж байгаа эмгэнд хоолоо зөөж, хувцсаа аваачиж өгдөг хүүхэд ч байлаа. Дургүйгээ хүрсэн хүмүүсийн цүнхийг огтлоод юмыг нь хулгайлаад аваад ирэх нь энүүхэнд. Үе үе хүүхдүүдээсээ болж багш нартаа шаардлага тавих хэрэг гарна. Хүүхдүүд дургүйг нь хүргэсэн багшийг үзэхгүй, зарим нь бүр хичээлд нь суухгүй. Гэтэл, Баасансүрэн багш ирснээсээ хойш хүүхдүүдийг буруугаар удирдаж байна гэсэн шүүмжлэл багш нарын хурал дээр сонсогдож эхэллээ. Сайд дарга нарын авгай хүүхнүүд хоорондоо их найз болохоор ихэнх багш нар тэгж ярьдаг болов. Нэг багшийн нөхөр нь, Танай хичээлийн эрхлэгч Түвдэд сурч байсан. Хятадын тагнуул байж магадгүй шүү. Сайн хүн биш гэсэн юм уу даа. Ламаар хүүхдүүдээ хүмүүжүүлүүлэхгүй шүү гэх хүн ч гарав. Сүүлдээ ч залхаад, Та нар хүүхэдтэй тулж ажилладаггүй шүү дээ. Миний зөв бурууг хүрээлэн, Ардыг хянан шалгахынхан шийдэх байх. Ханддаг газраа ханд л гэлээ. Ингээд Ардын хянан шалгахад очив оо. Ардын хянан шалгах гэдэг айхтар шалгаж, мушгидаг газар. Хүүхдүүдийн саналыг авахаар боллоо. Өнөөдүүл маань Баасансүрэн багшийг явуулах юм бол сургууль тарна, маамд хэлнэ шүү гэцгээж. Маам гэдэг нь Филатова. Миний эрхлэгчээр нь ажиллаж байсан тэр сургууль хотын гүйцэтгэх захиргааны харьяаных. Хотын гүйцэтгэх захиргаа, Боловсролын яам л мэднэ гэсэн үг. Хотын гүйцэтгэх захиргааны коллегоор орлоо. Баасансүрэн багшийн алдаа дутагдал, завхрал нь энэ байна, хүүхдүүдийг хэтэрхий дураар нь тавьж байна гэж ирээд ярьж гарлаа. Коллегиор орчихоод Даваасүрэн сайд дээр яваад ордог юм. Би багш биш болжээ, үйлдвэр комбинатад очиж ачигч хийе гэтэл, Юу ярьж байгаа юм, хүрээлэнд туслах ажилтнаар оч, эрдэмтэн болох хэрэгтэй, чиний эрдмийн ажил чинь их том ажил шүү дээ гэдэг юм” хэмээн дурссан нь бий. Б.Баасансүрэн тухайн үед цаа бугын хамрын салстын цутан булчирхайн бүтэц судалгааны бүтээлээрээ шинжлэх ухааны алтан медаль хүртсэн байж. Түүний багш нь ШУА-ийн жинхэнэ гишүүн академич Ц.Хайдав агсан байсан гэдэг. Хүрээлэнд ажиллаж байгаад Анагаахын сургуульд багшилж, тэндээсээ Үндэсний биеийн тамирын дээд сургууль байгуулагдахад 32 эрдэмтний хамт шинэ ажлын томилолт өвөртөлж очжээ.
Цаа судалж, үргүйдлийг эмчилсэн нь
Б.Баасансүрэн эрдэмтэн цааны эд эрхтэн сүүг байгалийн өвс ургамалтай хольж орчин үеийн анагаах ухааны эмчилж барахгүй яваа эмчилгээг хийдэг эрхэм. Цааг онцолж судлах болсон шалтгаанаа “Цааны сүү эхийн сүүний дараа ордог гэдгийг би найрлагаар нь судлаад баталчихсан. Шинжлэх ухаан талаас нь яривал өчнөөн юм ярих хэрэг гарна. Эхийн сүү шим тэжээл өндөртэй, бактери вирусийг устгаж чадна гэдгийг шинжлэх ухаан нотолсон. Цааны сүүг эхийн сүүтэй харьцуулаад үзэхээр найрлага нь их ойрхон гардаг. Цааны сүүг эхийн сүүтэй элементээр нь харьцуулж гаргасан юм. Энэ талаар миний номон дээр тов тодорхой бий. Би номоо орос, англи дээр бичсэн нь бэлчээрийн өв уламжлалаа гээгээгүй малчдын үе дамжсан их ухааныг дэлхий дахинд гаргаж ирье гэж бодсоных. Ийм ном биччихээр дэлхий өөрийн эрхгүй анхаараад эхэлнэ. Мэдээж төрөлх хэлээрээ ном гаргана. Гэхдээ урьдаар гадаадынхныг хашгируулаадхая. Ер нь ном бичиж судалгаа хийхэд энэ нас хүрэхгүй юм байна. Надад дахиад 100 нас өгвөл судлах зүйлийнхээ 60 хувийг л дуусгана гэж хэлж чадна” хэмээн ярьсан нь бий.
Түүнийг ази, европын бүсгүйчүүд үргүйдлийг анагаагч гэдгээр нь анддаггүй. Үргүйдлийг эмчлэх аргынхаа тухай “Цусан эврийг монгол шар тостой хамт хэрэглэж төөнүүр хийж эмэгтэйчүүдийн хүйтэн савны өвчнийг анагаасан. Монгол шар тосыг тос холих маягаар гаргаж авдаг. Тос холино гэдэг их нарийн. 21 эмийн ургамалтай цай орно. За тэгээд гурил, мэхээр үзэм домбон сахар, бага зэргийн ээзгий гээд жинхэнэ монгол уламжлалаар тосоо хайлж анхны монгол шар тосны ханаагүй хүчлийг гаргаж авсан. Тэрийгээ цусан эвэртэйгээ буцалгаж байгаад эмэгтэй хүний хүнд өвч¬нүүдийг дарсан хэрэг. Якутад 150 төрлийн эмийн ургамал байна. Цаа нь тэр бүхнийг идэж байж миний яриад байгаа булчирхай, цусан эвэр үүсч байгаа хэрэг шүү дээ” гэж сонирхуулсан удаатай. Түүнтэй арван жилийн өмнө ярилцахдаа үргүйдэл ихэссэн шалтгааныг сонирхоход “Химийн хортой юм их идэж байна.Хөдөлгөөн маш их дутагдаж байна. Муу хөлсөө гаргаж чадахаа больж. Компьютерийн ард өдөржин ажиллачихаад орой нь буйдан дээрээ телевиз хараад хэвтчихэж байна шүү дээ. Монгол бүсгүйчүүд дороосоо их даарах юм. Ялангуяа эмэгтэй хүмүүс улаан чөмгөө дааруулбал хүүхэд гарахгүй байх эрсдэл өндөр. Улаан чөмөг гэдэг нь шагайны чөмөг л дөө. Дааруулж огт болохгүй хэсэг. Дээр үед хоёр, гурван давхар өмд өмсөөд улаан чөмгийг л царцуулж хөргөж болохгүй гэдгийг хүмүүс мэддэг байсан. Улаан чөмөг 37 градусын халуунд байх ёстой. Бүдүүн гэдэстэйгээ адил хэмд байх учиртай юм. Үүний шалтгааныг би нээсэн хэрэг. Тэгж байж бактери вирусээ хамгаалдаг” гэсэн хариу хэлж байсан юм.