Монголын уламжлалт Хорол тоглоомыг хэрхэн тоглох вэ?
Сонин ХачинХорол тоглоом:
Хорол тоглоомыг тоглох заавар:
Хорол буюу Зэндмэнэ нь гарын болон газрын мод гэсэн 2 хэсэгтэй бөгөөд нийт 60 ширхэг модтой.
Гарын мод: Үүнд
1. Чандмань - 4ш
2. Хорол – 4ш
3. Өлзий /Эсвэл Арслан/ -4ш
Газрын мод:
1. Луу – 4ш
2. Могой - 4ш
3. Морь - 4ш
4. Хонь - 4ш
5. Бич - 4ш
6. Тахиа - 4ш
7. Нохой - 4ш
8. Гахай - 4ш
9. Хулгана - 4ш
10. Үхэр - 4ш
11. Бар - 4ш
12. Туулай -4ш
Хамгийн том мод нь Чандмань бөгөөд дээрх бичсэн дарааллаар моднууд нь бие биенээ ахална. Тухайлбал: Чандмань нь Хоролоос Туулай хүртэлх бүх модыг ахална гэсэн үг. Харин Луу бол Могойноос Туулай хүртэлх бүх модыг ахална. Гэх мэт бие биенээ ахална. Туулай бол хамгийн бага мод нь юм.
Тоглох журам:
Тоглоомд тэгш тоотой хүн тоглож байгаа бол талцаж тоглоод олон гэр барьсан тал нь хожно. Тухайлбал: 6 хүн тоглож байгаа бол модоо доош харуулан хооронд нь сайн холиод модоо 5, 5-аар давхарлан өрж дугуйлан тавина. Нэг хүн 2 гэр буюу 10 модтой тоглоно.
2 талын хэн нь эхэлж сөхөхөө үзнэ. Сөхөхгүй тал нь жин хэлнэ. Жинг хэлэхдээ мориноос дооших амьтны аль нэгийг хэлнэ. Тухайн хэлсэн жин бол хамгийн том мод нь болно. Жин нь Чандманийг хүртэл ахалдаг дүрэмтэй. Тоглож байх явцад нэг хүнд зэрэг 4 морь ирвэл азын 4 морь гэж үздэг бөгөөд 4 мориороо зэрэг 4 гэр барьж болно. 4 морийг өөр юу ч ахалдаггүй дүрэмтэй. Эхний хүн модыг дангаар болон ижилсүүлэн гарч дараагийн хүн ахлах буюу дагуулан өгөх журмаар тоглоом үргэлжилнэ. Тоглоом дуусахад олон гэр барьсан тал нь хожно.
Харин сондгой тоотой хүн тоглож байгаа бол цай хурааж тоглоно. Тухайлбал: 5 хүн тоглож байгаа бол Цайг авахдаа Чандманиас 2-ыг, Хоролоос 2-ыг, Өлзий /Эсвэл Арслан/-аас 2-ыг, Луунаас 2-ыг, Могойноос 2-ыг тус тус авахад нийт 10 ш цай болох бөгөөд нэг хүнд 2-ыг тарааж өгнө.
Үлдсэн 50 модоо доош харуулан сайтар холиод 5, 5-аар давхарлан дугуйлан тавина. /Нэг хүн 2 гэр буюу 10 модтой тоглоно./
Тоглоомд оролцож байгаа хамгийн ахмад настай хүн эхэлж сөхөх бөгөөд ахмад настай хүний баруун гар талд сууж буй хүн Жин хэлнэ. Жинг хэлэхдээ мориноос дооших амьтны аль нэгийг хэлнэ. Тухайн хэлсэн жин бол хамгийн том мод нь болно. Жин нь Чандманийг хүртэл ахалдаг дүрэмтэй. Тоглож байх явцад нэг хүнд зэрэг 4 морь ирвэл Азын 4 морь гэж үздэг бөгөөд 4 мориороо зэрэг 4 гэр барьж болно. 4 морийг өөр юу ч ахалдаггүй дүрэмтэй.
Эхний хүн модыг дангаар болон ижилсүүлэн гарч дараагийн хүн ахлах буюу дагуулан өгөх журмаар тоглоом үргэлжилнэ. Тоглоом дуусахад хамгийн олон цай буюу 10 цайгаа хураасан хүн нь хожно.
Ерөнхийдөө даалууны цай хураах гэдэг тоглоомтой төстэй.
Харь улсаас улс үндэстнээ хамгаалах зорилготой хүмүүс хамтран хорол хэмээх тоглоомыг бүтээсэн түүхтэй.
Тус тоглоомонд 12 жилийн амьтны дүрсүүд, эрхэм шударгын хорол, эрдэнэсийн бэлгэдэл чандмань, амар жаргалын өлзий хээ гэсэн гурван толгой мод байдаг.
Зарим нутагт хас, очир, цэцгийн дүрсийг ч оруулдаг.
Хорлыг тоглохдоо моднуудыг доош харуулан тарааж, таваас зургаагаар давхарлан өрнө.
Тойрч суусан хүмүүсээс ахмад настай нь, эсвэл шодож таарсан хүн нь тараадаг.
Эхний хүн модыг дангаар эсвэл ижилсүүлэн гаргаж, дараагийнх нь тэндээс сонгох буюу дагуулж өгнө.
Ийм маягаар гэр барьж, хэн олон гэртэй болсон нь хождог ажээ.
Хорол тоглоом нь хамтач ёс, бие биенээ хүндэтгэх зан төлөвшүүлэхэд ач холбогдолтой.
Оролцогчид тоглоомын явцад “Арван хоёр жил” дууг харилцан дуулдаг байна.
Тоглох заавар:
Жил тоглох
Хоролоор жил тоглохдоо моднуудыг доош харуулан хольж 4, 5, 6 /хүний тооноос шалтгаалан/-аар тойруулан гэр өрнө. Жишээ нь: 2 хүн тоглож байгаа бол 6-аар өрөх, 5 хүн тоглож байгаа бол 4-өөр өрөх гэх мэт.
Ингээд тойрч суусан хүмүүсээс ахмад настай нь эсвэл шодож таарсан хүн эхэлж гэрээ сонгож, бусад тоглогчид тойруулан гэрээ дараалуулж авна.
Эхний хүн модыг дангаар болон ижилсүүлэн гаргаж дараагийн хүн дагуулж өгөх буюу ахлуулж идэх байдлаар үргэлжилнэ. Сүүлд гэр барьсан тоглогч дараагийн модоор гарна. Ийм байдлаар хамгийн олон гэр барьсан хүн нь хождог.
Цай (зэндмэнь) тоглоом
Хорол тоглоомын нэг төрөл нь Цай тоглох юм. Тоглоомын дүрмийн хувьд Жил тоглоход 60 модтой 60 модоороо тоглодог бол Цай тоглоход 60 модноосоо “цай” таслан авч үлдсэн модоор тоглодог.
Цай таслан авахдаа хүний тооноос шалтгаалан 10-12 мод таслан авдаг. Ихэнхдээ цайг 5 хүн тоглодог бөгөөд 10 мод цайгаар таслан авна. Харин 2-4 хүн тоглож байгаа бол 12 мод таслан авдаг. Ингэхдээ гарын модноос нэг нэгийг, гахай, бич, тахиа 2, 2-ийг гэх мэт.
Нохой жилийг хамгийн хүчтэй модоор дуудан тоглоно. Ийм учраас 4 биш 2 ширхэг байдаг байна. Мөн 4 морь нийлсэн хүн гараа дайрч гарах эрхтэй.
Хүн бүр хэдэн хүн тоглож байгаагаас шалтгаалан тодорхой тооны гэр барих ёстой. Барьж чадаагүй бол айлаас цайгаараа гэр худалдан авна. Цай дууссан үед зээлээр гэр авч зээл авсан хүндээ дагаар ордог бөгөөд модоо нийлүүлж гэр барих эрхтэй. Хамгийн сүүлд аль олон цай хураасан тал хожно.
Гахай атгах
Хорол тоглоомонд гахай 2 ширхэг байдаг. Үүнээс нэг гахайг нь тоглоомноос хасна. Ингээд хорол тоглохтой ижил хувааж авах бөгөөд тоглогч бүр авсан модоо хоёр хоёроор хослуулан газарт тавина. Ингээд хослоогүй үлдсэн модоо гартаа атгах ба нар зөв тойрон нэг нэгнийхээ модноос сугалан авч хослуулан газарт тавьсаар хамгийн сүүлд гахай атган үлдсэн тоглогч хожигдоно.