"Хубилай хаан" агаарын хөлөг

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-08-11 22:51:14


Ирландын “AerCap” компаниас МИАТ компанийн түрээсээр ашиглах “Boeing 787-9 Dreamliner” зорчигч тээврийн хөлөг өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буулаа. Монголоор “Хубилай хаан” хэмээн нэрлэсэн энэ онгоцны талаарх зарим баримтыг танилцуулж байна.  

1. Анх 2007 онд үйлдвэрлэж эхэлсэн “Boeing 787 Dreamliner” загвар нь 787-8, 787-9 787-10 гэсэн гурван төрөлтэй. 

2. Манайд ирээд буй 787-9 нь өмнөх 787-8 төрлөөсөө 6.1 м урт, хөөрөлтийн хамгийн их жин (MTOW-max takeoff weight) 24.6 тонноор илүү, дундажаар 30-аар олон буюу 290 зорчигч тээвэрлэх багтаамжтай.   

3. “Boeing 787 Dreamliner” загвар нь  wide-body буюу “өргөн их биетэй” хэмээх ангилалд ордог бөгөөд зорчигчдын суудлын эгнээний дундуур хүн явах хоёр коридортой учраас ингэж ангилдаг ажээ. Ийм онгоцны их биеийн өргөн 5,03-7,14 метр, урт нь дээд тал нь 70 метр байдаг. 787-9 төрлийн хувьд урт нь 63 м юм.   

4. Анхны “Boeing 787-9” 2013 оны есдүгээр сарын 17-нд агаарт хөөрчээ. Харин дараа жилээс нь арилжааны зориулалтаар анх ашиглаж эхэлсэн компани нь Японы “All Nippon Airways” компани юм. 

5. “Boeing” компани өнгөрсөн 2007 оноос хойш энэ оны зургадугаар сар хүртэлх хугацаанд “787 Dreamliner” загварын 1757 ширхэг онгоцны захиалга авснаас 1072-ыг нь нийлүүлээд байна.  

6. 2018 онд ийм төрлийн хөлгийн түрээсийн үнэ нэг сард 925 мянган доллар байв. Харин үүнээс дөрвөн жилийн өмнө 1.04 сая доллар байжээ.

7. 787-г бүтээх төсөлд “Boeing” компани 32 тэрбум доллар зарцуулсан бөгөөд 1300-2000 ширхэг онгоц борлуулж байж зардлаа нөхөх тооцоотой.  

8. 2020 оны байдлаар “Boeing 787 Dreamliner”-ыг хамгийн их ашигладаг агаарын тээврийн компани нь Японы “All Nippon Airways” (79). Улмаар АНУ-ын “United Airlines” (69), Японы “Japan Airlines” (55), АНУ-ын “American Airlines” (50) компаниуд байна.

9. Францын Полинезийн “Air Tahiti Nui” компанийн “Boeing 787-9 Dreamliner” агаарын хөлөг 2020 оны гуравдугаар сарын 26-нд Номхон далайн Таити арлаас Францын нийслэл Парис хот хүртэл 15714 км замыг буулгүйгээр 16 цаг, 26 минут туулан дэлхийн хамгийн удаан үргэлжилсэн зорчигч тээврийн хуваарьт шууд нислэг болжээ.   

10. “Boeing 787 Dreamliner” үйлдвэрлэгдэж эхэлснээс хойш өнөөг хүртэлх 16 жилийн хугацаанд энэ загварын нислэгтэй холбоотойгоор хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, тухайн агаарын хөлөг ноцтой эвдэрч гэмтсэн тохиолдол гарч байгаагүй. 

Гэрэл зургийн эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар.

Холбоотой мэдээ