100 наслахыг хүсэж байна уу? Тэгвэл урт наслалтын 7 дүрмийг баримталж сураарай

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-08-15 23:33:52

Япон – урт наслалтаараа дэлхийд дээгүүрт ордог улс. 

Өнөөдрийн хувьд гэхэд л 100-аас дээш насны 30 мянга гаруй хүн амьдарч байна. 

Япончууд яагаад ийм өндөр насалж чадаад байна вэ, тэдний туршлагыг хэрхэн дагах уу? 

Урт наслахын тулд, гэхдээ эрүүл саруул урт наслахын тулд хэд хэдэн дүрмийг баримтлах ёстой ажээ. 

Та хэдэн настай байх нь хамаагүй. 

Эдгээр дүрмийг одооноос баримталж эхэлбэл та эрүүл, аз жаргалтай бас урт удаан амьдралын замд гарч байна гэсэн үг юм.

Хүн төрөлхтний урт удаан наслалт

1. Илүү их хөдөл Япон өвөө, эмээ нар өдөрт 1 цагаас багагүй хугацаанд явган явдаг, өдөр тутмын ахуйн ажлаа зогсоо зайгүй амжуулсаар л, тийм ч учраас зүрх судасны өвчлөл, зүрхний шигдээс болох нь бага.

Биеийн идэвхтэй хөдөлгөөн нь биеийн жингээ барихад тусална, мөн үрэвсэлтэй тэмцдэг байна.

Үүнээс гадна аэробик болон хүчний бэлтгэл сургуулилт нь хавдар болон чихрийн шижин тусах эрсдэлийг бууруулж байгааг судалгаагаар нотолжээ.

Идэвхгүй, хөдөлгөөнгүй амьдрал нь хүний насыг 4 жилээр богиносгодог болохыг ч эрдэмтэд онцолж байна.

Амралтыг идэвхгүйгээр зурагтны өмнө буйдан дээр хэвтэж бүү өнгөрөө.

Хэдэн ч настай байсан хамаагүй өглөө босоод дасгал хийж занш, гүй, дугуй уна, усанд сэлэлтээр хичээллэ, бүжиглэ.

2. Гомдлоо март

Өөрийн амьдралыг хордуулсан хүнийг зүгээр шууд мартана гэдэг амаргүй хэрэг.

Өөрийнхөө харилцааг өөрчлөх – маш амаргүй бөгөөд хэцүү ажил.

Гомдол, шаналал, өшөө авах хорсол – энэ бүх сэтгэл хөдлөл нь хүний амьдралын эрч хүчийг шавхаж амьдралын баяр баяслыг үгүй хийдэг.

Хэрвээ гомдол таны тэнцвэрт байдлаас гаргахад хүргэсэн бол таныг гомдоосон хүн хүссэндээ хүрч ялалт байгуулж чаджээ гэж ойлгоорой.

Уучлалт – энэ бол үлгэр, сэтгэлийн дотор багахан ч гэсэн шаналал үлдсэн нь мэдээж.

Нөхцөл байдал шударга бус байгаад ч мөн гомдол тээнэ.

Өөрийгөө ариусгахын тулд гомдоосон хүнийг заавал уучлах албагүй.

Сэтгэлдээ эрүүл байгаа хүмүүс хэнийг ч уучилдаггүй, яагаад гэвэл хэнийг ч буруутгадаггүй юм.

Машиныг тань авах юмгүй болгосон аадар бороонд уурлаж бухимдаад та яах вэ дээ?

Эсвэл хурууныхаа үзүүрийг ширээний өнцөгт цохисон бол…

Хятадын уламжлалт анагаах ухаанд нэг ухаантай үг байдаг ажээ:

“Хүнд бодлоосоо өөрийгөө сулла, тайван бөгөөд өөдрөг байхыг хичээ, хүндэтгэлтэй ханд, бат бөх бие махбодь, цэвэр ариун сэтгэлтэй бай.

Ингэж чадвал 100 ч насалж чадна”.

3. Илүү их харилцаж бай

Манай хөгшчүүдийн гаргадаг нийтлэг алдаа бол тэд гэртээ суугаад л зурагт үзнэ, гадагшаа гарч хэн нэгэнтэй харилцахаас зайлсхийдэг.

Өндөр настай хүмүүс өөртэйгөө л зууралдаад байна, зөвхөн өөрийнхөө өвчин, асуудлыг л бодно.

Бид нар яагаад японы тэтгэврийн настнуудаас үлгэр дуурайлал авч болохгүй гэж?

Тэдэнд ч гэсэн асуудал бий, гэхдээ өөрт сонирхолтой, үнэ цэнэтэй хүмүүстэйгээ харьцаад л байна шүү дээ.

Найз нөхөд, төрөл төрөгсөд, хөршүүд, хамт ажиллаж байсан хүмүүс.

Таатай хүмүүсийн дунд байхад анхаарал халамж авах нь нэмэгдэж, өөрийгөө ч хүндэлж сурдаг байна. 

Энэ нь сэтгэл санааг өөдрөг байлгана, сэтгэл зүйн хувьд ч тогтвортой байж чаддаг. 

Хүний эрүүл мэндэд бүхэлдээ сайнаар нөлөөлдөг ажээ. 

Сонирхлын хүрээ өргөжинө, амьдрал илүү тод томруун сонирхолтой болдог, хүн өөрийгөө хэрэгтэй гэдгээ мэдэрч ганцаардлын шаналалд унадаггүй байна.

4. Бүтэн нойр авч бай
Нойр эрч хүчээ сэлбэхэд нэн хэрэгтэй бас сэтгэл зүйн эрүүл мэндийг хангана.
Хэрвээ хүн нойр муутай хоновол дараа өдөр нь нь эрч хүчээр дутагддаг байна.
Хэрвээ нойр муутай бол эрүүл саруул, урт удаан наслалтыг мартахаас өөр аргагүй.
Сонирхолтой нь, зөвхөн богино нойр төдийгүй хэт их нойр ч амьдралын насыг богиносгодог ажээ.
Сэтгэл зүйчдийн өгсөн зөвлөгөөгөөр бол өдөрт 7-8 цагийн нойр хүнд хангалттай.
Нойрсох хугацаанаас гадна мөн нойрны чанар чухал байр суурь эзэлдэг.
Нойрноос сэрсэн хүн ядаргаа эсвэл нойрмог байдал бус харин бяр чадалтай, сэргэлэн цовоо байдал мэдэрч байх ёстой.
Сайтар нойр авахын тулд унтахаасаа хэдэн цагийн өмнө зурагт, компьютерээ унтраана, тасалгааны агаарыг сайн сольсон байх ёстой.
Ургамлын цай ууж тайвширна.
Дуу чимээ ихтэй бол чихэндээ зөөлөн хамгаалалт хийгээд унтана. 
5. Зөв хооллоорой
Өндөр настай хүмүүс залуу хүмүүсийн идэж ууж байгааг хэрэглээд байж болохгүй.
Японы өндөр настнууд хоол хүнсэндээ мах хэрэглэдэггүй, яагаад гэвэл хүнд бөгөөд хэтэрхий хортой гэж үздэг байна.
Долоо хоногтоо 2-3 удаа зөвхөн цагаан мах л хэрэглэнэ.
Цагаан гурилан бүтээгдэхүүн – энэ бол бие махбодийн алуурчин.
Японы өндөр настнууд өдөрт 1 цайны халбагаас илүүгүй давс хэрэглэдэг, хэт их халуун хоол идэхээс зайлсхийнэ, учир нь ходоодны хорт хавдар үүснэ гэж үздэг байна. 
Үүнээс гадна өндөр настай япончууд дунд тамхичин байх нь тун ховор үзэгдэл. 
Амттаныг зүрхний шигдээс болон чихрийн шижинд хүргэх эх сурвалж гэж үзэх тул бас л хэрэглэхээс татгалзана. 
Чихэр, бялуу, пирог зэргээс татгалзаж чадвал тархины үйл ажиллагааг дэмжиж ой санамжаа сайжруулна гэж үздэг байна. 
Урт удаан наслалтын цэсэнд – ширхэглэг, үр тариа, шинэхэн ногоо, жимсгэнэ орно. 
Ясны сэрийгжилт болох, бэртэл гэмтэл авахаас зайлсхийхийн тулд ислэг сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдэг. 
Бие махбодид агуулагдах кальцийн хэмжээг зохих түвшинд барих ёстой гэж үздэг ажээ. 
6. Байнга суралцаж хөгжиж бай
Бусадтай илүү их нийгэмшиж харилцдаг, аялдаг, ажилладаг, тархиа байнга ажиллуулдаг, шинээр гадаад хэл сурдаг хүмүүс илүү өндөр насалж байгааг судалгаагаар тогтоожээ.
Цагаасаа эрт хөгшрөхийг хүсэхгүй байгаа бол инерцээрээ/уруудах эрчээрээ амьдрах хэв маягаасаа салах хэрэгтэй.
Өнөөдрийн шинэ өдрийг өчигдрийнхтэй адилхан өнгөрөөж болохгүй.
Тархинд байнга шинэ мэдээлэл хаяж тэжээж занш, сэтгэн бодох үйлдлийг нь ашигла – ингэж байж л ахуйн орооцолдсон амьдралаас гарч чадна.
Өдөрт нэг цагаас багагүй хугацаанд ном уншихад та саруул оюун ухаанаа хадгалж чадна, нэг ёсондоо тархи “царцахгүй”.
Компьютерийн технологи эзэмшиж сурах хэрэгтэй – төсөөлснөөс ч амархан ажил шүү дээ уг нь.
7. Төлөвлөгөө зохио
Хүүхдүүд өсөж том болохоор ихэнх эцэг эх тайван хөгшрөхөөр шийддэг – энэ нь цорын ганц зам нь юм шиг л…
Энэ нь угтаа бол буруу бас хортой үзэл бодол.
Амьдралын муу нөхцөл байдал ч хүнийг түгшээхээ больдог.
Геронтологич эрдэмтдийн хийсэн саяхны нэг судалгаанаас харахад, амьдралын том зорилготой хүмүүс 90 хүртэл насалдаг, тэр ч бүү хэл зорилгогүй, төлөвлөгөөгүй хүмүүсийг бодвол хамаагүй эрүүл саруул байж чаддаг ажээ.
Өөрийн гэсэн амбицтай бас амьдралын том хүсэл зорилготой хүмүүс л урт удаан, аз жаргалтай амьдарч чаддаг.
Өндөр настнуудын нэг том зорилго нь ач зээ нараа харж халамжлахад байдаг, гэхдээ нэг зорилгоос өөр зорилго байх ёстой.
Өөртөө хэрэгтэй бас биелүүлэхэд тийм ч амар бус зорилго тавь – ингэж байж таны сэтгэл санаа төвлөрч бие мабходь чангарна.
Өөрийгөө хэзээ ч бүү өрөвд, шилдгүүдтэй л эн зэрэгцээд үзээд байх хэрэгтэй, өөрийнхөө үнэ цэнийг мэдэр, материаллаг эд зүйлсийн араас бүү яв.
Хүмүүс өндөр насанд хүрснээсээ шалтгаалж өөд болдоггүй харин үнэт зүйлээ гээснээсээ болж энэ хорвоог орхидог. 
Японы өндөр настнууд үүнд маш их анхаарал тавина, жишээ нь өдөр ямар хоол идэхээ маш нарийн тооцдог. 
Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, шинэ мэдлэг болгоны араас тэмүүл, залуу үеийнх шигээ үзэл бодол, сэтгэл хөдлөлтэй байхыг хичээ – үүнд насны тоо огт хамаагүй.
Хөдөл, хичээллэ, мэдлэгээ өргөжүүл, шинэ мэдээлэл авахыг хичээ – энэ бол урт наслалтын энгийн жор буюу эрүү өвдөг нь нийлсэн нэг хөгшин шиг харагдахгүй байх жор.
Эрүүл урт удаан наслалт зөвхөн таниас шалтгаална.
Санаагаар унах хэрэггүй, япончуудаас үлгэр дуурайлал ав, амьдралд таны үзэж хараагүй зөндөө олон сонирхолтой зүйл үлдсэн шүү дээ. 




Холбоотой мэдээ