ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГ ЭХНЭР Д.ЭНХГЭРЭЛИЙН ХАМТ АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
НийгэмЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГ ЭХНЭР Д.ЭНХГЭРЭЛИЙН ХАМТ АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
Ардын намын хамгийн хөрөнгөлөг гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эхнэр Д.Энхгэрэлийн хамт АТГ-т шалгагдаж эхэлжээ. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Сү.Батболдын “Чингис” зочид буудалтай хаяа залган “Сансар гарден” хотхоныг барих явцдаа Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Мэргэжлийн комиссын гишүүдэд асар их хэмжээний авлига өгснийх нь мөрөөр АТГ-ын мөрдөгчид ороод байгаа аж.
Цаашилбал, Б.Чойжилсүрэнгийн сайдын сэнтий ч ганхах бололтой. Бидний олсон баримтаар, Б.Чойжилсүрэнгийн худ Д.Дашцэрэн нь Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайтай халаас нэгтэй хамтрагчид явж иржээ. Тухайлбал, Д.Дашцэрэн, М.Баярмагнай нар 2015-2017 онд Хан-Уул дүүргийн III хороонд 650 айлын “Дэлгэрэх” хотхоныг барьж, худалдаж байжээ. Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, дэд сайд М.Баярмагнай хоёр ашиг сонирхлын асар том зөрчилтэй гэсэн үг. Тэгэхээр ам нээх бүрдээ “авлигатай тэмцэнэ” гэж ярьж яваа Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнээс авлигын хэрэгт холбогдсон, ашиг сонирхлын асар том зөрчилтэй Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцохыг шахаж, шаардах ёстой болж байна.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН ЭХНЭР Д.ЭНХГЭРЭЛТЭЙГЭЭ ХАМТРАН ЭЗЭМШДЭГ “ХАУС ИНВЕСТ” ХХК-ИАРАА “САНСАР ГАРДЕН” ХОТХОНЫГ ХУУЛЬ БУСААР БАРЬЖ, МЭРГЭЖЛИЙН КОМИССЫН ГИШҮҮДЭД АВЛИГА ӨГСНИЙГ АТГ-ЫНХАН ИЛРҮҮЛЖЭЭ
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Энхтайваны гүүр орчмыг “бетонон ширэнгэ” болгож дуусгасан нөхөр. Энхтайваны гүүрээр урагш давахад л түүний тансаг зэрэглэлийн “КН” апартмент угтана. Цаашаа залгаад “Хаан банк”-ны төв оффис буюу 25 давхар “КВ tower” гэх шилэн барилга, хажууханд нь байх “Наадам центр” гэх худалдаа, үйлчилгээний төв, чанх урд нь байх 780 айлын “Цэнгэлдэх” хотхон бүгд Б.Чойжилсүрэнгийнх. Ингээд болоогүй, Энхтайваны гүүрний баруун хойд үзүүрт “Наран тауэр” гэх 132 айлын хотхон бий, Энхтайваны гүүрний баруун урд үзүүрт “Энхтайван” гэх 160 айлын хотхон бий, аль аль нь түүнийх. Цаашилбал, “Төв цэнгэлдэх”-ийг тойрсон “Рапид харш” хороолол, “Академи” хотхон, “Хүннү 2222” хотхон, “Хүннү плас” хотхон, “Хүннү стандарт” хотхон гээд бүгд түүнийх. Товчхондоо, Энхтайваны гүүр, Төв цэнгэлдэх орчим Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “эзэнт улс” болчихсон.
Ийнхүү Энхтайваны гүүр, Төв цэнгэлдэх орчим өөрийнх нь барилгаар дүүрч, нэмж барилга барих байтугай нэг амбаар барих ч газар үлдээгүй тул Б.Чойжилсүрэн нутаг сэлгэхээс аргагүйджээ. Ингээд Сансарт, Сэлбэ голын эрэгт байрлах Сү.Батболдын “Е март” худалдааны төв, “Чингис” зочид буудлын хашаан доторх 2.4 га газрын тасалж авахаар болсон байна. Улмаар Хотын дарга Д.Сумъяабазар өнгөрөгч 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр А/214 тоот захирамж гаргаж, Сү.Батболдын “Е март” худалдааны төв, “Чингис” зочид буудалтай хаяа залгаа 1330100115 нэгж талбарын дугаартай 2.4 га газрыг Б.Чойжилсүрэн, Д.Энхгэрэл нарын “Хаус инвест” ХХК-д 2037 он хүртэл эзэмшүүлэхээр олгожээ. Ийнхүү Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Ерөнхий сайд асан Сү.Батболд гэх Ардын намын хамгийн хөрөнгөлөг хоёр гишүүн “айлсаж” эхэлсэн байгаа юм.
Ингээд Б.Чойжилсүрэн, Д.Энхгэрэл нар тус 2.4 га газар дээрээ “Хаус инвест” ХХК-иараа “Сансар гарден” нэртэй нийт найман блок, тус бүр нь 25 давхар 832 айлын орон сууцны хотхон барьж эхэлжээ. Ингэхдээ Б.Чойжилсүрэн “том толгойлж” тус хотхоныхоо барилгын ажлыг “Архитектур төлөвлөлтийн даалгавар” буюу “А” зөвшөөрөлгүйгээр хууль бусаар эхлүүлсэн байгаа юм. Гэвч нэгэнт хууль бусаар барьж байгаа учраас НМХГ-ынхан ч, Барилга хот байгуулалтын яамныхан ч, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрынхан ч тайван байлгахгүй байжээ. Ядахад, хууль бус барилгынхаа хөрсний усыг Сэлбэ голд нууцаар цутгаж байсан нь баригдсан, Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс барилгын үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гарсан зэргээр асуудал улам л өндрөө авсан байгаа юм.
Арга буюу Б.Чойжилсүрэн, Д.Энхгэрэл өнгөрөгч нэгдүгээр сард буюу “Сансар гарден” хотхоноо хууль бусаар барьж эхэлснээсээ бүтэн жил орчмын дараа Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас “Архитектур төлөвлөлтийн даалгавар” буюу барилгын “А” зөвшөөрлөө нөхөж авчээ. Хамгийн ноцтой нь, “А” зөвшөөрлөө нөхөж авахдаа Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын Мэргэжлийн комиссын гишүүдэд авлига өгснийг нь АТГ-ынхан илрүүлээд байгаа аж. Эх сурвалжийн мэдээллээр, Б.Чойжилсүрэн, Д.Энхгэрэл нар Мэргэжлийн комиссын таван гишүүнд тус бүрд нь 100 сая төгрөг, нийт 500 орчим сая төгрөгийн авлигал өгсөн нь эхний байдлаар шалгагдаж байгаа гэнэ.
Түүнчлэн, Б.Чойжилсүрэн, Д.Энхгэрэл нар “Хаус инвест” ХХК-иараа “Сансар гарден” хотхоныг хууль бусаар эхлүүлж, “А” зөвшөөрлөө авахдаа авлига өгснөөс гадна Усны тухай хууль зөрчсөн ноцтой хэрэгт ч холбогдож байгаа ажээ. Тодруулбал, “Сансар гарден” хотхон нь Сэлбэ голын эргээс хэдхэн алхмын зайд байрлаж байгаа. Усны тухай хуулийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-т “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барихыг хориглоно” гэж заасан байдаг.
Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ХУД Д.ДАШЦЭРЭН НЬ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ХУУЛЬ БУСААР ГАЗАРЧ АВЧ, 650 АЙЛЫН “ДЭЛГЭРЭХ” ХОТХОНЫГ БАРЬСАН ДУУЛИАНЫ ЭЗЭН БАЙЖЭЭ
Б.Чойжилсүрэнгийн охин Ч.Заяа, хүргэн Дашцэрэнгийн Галмандах нар “Рэссол констракшн” ХХК-ийг эзэмшдэг. Ч.Заяа, Д.Галмандах нар “Рэссол констракшн” ХХК-иараа “ОResh” гэх супермаркетыг аав Б.Чойжилсүрэнгийнхээ барьсан хотхон, хорооллуудад салбарлуулан сүлжээгээр ажиллуулж байгаа.
Б.Чойжилсүрэнгийн хүргэн Д.Галмандахын ээж Б.Баясгалан нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академийн Удирдахуйн сургуулийн захирлаар ажилладаг, доктор, дэд профессор цолтой. Харин Д.Галмандахын аав Д.Дашцэрэн нь “Женерал энержи прожект” ХХК, “Хиллфорт” ХХК, “Өсгүүн” ХХК, “Монгол уяа нафа” ХХК, “Дуут” ХХК-иудыг эзэмшдэг, Улсын начин, Архангай аймгийн алдарт уяач цолтой нэгэн. Сонирхуулахад, Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрладаг, дотоодын жуулчдын олноор нь татдаг халуун рашааны “Дуут ресорт” гэх амралт, жуулчны баазыг Д.Дашцэрэн “Өсгүүн” ХХК-иараа дамжуулан эзэмшдэг.
Тэгвэл Б.Чойжилсүрэнгийн худ Д.Дашцэрэн нь Хан-Уул дүүргийн III хороо, “ДЦС-3”-ын баруун хойно байрлах зургаан блок, 650 айлын “Дэлгэрэх” хотхоныг барьж, худалдсан дуулианы эзэн ажээ. Учир нь, Д.Дашцэрэн “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг”-ийн эзэмшил газраас хууль бусаар тасалж авч “Дэлгэрэх” хотхоныг барьсан гэгдэж ирсэн. Тодруулбал, Социализмын үед “Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэг” нэртэй, цэргийн өмнөх насны хүүхэд залууст цэрэг, зэвсэг техникийн боловсрол олгох, эх оронч үзлээр хүмүүжүүлэх үүрэгтэй байгууллага байсан. Тус нийгэмлэг нь 8.0 га эзэмшил газартай, буудлага, шүхэр, морин болон авто спортоор хичээллэх техник хэрэгсэл, талбай, олон тооны оффис, слакадны зориулалттай барилга, байгууламжуудыг эзэмшиж ирсэн. Одоо тус байгууллага “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг” нэртэй бөгөөд улсын төсвөөс санхүүждэг, даргаар нь хурандаа Д.Дашзэвэг ажилладаг. Тус нийгэмлэгийг олон нийт “Техник спортын төв” гэх нэрээр нь илүүтэй мэдэх байх. Хамгийн ноцтой нь, “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг”-ийн дарга, хурандаа Д.Дашзэвэг нь Б.Чойжилсүрэнгийн худ Д.Дашцэрэнгийн төрсөн ах ажээ. Тиймдээ ч 2015 онд Д.Дашзэвэг эрх мэдлээ ашиглан “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг”-ийн эзэмшлийн газраас 1.1 га газрыг төрсөн дүү Д.Дашцэрэнгийнхээ “Хиллфорт” ХХК нь шилжүүлж өгчээ. Харин Д.Дашцэрэн нь “Хиллфорт” ХХК-ийг “ЮП” ХХК-тай хамтран эзэмшдэг байсан бөгөөд 1.1 га газар дээрээ “ЮП” ХХК-ийн нэрээр 650 айлын “Дэлгэрэх” хотхоныг 2016-2017 онд барьж худалдсан байдаг аж. Хурандаа Д.Дашзэвэг төрийн мэдлийн газрын төрсөн дүү Д.Дашцэрэндээ хууль бусаар шилжүүлж өгснийхөө шанд түүний барьсан “Дэлгэрэх” хотхоноос 78 орон сууц хувьдаа авсан гэх мэдээлэл ч байдаг аж. Гайхмаар нь, Д.Дашзэвэг, Д.Дашцэрэн нарын хэн хэн нь “Дэлгэрэх” хотхоныг тойрсон эл асуудлыг олон нийтээс ор тас мартуулж чаджээ.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ХУД Д.ДАШЦЭРЭН НЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД М.БАЯРМАГНАЙТАЙ ХАЛААС НЭГТЭЙ ХАМТРАГЧИД
Б.Чойжилсүрэнгийн худ Д.Дашцэрэнгийн тухай илүү ноцтой баримт бас байна. Тодруулбал, Д.Дашцэрэн нь 2015 онд “Хиллфорт” ХХК-ийг “ЮП” ХХК-тай хамтран эзэмшдэг болж, улмаар “Хиллфорт” ХХК-ийнхаа эзэмшлийн 1.1 га газар дээр “ЮП” ХХК-ийн нэрээр 650 айлын “Дэлгэрэх” хотхоныг барьж худалдсаныг дээр дурдсан. Тэгвэл “ЮП” ХХК-ийг Эрчим хүчний дэд сайд Мягмарсүрэнгийн Баярмагнай эзэмшдэг ажээ. Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн худ Д.Дашцэрэн хоёр хамтран “Дэлгэрэх” хотхоныг барьж, худалдсан, халаас нэгтэй хамтрагчид гэсэн үг. Ингэхээр Б.Чойжилсүрэн, М.Баярмагнай нэг яам удирдах боломжгүй, ашиг сонирхлын асар том зөрчилтэй сайдууд болж таарч байгаа юм. Бас нэгэн ноцтой баримт нь, Б.Чойжилсүрэнгийн худ Д.Дашцэрэн нь “Женерал энержи прожект” ХХК нь Эрчим хүчний шугам сүлжээ татах, барилга байгууламж барих зөвшөөрөлтэй, Эрчим хүчний хүчний салбарын тендерүүдэд оролцож ирсэн байгаа юм.
Бид дараагийн дугаартаа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн эхнэр Д.Энхгэрэлийн нэр дээрх Жаргалантын амны газар болон “Нүүрсний хулгай”-н хэргээр яллагдагчаар татагдсан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын тансаг зэрэглэлийн хаус хотхонуудтай хаяа нийлүүлэн барьсан тансаг зэрэглэлийн нууцлаг хотхоны тухай дэлгэх болно.