Эмүжин: Хөх дэлхийн хүн болтол нь хөх Монгол түшнэ!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-08-31 08:26:18

Хөх дэлхийн хүн болтол нь хөх Монгол түшнэ!


Үгүй нээрэн, ийм нялх сайхан хүүгээ хүн орчлонгоос ч харамлана, орхимжноос ч харамлана. 

Монгол дээлтэйгээ, монгол түмнээ төлөөлөөд хөөрхөн юм аа. 

Халхын анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарыг Манжийн хаан 80 насны сүүдэр гэтэлтэл нь Бээжингийн шавар хэрмэнд хорьж, нутаг буцахыг жанч халтал нь зөвшөөрөөгүй гэдэг. 

Өндөр гэгээн Занабазар хэрэв нутаг буцахгүй л бол монгол түмэн хэдэн зуунаар Бээжингийн зүг саравчлан, бэтгэрсэн сүүгээ өргөсөөр, харийн хөлд хамаг оюун санаагаа түгжинэ гэдгийг ухаарч, нэг л өдөр "Халхын анхдугаар Богд нутаг буцаж, Ар Монголын зүг жолоо заллаа" гэсэн цуу яриаг сүсэгтэн олныхоо дунд тараасан гэдэг. 

Хаантны зарлигийг зөрчин Халхын Богд хаа холдов гэж басамжилсан яриа гарчээ. 

Хаан байтугайг сөрдөг орчлонгийн жамыг яалтай, оготор биеэ бясалгалаар хураахын оройн дээд шидийг яалтай билээ. 

Тэр өдрийнхөө маргааш үүрээр бие хураан, оюунаа залуурдан тэнгэр хальж дээ.

Сүнс нь Ар Монголын зүг мордлоо хэмээн түмэн олноороо наминчлан сүүгээ өргөсөн түүхтэй.

Бие нь ирж чадаагүй ч бэлчээр нь, билэг оюун нь Монголоо л гэсэн юм шүү дээ.

Түүнээс хойш хагас мянган өнгөрсөн байтал Өндөр гэгээн Занабазар буюу Халхын анхдугаар Богд, Түшээт ханы хоёрдугаар хөвгүүний хойд дүрүүдийг Монголоос төөрүүлэх гэж ингэтлээ дарамталж дарна гэхээр үүний ард оюун санаа, сүсэг бишрэл, эв нэгдлийн тусгаар тогтнол л хөндөгдөөд байгаа юм шүү дээ.

Эдүгээ Далай ламд сүсэглэн дагаж буй 2.0 тэрбум шахам бурхны шашинтнууд хэдхэн жилийн дараа Монголын 10 дугаар Богдоос адис авах гэж зорих болно, үүний хэрээр бяцхан Богдын маань үүрэг ачаа үндэс дэлхийгээр хэмжигдэнэ шүү дээ.

Ромын Папын айлчлалыг шашин хоорондын мэхийлт гэж нэрлээд байгаа нь ч учиртай.

Хүний сайхан хүү хөх дэлхийн хүн болтол яадаг ч байсан бүгдээрээ хараас харамлаж, сүүдрээсээ нууж тулж түшнэ шүү.

Монголын Богд Монголдоо төрөхөд уур нь хүрээд уушиг нь сагсайгаад байдаг хүмүүс байдаг бол эх түүхээ унш, эхэс гарлаа мэд, эгэл түмнийхээ эрх чөлөөний гэрлийг халхалж буйгаа ухаар!

Холбоотой мэдээ