Баабар: Шашныг өмөөрөхүй III
НийгэмМарксизм ба Буддизм
“Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” гэж хэлж байхдаа Маркс өөрийнхөө сургаалыг бас нэгэн шинэ шашин болно гэж зүүдлээгүй бизээ. Коммунизмын тухай таамаг нь бас нэгэн шинэ диваажингийн амлалт болж өөрийнх нь хөрөг Есүсийг орлох боллоо. Маркс шашныг басамжлан үздэг байсан бол түүний хамгийн үнэнч шавь Ленин шашныг шууд үзэн яддаг байлаа. Ленин, дараа нь Сталин марксизмыг шинэ шашин болгон хувиргасан юм. Ердөө л орлуулах журмаар. Маркс, Ленин нар сүсэгтэй сэхээтэн айлд өсөж хүмүүжсэн бол Сталин шашны сургуульд сурч байжээ. Ингээд л орлуулж гарлаа. Коммунизм-диваажин, сүм хийд-нам, хувраг-намын дарга нар, сүмээс хөөх-намаас хөөх, усан баталгаа-пионерт элсэх, дагшин газар-удирдагчийн бунхан, Есүс-Маркс болон бусад удирдагч, архад-улс төрийн товчооны гишүүд, чойг-намын батлах, шашны баяр-хувьсгалын баяр, тарни-намын лоозон, шүтээн алтарь-лениний болон сүхбаатарын танхим... гэх мэт. Гэхдээ өөр шашин болон ямар ч үзэл бодлыг үл зөвшөөрдөг дундад зууны католикуудын үеийн загвараар буй болгожээ. Иймээс коммунист инквизаци ч ажиллаж байсан.
Оросуудын оруулж ирсэн энэ шашны цаад мөн чанарыг монголчууд эхлээд ойлгохгүй байлаа. УБХ-ын дарга Гэндэн “Ертөнц дээр Будда, Ленин гэж хоёр аугаа бурхан төрсөн...” гэж хурал дээр айлдаж байв. Хоёр удаагийн Ерөнхий сайд Амар шүтлэгтэйгээ нуух байтугай илт идэвхитэй буддист аж. 1940 он гэхэд бүгдийг нь алж устгаж, буддын сүм хийдийг шатааж нурааж дууссанаар ортодокс марксизм өрсөлдөгчгүй ноёрхох боллоо. 1943 онд намын хатуу хяналтын дор Гандантэгчлэн хийдийг нээжээ. 1990 он хүртэл энэ сүм төрийн нэгэн хавсрага болж байсан төдийгүй нууц цагдаагийн газрын нууц туршуулын ч үүрэг гүйцэтгэж байсан. Төвдийн буддизм анхлан орж ирэхдээ бөөгийн бүдүүлэг зан заншлыг устгаж Энэтхэг Төвдийн асар их соёлыг тээн орж ирснээрээ нийгэмд мундахгүй их дэвшил авчирсан. Яг адилхан процесс энд бас болсон юм. Марксизм орж ирснээр өрнийн соёл иргэншлийг тээн авчирч шинжлэх ухааныг ихэд хөгжүүлсэн. “Шар машин” гэгдэх оюун санааны хүлээсийг зад татан, мухар сүсгээс үүдэлтэй бүдүүлэг зан заншлыг халж, нийгмийн асар том дэвшил дагуулсан билээ.
Монгол сүжиг
Иргэншлээс зөвхөн бэлэн зүйлсийг нь хэрэглэж байсан талын нүүдэлчин монголчууд иргэншсэн шашныг мухар сүжгийн хэмжээнд ашиглана уу гэхээс цаад мөн чанар руу нь орж автаж байсангүй. Эзэлсэн орондоо суурьшсан монголчууд л хэдэн үе өнгөрсний дараа жинхэнэ лал, күнз, христос, буддын шашинтан болж байлаа. Рүбрүкийн баталж байгаагаар христос мөргөлтөн болсон нүүдэлчид байтугай миссионер, хуврагууд нь хүртэл олон авгайтай, архи дарс уугаад явдаг аж. Загалмайд хүлэгдсэн Христын дүрсийг хуу татаад авчихана. Хүн төрлөхтний гэмийг өөртөө хүлээн шаналж байгаа жинхэнэ утгыг нь ухахгүй, тиймдээ ч бусдад тайлбарлаж чадахгүй болохоороо ингэж байсан болов уу.
Төвдийн буддизм орж ирсэн ч энэ шашны жинхэнэ философи, арга ухаан, мөн чанар нүүдэлчдийн дэндүү ихэнхид дэндүү холын юм байлаа. Бөөгийн мухар сүжгийг орлох төдий үүрэг гүйцэтгэх болов. Ерөөсөө бөө нь үхэгсэдийн сүнсийг шүтэх гаргалгаатай. Өөрийн өвөг дээдсийн сүнс тэр хүндээ Бурхан байдаг. Ингэхээр зэрэгцээ хоёр хүний шүтээн бурхан тус тусдаа байдаг нь гайхмаар зүйл биш төдийгүй, ерөөсөө л угаасаа ийм байх ёстой аж. Иймдээ ч нүүдэлчид алив шашныг хэзээ ч харилхдаггүй, хэрэгцээ гарвал тун амархан өөриймшүүлчихдэг ажгуу. Чингисийн их гүрэнд дайсагнагч шашнууд эв найртайгаар зэрэгцэн оршиж байсны нууц энд болов уу.
Оросын эрдэмтэн Майский 1918 онд Монголд ирэхдээ нэгэн хачирхалтай зүйл олж ажигласнаа тэмдэглэсэн байдаг. Нэгэн баян нүүдэлчин өглөө христийн сүмд загалмайлаад зогсож байж. Өдөр нь тэднийд очсон чинь лам авчирчихсан ном уншуулаад сууж байж. Орой нь харин тэднийд бөө уригдан ирж түүдэг ноцоож онгон тэнгэрээ дуудан эзний муу муухайг зайлуулж байх юм гэнэ. Гэрийн эзнээс яагаад энэхүү хоорондоо харш шашныг зэрэг зэрэг шүтдэгийг нь асуужээ. “Нэг нь тус болохгүй гэхэд нөгөө нь туслах байлгүй” хэмээн цаадах нь маш прагматикаар хариулж. Алив шашинд хандах монгол хүний жинхэнэ дүр!
1937-38 онд 800 шахам сүм хийдийн 6 мянга орчим барилга байгууламжийг үнэн хэрэгтээ монгол хүн гараараа галдан нураасан. Заавар, зандрал тулгалт нь цаанаасаа байсан ч монгол хүн өөрийн гараар энэ нүглийг үйлдсэн. Хэрэв буддын ухааныг мөн чанараар нь ойлгодог байсансан бол ийм нүгэл хийхээс үхлийг дээрд үзэх байсан болов уу. Үүнээс даруй дөрвөн зууны тэртээ хэдэн мянган жил шүтсэн бөөгийн ёсоо төвдийн буддизмийн суртлаар харгислан дарж үгүй хийсэн билээ. Төвдөөс суртал нь ирсэн болохоос үүнийг мөн л монгол гар гүйцэтгэсэн. Хожим нь орж ирсэн марксист шашинд монголчууд үнэнчээр үйлчилж, үүгээр урьд нь байсан буддизмыг орлуулах болжээ. 1980-аад оны дундуур энэ талаар судалгаа хийсэн европын шинжээчдийн тайланд “марксизмыг шашны хэмжээнд ритуал, итгэл үнэмшилтэй нь мөрддөг магадгүй цорын ганц ард түмэн” гэж гайхшран нэрэлсэн байдаг. “Шашин хориглогдоод хэдэн үе өнгөрсний дараа хүмүүс орлуулж болох юуг ч шинэ шашин болгон мөрддөг юм байна” гэсэн нээлтийн хэмжээний дүгнэлт гаргаж байлаа, тэд.
Ардчилал ба шашин
1990 оны ардчилсан хувьсгал шашны эрх чөлөөг авчирлаа. Гучаад онд Монголд арчигдсан төвдийн буддизм 1990 онд буцаж ирэх хооронд Монголын нийгмийн харилцаа, бүтэц, зэрэг дэв үндсээрээ өөрчлөгджээ. Иргэншил гүн шингэсэн, хүн амын ядахнаа тал нь иргэншсэн орчинд амьдардаг, бүх нийтээр бичиг үсэгтэй, үйлдвэржсэн, хотжисон, ухамсаржсан, соёлжсон нийгэм болжээ. Шинжлэх ухаан энэ нийгмийн ертөнцийг ойлгох гол аргачлал нь болсон юм.
1991 онд хийсэн судалгаагаар хүн амын 80 хувь нь өөрсдийгөө буддист гэж тооцдог гэнэ. Ямар марксист гэлтэй нь биш! Харин 2000 онд хийсэн судалгаагаар өөрсдийгөө буддист гэж үзэгчдийн тоо 50 хувь хүртэл цөөрчээ. 2006 онд америкчуудын хийсэн судалгаагаар буддист шашинтай хүмүүс 15 орчим хувь байлаа. Энэ судалгааны урьдынхаас ялгаатай нь хүн өөрийгөө ямар шашинтай гэж үзэж байгааг нь биш хөндлөнгөөс нь үнэхээр ямар шашин шүтдэгийг нь тодорхойлсон юм. Христосын шашинтай 5 хувь, лалын шашинтай 3 хувь, бөө мөргөл шүтдэг 5 орчим хувь гарч ирж байна. 20 гаруй хувь нь ямар ч шашинд хамрагдаггүй аж. Үүний дотор атейст ч байна, ортодокс марксист ч байна, гэхдээ олонхи нь агностик үзэлтэй аж. Цаана нь үлдсэн 50 орчим хувийг анимизмтай холбон тайлбарлажээ. Марко Пологийн номын орчуулгад ийм хүмүүсийг “дүрс хөрөг шүтэгчид” гэсэн байдаг. Мөнөөх Майскийтэй тааралдсан олон шашинтан эрийг хэлээд буй хэрэг. Өөрөөр хэлбэл ердөө л мухар сүсэгтэн. Бөө ч мухар сүсэг, тэгэхээр юугаараа ялгагдах вэ? Бөө шүтэгч хүмүүс тэрийгээ л итгэл үнэмшил болгодог бол анимистууд бөөг оруулаад юуг л бол юуг сүслэнэ.
Эд хэн бэ? Шалгалтын өмнө хүрд эргүүлдэг оюутнууд, гаалийн байцаагчийн өмнөөс шороо цацдаг наймаачид, айл ухсан олзноосоо Ганданд аваачиж өгдөг хулгайчид, өвчин зовлонгоо эдгээх гэж боловсон эмнэлэгээс эхлээд бөө хүртэл тэнэдэг өвчтөнүүд, өр ширнээсээ салах гэсэн зовлонтон, өрсөлдөгчөө хорлож үхүүлэх гэж гүрэм уншуулдаг атаач, олсон хэдээ эргүүлж алдахаас айн даатгал “төлдөг” баячууд, албан тушаал ахих гэсэн горьлогчид, үрэгдэгчийн араас гунихрагч, зүгээр л нойр шингэрсэн бие чилээрхсэн хүмүүс гээд нийгмийн бүх давхрагаас янз бүрийн асуудалтай улс юм. Ер нь ч тэгээд цайчихсан тэнэгийг тооцохгүй бол асуудал бэрхшээлгүй хэн байх билээ. Үүндээ чухам яаж хандаж байна гэдэгт л хэргийн учир бий.
Шинжлэх ухаан, техник технологийн ийм өндөр эрэмбэд гарсан XXI зуунд, муу ч сайн ч нийтээр сургууль номоор явсан орчин цагийн хүмүүс ийм олноороо яагаад мухар сүсэгтэн болж хувирав? Олон шалтгаан бий байх. Итгэл үнэмшил байхгүйгээр гурван үеийг өнгөрөөжээ. Явсаар ганц итгэл нь коммунизм болсон. Гэтэл коммунизм ганцхан өдрийн дотор хайлан урсахад хүмүүсийн итгэл үнэмшилд асар том хоосон орон зай гарчээ. Итгэл үнэмшил, ариун дээд юм, эрхэмлэх зүйл, амьдралын утга учрын тухай төсөөлөл, ертөнцийг харах үнэлэмж асар дээр үеийн бүдүүлэг отог омгийн гишүүдэд үүссэн тухай дээр өгүүлсэн. Шинжлэх ухаан нь хүмүүсийн мэдлэг дээр суурилж, байгаль эд юмсын объектив талыг нь судлан нууцыг нь ойлгуулдаг. Харин шашин бол оюун санаа, төсөөлөл дээр суурилан хоосныг судлана. Аль алин нь танин мэдэхүй, гэхдээ нэг нь биет зүйлийг, нөгөө нь биет бус зүйлийг танина. Шашин бол ариун, дээд танин мэдэхүй. Шинжлэх ухаан мэдлэгийг буй болгодог бол шашин мэдэрхүй буй болгоно. Хүн шинжлэх ухаангүйгээр амьдрана, харин хомо сапенс хэмээх оюунт хүмүүн шашингүйгээр бараг л бололцоогүй болов уу. Хэрэв шашин гэдгийг итгэл бишрэл, ариун дээд юм, үнэмшил, бишрэл гэж үзэх юм бол шүү дээ. Шашин бол танин мэдэхүй төдийгүй соёл, урлаг, гүн ухаан, боловсрол, хүмүүжил юм. Орчин үеийн ихэнх шашин олон жилийн намтартай, өөрийн үзэл санаатай, ёс журамтай учир хүмүүнд хар багаас нь сууж хүмүүжүүлж, ёс суртахууныг нь тогтоож, болох болохгүйн заагийг тогтоож өгдөг. Харин ердийн мухар сүсэг нь бэлтгэлгүй хүнд тун амархан сууна. Чухам ийм л шалтгаанаар гэнэт өөрийн ариун нандин гэх зүйлгүй, итгэл үнэмшилгүй болсон нийгэмд мухар сүсэг хүчтэй нэвтрэн орсон болов уу. Олон шалтгаан бий байх, гэхдээ энэ бол хамгийн гол учир нь байхаа. Иймдээ ч хүмүүс үзтэл галзуу солиотой, эсвэл улайм цайм луйварчид руу “юм яаж мэдэхэв!” гэсэн үндэслэлээр өргөл өвөртлөн цувна.
Шашны зах зээл
Эрэлтийг дагаж нийлүүлэлт буй болдог. Нийлүүлэлт ч эрэлтийг өдөөдөг. 1990 оноос Монголд оюун санааны тулгуурын асар их эрэлт буй болжээ. Шилжилтийн эхний үе ядуурал, инфляци, гэр оронгүй хүмүүс, барааны хомсдол, ажилгүйдэл дагуулсан. Ингэхээр хүмүүс юун түрүүн аврал хайж юунд л бол юунд итгэхэд бэлэн болжээ. Анхны оюуны аврал амлагч нь Ерөнхийлөгчийн үзмэрч, гал гаргадаг хүүхэн, алтан цөгц, өөр гаригийнхан, Ромбу хэмээх нууцлаг биест, 69 машинд угсарсан мөнхийн хөдөлгүүр, Чингисийн булш, Унгерний нуусан алт эрдэнэс байсан, бүгд л хөдөлмөр заралгүйгээр амархан хөлжих арга зааж өгөв.
Шашин болгонд “культ” гэгддэг гажсан, үндсэн санаанаас хол зөрсөн, зарим тохиолдолд хүчирхийлэл, амиа хорлол, солиорол суртчилдаг хориотой урсгал бий. Тэр жилүүдэд чухам ийм культууд эхэлж орж байв. Мэккагаас “буруу номт” гэж зарлагдсан, лалын ихэнх оронд хориглогдсон урсгал л 1990 онд Баян-Өлгийд хамгийн түрүүн ирж байсан. Энэтхэгээс хиндугийн хориглогдсон зарим культ орж ирсэн нь одоо болтол энд байсаар байгаа. Христийн сайнслоги гэх мэтийн культ ч орж ирсэн. Токиогийн метронд хорт утаа тавьж олон хүнийг үхүүлдэг Ом Шанригийн бүлэг ч төвдийн буддизмын нэг культ юм. Ийм гаж үзэгдэлд нийгэм хамгаалалтгүй байлаа.
Бараг мөхөж алга болоод 400 жил болсон бөө мөргөл эргээд гараад ирлээ. Угсаатан судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлүүд шинэ бөө нарын гарын авлага болох нь тэр. Эрдэмтэн Пүрэв, Бадамхатан нарын бүтээл ингэж луйвар хийх хэрэгслэл болдог байжээ! 1996 онд нар хиртэхэд гадаадын жуулчдыг хоргоож байсан бөө нар Ураалын их сургуулийг төгссөн сэхээтнүүд байж билээ. Хөвсгөлийн тайгад цаатан болж жүжиглэн урцанд сууж бөөлөгчид дунд сургууль төгссөн монгол хүмүүс байдаг. Бөө удамшдаг гэж ярьдаг, тийм юм бол тэнэг ч, зальхай ч, луйвар ч удамших ёстой. Юутай ч удамшдаггүй юм гэхэд халдвартай бололтой. Хөвсгөл гэдэг гучаад оны үед байгуулсан зохиомол аймаг. Урд сумд нь Сайн ноён ханых, баруун сумд Засагт ханых, зүүн хэсэг нь Түшээт ханых. Зөвхөн хойд тайга нь Богдын шавь байлаа. Одоо ч “би хөвсгөлийнх” гэвэл “мөнгө өгөхгүй бол хараана шүү” гэсэн утгатай болоо шив дээ! Өвчин бүх улс даяар тархаж дотроо ихээхэн өрсөлдөөнтэй, захиалга ч ихтэй дажгүй бизнес болжээ. Биенийгээ хараалгаж өрөөл татуу болгох, улмаар үхүүлэх захиалга хамгийн эрэлттэй нь. Нэгийг нь хараачихаад, нөгөө дээр нь очиж хараал хариулаад орлогоо хоёр нугална.
Буддистууд гэгч манай лам нарын тухай олон юм яримааргүй байна. Урьд бол До яамны нууц мэдээлэгчид цөөнгүй байсан, одоо ч олзонд явдаг ичих нүүргүй гар л олширч. Тэд хаа л бол хаа, ингэхээр бүгдээрээ сайн мэдэх болоо биз. Энэтхэгт зуу зуун монгол лам сурч байна. Тав зургаа нь үнэхээр дээшээ гараад явчихсан залуучууд байнаа. Бусад нь Монгол Энэтхэгийн хооронд бумба зөөх юм. Бумба тахиулахаар айл баяждаг гэнэ. Хөдөлмөр заралгүйгээр баяжих хүсэлтэн санасныг бодвол олон шүү дээ. Намсрай гэж бурхан бий, мөнгөтэй хүн түүнээ хэрхэн зарцуулахыг, яаж түүгээрээ буян үйлдэх ёстойг заасан ёс суртахууны кодекс болохоос ядуу айл болон компанийг баяжуулах ямар ч ид шид түүнд байхгүй. Манал бурхан ч эмчийн ёс зүйг заадаг, өнөөгийн ойлголтоор Хиппократын тангараг болохоос эмчлэх эдгэрүүлэх далдын ид шид үгүй. “Таравчимбо”, “Жадамба”, “Банзрагч” гэх мэтийн номыг тангадаар нь уншихаар үл ойлгогдох тэр чимээг сонсоод хүнд ямар өөрчлөлт гарах вэ? “Ганжуур” бол буддизмын нэвтэрхий толь, орчин үеийн ойлголтоор “Британника” энциклопеди юм даа. 108 боть энэ аврага судар хэд хэдэн янзын хэвлэлтэй. Номын хавтаслалтаас нь болоод нэгийг нь Алтан ганжуур, нөгөөг нь бэхэн Ганжуур гэнэ. Харин Гандангийн унших тариф өөр өөр, ямар учиртайг нь Будда өөрөө ч ойлгомгүй. “Ширнэн” бол Буддагийн сургаалын дээд орой, ертөнц хоосон гэдгийг баталсан шастир. Одоогийн ойлголтоор Кантын “Цэвэр шалтгааны шүүмж”-ийн зэрэглэлийн гүн ухааны бүтээл. Ийм нарийн юмыг хүний буян заяа дуудахад зориулж уншихаар яахав? Занабазар “Жанаг гагадог” гэдэг шүлэглэсэн ерөөл төвдөөр зохиожээ. “Хар хятадыг хорихуй” гэж орчуулж болно. Үүнийг одоо мэнгэ засалд уншдаг. Ийм юм бол Парчингийн “Алтайн магтаал”-аар мөн ч олон юм аргалж болохнээ? “Жадамба” бол Буддагийн сургаалын хураангуй эмхтгэл. Энийг суудал засах гэх мэт мужаан маягийн юм болгожээ, манай лам нар. “Банзрагч” хэмээх гүн ухааны зохиол “малын банзрагч” болсон нь доромжлол уу? “Таравчимбо” хэмээх гайхалтай зохиолын монгол нэр нь “Үлэмж гэгээрүүлэгч”. Энийг төвдөөр уншуулж сонсохоор хувь заяанд эргэлт гардаг юм бол Гегелийн “Шашины философи” зохиолыг германаар уншуулал даа, ялгаа бий юу?
Ном уншиж засал хийдэг энэ тэнэг балай ёс анхлан үүсэж байхад амьдарч асан Данзанравжаа эсэргүүцэн тэмцсэн учир галзуу согтуугаараа мөн ч их дуудуулж байсан аж. Эдгээр зохиолын төвд бичлэгийг одоогийн төвд хүн ч ойлгохгүй, учир нь хэл өөрчлөгддөг болохоор номын сонгодог хэлбэр гэдэг нь болсон. Эдгээр номонд нь уг нь буддагийн сургаалыг энгийн сүсэгт хүмүүст хялбарчлан тайлбарлаж өгөхийг захисан байгаа. Эдгээр номонд нь од гаригийн хөдөлгөөн, он сараар хүнийг мэргэлж мунхруулахыг тас хориглосон байгаа. Эдгээр номонд нь ид шид гэж байхгүй, хүн зөвхөн өөрөө хайж байж үнэнийг олно гэсэн байгаа. Харин монгол сүсэгтэн тарифаар мөнгө төлөөд хэтэвчээ дундлаад л гарна. Зонхов, Адиша нарын үед Төвдөд ч, Монголд ч бичиг үсэгтэй хүн ховор байсан, иймдээ л лам царайчлах хэрэгтэй байж. Нийтээр бичиг номтой болсон өнөө үед хөтлөгч хэрэгтэй юу? Ойлгохгүй юм гарч болно, тэрийг хэлээд өгөх лам ч ховор доо, ховор. Гандангийн үүдэн дээр гадаад хүн харуулдаад суудаг лам нарыг хэн хүнгүй таних болоо биз. Бурханы өргөөнд орж үзэхийн тулд 10 доллар төлдөг өөр тийм сүм дэлхий дээр үгүй байхаа.
Суврагыг анх энэтхэгчүүд бодож олжээ. Буяны гэхээсээ сейфний зориулалттай байсан нь сонин. Тэнд номын эхийг хадгалдаг, хожим маргаан гарвал тэндээс судраа гаргаж тулгадаг байж. Сувраганд ямар ч ид шид байхгүй. Харин энэхүү улаан халтуур овоотой өрсөлдөн олширсоор. Ньютоноос хойш од гаригийн хөдөлгөөн маш тодорхой болсон. Хүсвэл үүнээс цааш хэдэн мянган жилээр гариг эрхэсийн хөдөлгөөнийг секундээр нь тодорхойлж болно. Үүнд нэг их ухаан орохгүй. Пифагорын теоремыг сургуульд хүүхдэд заадаг болохоос математикийн хүрээлэнгийн эрдэмтэд өглөө бүр энэ теоремыг дахин батладаг, үүнийхээ төлөө цалин авдаг төдийгүй теоремыг өдөр болгон зөв баталдаг гээд цол зэрэг авбал ямархуу байхав? Шинэ жилээ хэднээс тоолох нь ёс заншил дагасан үзэмжийн асуудал, энд ямар ч шинжлэх ухаан хэрэггүй. Календарь зарах гэсэн луйварчдын маргаан буддын философи, шинжлэх ухааныг хэлмэгдүүлнэ.
Шашин манайд улс төрийн тоглоомд хамгийн их ашиглагддаг нохойд барьдаг мод. Устгаж нэг тоглоод л, сэргээж нэг тоглоод л, үйлийн ч үртэй юм даа. 1990 оны сонгуульд аравнайлсан шүдэнз тарааж санал авч байлаа. Одоо ч замаа алдсан. Бөө, буддизм хоёрыг ялгах тэнхэлгүй улс төрийн зүтгэлтнүүд тэнд ч уул овоо тахиж гол нуур руу алт эрдэнэс цацаад л, энд ч төвдийн бурханжсан чөтгөр шуламны зураг хөрөг хийлгэж төрийн байгууллагын шүтээн болгоод л. Чингис хаан хүртэл төвд бурханы хойд дүр болоод явчихлаа. Өөрөө мэдвэл эднийг цаазлах байсан даа. Уул нь важрапаань бурханыг XVI зуунд халхын Автай сайн хан Төвдөөс залсан гэдэгсэн. Богд хаан уул овоо тахих журмыг цэгцэлж төрийн тахилгатай дөрвөн уулыг нэрэлж, шүүсийг нь орон нутаг гаргах, ёслолд дэд сайдаас доогуур хүн төр төлөөлж оролцохоор зарлиг гаргасан байдаг юм. Одоо ч сум болгон төрийн тахилгат овоотой болох гэж уралдан, сонгуулийн өмнө үүнээ баталгаажуулж авах болж. Уул нь тахилгыг номоор нь хийх гэж байгаа бол залуу онгон охидыг усанд үйж, галд шатаадаг ёстой юм шүү дээ, дарга нар минь! Төрийн яам агентлаг албан газрууд бөө нь мэдэгдэхгүй, буддизм нь мэдэгдэхгүй тахилга шүтээний албан танхимтай болоод авлаа. Батлан хамгаалах яам хүртэл шүү! Сүхбаатарын танхимыг орлож байгаа юм байх даа? Тэнд салбаганасан бөө гэгч, улаан шарыг намируулсан лам нар уралдан очиж гүрэм уншиж, хараал хийж, даатгаж, сүр үзүүлж дөвчигнөцгөөнө. Төр шашин хоёрыг салгасан Үндсэн хуулийн заалт цаанаа олон утга агуулсан бүхэл бүтэн зарчим юмсан. Монголын үр хүүхдийг төр даан заавал нийтийн сургалтанд хамруулах хууль бий. Энэ бол хойч үеийн өмнө хүлээсэн үе үеийнхний үүрэг, хариуцлага. Сүм болгонд бичиг үсэгт ч тайлагдаагүй мухар толгойтой тэнэг банди нар олширсоор. Хүүхдийг сүмд аваачиж хүн биш болгодог өөр ийм шашин байдаг болов уу? Сүсэг бишрэл гэдэг бол насанд хүрсэн хүний чөлөөт сонголт шүү дээ. Тэр дундаа буддизм бол хүүхдийн шашин биш. Өнчин тэнэмэл хүүхдийг хайрлах халамжлах хүмүүжүүлэх, тэднийг гэгээрүүлэх ажил гадныхны л үйл хэрэг юмаа даа. Уул нь буддизм ч ийм буян хийдэг болох нь Их хөлгөний сүм, III хорооллын сүм зэрэг гадаад захиргаатай буддын сүм хийдийн ажиллагаанаас харагдаад байх юм. Тэд өргөл барьц ч авдаггүй, төлбөртэй ном уншдаггүй, мэрэг төлөг тавьдаггүй.
Жич: Энд шашиныг үгүйсгэсэн, буддизмыг доромжилсон ямар ч санаа агуулаагүй, харин ч өмөөрч байна. Үеэ өнгөрөөсөн ч бай, бүдүүлэг ч бай хэн хүнгүй бөө ч шүтэх эрхтэй. Залилан бол шашинаас их л өөр зүйл. Орчин үеийн ертөнцөд аль ч орны хуулинд залиланг эрүүгийн хуулиар шийтгэдэг шүү дээ. Үнэн сүсэгтэн, жинхэнэ номтой лам цөөнгүй бийг энд огт үгүйсгээгүй. Харин шашиныг бизнес луйвар, дээрэм болгосон үзэгдэл манай нийгэмд илэрхий давамгайлаад байгааг эрхбиш та зөвшөөрнө бизээ? Бидэнд зовлон маш их байна. Манай нийгэм зовж байна. Монгол орон зовж байна. Зовлонтой нь биш шалтгаантай нь тэмцэж, шалтгааныг олж арилга гэж суут Сиддарта Гуатама тэртээ 2500 жилийн өмнө хүн төрлөхтөнд сургасан. Түүнийг бид Будда гэдэг нэрээр нь сайн танинаа.