Хувцасны цаадахь философи

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-09-09 06:05:25


Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг үргэлж саарал өнгийн футболка, жинсэн өмдтэй харагддаг. 

”Apple”-ийн Стив Жобс хоолойтой хар цамцнаас салдаггүй байсан. 

Агуу Эйнштейний дуртай хувцас нь саарал костюм. 

Утга зохиолын дээд сургуульд суралцаж байх үед утга зохиолын онолын Ч.Билэгсайхан багш “Европчууд биед эвтэйхэн хувцас харвал нэг өнгө, ижил загвар байсан ч хамаагүй хэд хэдийг авчихдаг. Хувцас бол тэдний хувьд энгийн хэрэглээ учраас тэр.

Манайд ингэж өмсвөл энэ одоо өөр хувцасгүй юм байх даа гэж өөлнө дөө” гэж ярьсан нь санаанаас гардаггүй юм.

Хүний тархинд секунд тутамд 11 сая ширхэг мэдээлэл ирдэг, гэтэл хүн гээч амьтны тархи нэг дор гурван зүйлд л зэрэг төвлөрөх чадвартай, үүнээс ахиад ирэхээр анхаарал нь сарниж, зөв шийдвэр гаргах боломжгүйд хүрдэг гэсэн сонирхолтой статистик бий.

Бүтээмж өндөртэй эрхмүүд элдэв зүйлд сатаарахгүй гэсэндээ ижил загварын аятайхан хувцаснаас хэд хэдийг сонгочихдог байж мэдэх л юм.

Нээрээ л хувцсаа сонгох гэж дэлгүүр хэсэх, худалдаж авах үгүйгээ шийдэх гэж толины өмнө эргэлдэх, өглөө сэрээд хувцасны шүүгээгээ онгичиход зарцуулсан хугацаагаа тооцоод үзвэл өчнөөн цаг гарах байх шүү.

Тийм болохоор “Interstellar” киноны найруулагч Кристофер Нолан “Өглөө бүр юу өмсөх вэ гэж бодох нь энерги барсан, стресстэй зүйл” гэж төвөгшөөсөн байх.

Зохиолч Алис Грегори “Өдөр бүр адилхан хувцаслах нь өөрийгөө олонд таниулах хамгийн хэмнэлттэй, хялбар арга.

Бас тогтвортой, бие даасан байдлын илэрхийлэл.

Хүүхдийн номны гол дүрийн баатрууд үргэлж нэг хувцастайгаар дүрслэгддэг нь бяцхануудыг маань үлгэр дуурайл аваг гэсэндээ тэр” гэсэн нь бий.

Хуучин хувцсаа хэрэгтэйд нь хандивлах, таалагдлаа гээд өмсөхгүй өчнөөн хувцас шүүгээндээ ирийтэл өрөхөөс хүн төрөлхтөн татгалзах болсны цаана байгальдаа ээлтэй аж төрөх гэсэн бас нэг том агуулга бий.

Дэлхийн хэмжээнд жил бүр 150 тэрбум хувцас үйлдвэрлэдэг гэсэн статистик бий.

Нэг хүнд дунджаар 20 хувцас ногддог гэсэн үг.

Шинэ хувцасны үйлдвэрлэл экологид хэрхэн нөлөөлдгийг ганцхан жинсэн өмдөөр жишээлье.

Ганц ширхэг жинс үйлдвэрлэхэд 7 орчим литр ус зарцуулдаг.

Будах зэрэгт хэрэглэдэг химийн бодис нь агаар бохирдуулдаг гэж ирээд яривал цөөнгүй сөрөг нөлөөг дурдаж болно.

Хувцаслалтын тухай иймэрхүү баримт цуглуулж, бичвэр эхлүүлэх зуураа шүүгээгээ нээж харсан юм. 

Ирийтэл өрсөн хувцаснаасаа ихдээ л гурваас, дөрвөн ээлжийн хувцсаа байсхийгээд шүүрч авдгаа анх удаа анзаарлаа. 

Яг дуртай, байнга өмсдөг хэдээ авч үлдээд бусдыг нь хуучин хувцас авдаг газарт аваачиж өгье гэж бодоод шүүгээгээ хаасан. 

Манайд хуучин хувцас зардаг, хандивладаг хүмүүнлэг бизнес дориун хөгжиж байгаа юм билээ. 

Хуучин хувцасны загварыг өөрчилж “шинэ хувцас” болгоод хэр таарсан үнээр хэрэгтэй хэсэгт нь худалдаг бизнес ч эхэлсэн дуулдсан

Холбоотой мэдээ