Б.Ганхуяг: Тамгатай төртэй үлдэхийн тулд найруулж байгаа жүжгийг чинь би мэдэж байгаа, хоёр талаасаа адилхан жүжиг найруулья.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-09-12 13:17:05

Б.Ганхуяг: Тамгатай төртэй үлдэхийн тулд найруулж байгаа жүжгийг чинь би мэдэж байгаа, хоёр талаасаа адилхан жүжиг найруулья. 


Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 09 цагт эхлээд яллагдагч Б.Ганхуяг шүүгч Б.Халиунаас татгалзах санал гаргаснаар хурал 13:30 минут хүртэл завсарласан. 

Улмаар завсарлага дуусч хэлэлцүүлэг 14 цагийн орчимд эхэлмэгц яллагдагч Б.Ганхуяг дахин Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзах санал гаргаж, энэ үеэр түүний хэлсэн үг   анхаарал татав. Түүний хувьд өнгөрсөн есөн сарын хугацаанд хоригдож байгаа бөгөөд ингэхдээ нүүрсний хэргээр бус жорлонгийн хэрэг тохож байгаа гэдгийг хэлэв. 

Хэрэв шүүгч нар нь солигдвол Б.Ганхуяг их л юм хэлэх шинжтэй. 


Өнөөдрийн ХЭЛСЭН үгийг нь онцолбол: 


-Бид энд золиослогдоод тэд тэнд Засагтайгаа, тамгатай, төртэйгээ үлдэж болохгүй. Ямар ч нүүрсгүй нүүрсний хэрэг.


-Энэ 11 хүнд холбогдох хэргийг та нар уншаарай. Гүйдэг хаалганы хэрэг, модон хашааны хэрэг, чирдэг жорлонгийн хэрэг гээд яах гэж байгаа юм, тэрийг ард түмэнд жорлонгийг нь хураалаад гээд өөрсдийгөө аврах гэж байгаа юм уу. Үүнд итгэдэг ард түмэн гэж байхгүй. 


-Нүүрсний том том төслүүд нь хаана байгаа юм бэ, энэ төслүүдийн ард байгаа эзэд нь хэн юм, Аюурсайхан юм уу. Аюур биш. Энэ хүн энд юу хийж суугаа юм бэ. Надтай хальт найзалсных нь төлөө энд суулгаж байгаа бол бүгдийг нь аваад ир. 76-уулаа сууя хэдүүлээ. 


-Нүүрсний сүртэй яригдаад байсан нууц гэрээ, нүүрсний тээвэр, хил, гааль энэ бүхэн хаана байгаа юм бэ. Би АТГ-т бүгдийг нь хэлсэн, одоо хаана байна.


- ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр БНСУ-д орд зарсныхаа хариуд явуулсан мөнгөө над дээр бичээд явах юм уу, тэгвэл бүгдийг нь бичээд аваад ир. Эцэггүй хүүхдүүдийн нэрийг над дээр бас биччих. Би итгэдэг шүүгч нараа яримаар байна.


-Би 2017 оноос хойш энэ компаниад ажилласан. Надаас өөр нүүрс мэдэх хүн байхгүй. Надгүйгээр яагаад УИХ дээр нүүрсний хэргийг яриад байгаа юм бэ. 


-Намайг жагсаалаар оруулж ирсэн. Тухайн үед 68 хүн баригдсан атал одоо би ганцаараа байна. Дахиад ч байлга, би байж л байна. Яагаад гэвэл намайг гаргах юм бол маш олон хүний зүрх нь зогсох гээд байгаа. 


-Миний араас маргаашнаас ярих хүмүүс жинхэнэ хулгайч нь шүү. 


-Би энэ улсаас, уурхайчдаас нэг ч төгрөг хулгайлаагүй. Би үнэнчээрээ явсаар байгаад дуусна, та нар намайг яаж ч ялласан би нэг ч хэрэг хүлээхгүй, хийгээгүй хэргийнхээ төлөө" гэлээ. 


Т.Аюурсайханы хувьд өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүгийн үеэр үг хэлээгүй бөгөөд үдээс өмнөх завсарлагааны дараа хэвлэлийнхэнд өгсөн яриандаа тэрбээр "Олон сар гүтгүүллээ, би нүүрсний хэрэгт огт холбоогүй.

Анх нүүрсний дуулиан гарахад оффтек гэрээ, нүүрсний ачаа тээвэр гэх мэт нүүрстэй холбоотой олон асуудал яригдаж байсан. Түүнээс аль ч хэрэг нь энэ шүүх хуралдаанд байхгүй. Ямар этгээдүүд зохион байгуулж, ард нь байгаа гэдгийг харж болно" гэсэн юм.


Шүүх хурлаас манай сэтгүүлч Ш.Адъяамаа, зураглаач П.Түмэннасан нар мэдээлж байна…

Холбоотой мэдээ