Үхлээс нэг бус удаа мултарч байсан эрхмүүдийн сонирхол татам түүх

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-09-27 03:48:45

Хувь тавилан гэж байдагт та итгэдэг үү?

Хэрэв тийм бол бурхан танд 81 нас хайрласан гэвэл та хичнээн оролдоод ч түүнээс бага наслах боломжгүй гэвэл та итгэх байсан уу?

Бид энэхүү нийтлэлдээ хувь тавилан гэж үнэхээр байдаг гэлтэй хор ууж, толгойдоо буудуулж, машинд мөргүүлсэн ч амьд үлдэж, үхлээс нэг бус удаа мултарч байсан эрхмүүдийн түүхээс өгүүлэхээр бэлдээд байна.


1. Олзны хүн


1936 оны Берлиний зуны олимпын наадамд 5000 метрийн гүйлтийн сүүлийн тойргийг 56 секундэд гүйсэн нь дээд амжилт болон бүртгэгдэж, тухайн үеийн Герман улсын удирдагч Адольф Гитлер биечлэн баяр хүргэж байсан түүх бий. Хэрэв дэлхийн хоёрдугаар дайн дэгдээгүй байсан бол тэрээр Токио хотод зохиогдох учиртай байсан олимпын наадамд ахин амжилттай оролцох байсан нь лавтай. Дайн дэгдсэний дараа тэрээр АНУ-ын агаарын хүчинд нисгэгчийн бэлтгэлд хамрагдан, нисгэгчээр ажиллах болжээ. Улмаар В-24 бөмбөгдөгч онгоцтойгоор далайд живсэн В-25 бөмбөгдөгчийг эрж явахдаа осолдож, далайд унажээ. Онгоцны осолд өртсөн 11 хүний ердөө 3 нь амь гарч, 47 өдрийн турш борооны ус ууж, жижиг загас түүхийгээр нь идэж сэлсээр Маршаллын арлуудад хүрчээ.

Ийнхүү амьд хуурай газарт хүрч чадсан ч Японы мэдэлд байсан Маршаллын арлуудад түүнийг үхлээс ч дор хувь тавилан хүлээж байв. Дэлхийн хоёрдугаар дайны үед хэрцгий догшин үйл хөдлөлөөрөө зартай байсан япончууд Зампериниг олзолж, хорьжээ. Улмаар хоёр жилийн туршид тэрээр харуулуудад зодуулж, зодуулсныхаа хариуд жигнэмэг авч гол зогоож байсан Зампериниг 1950 онд Япон руу илгээж, сулласан аж. Хожим түүний амьдралын түүхээр Unbroken киног бүтээжээ.

2. Засаршгүй архичин

Төмөр хочит Майкл Маллой амьд үлдэх боломжгүй мэт нөхцөл байдлуудаас амь гарч чадсан түүхээрээ алдаршжээ. Их хямралын үед Нью-Йорк хотын гудамжаар хоноглон аж төрдөг байсан тэрээр гэр бүл, үр хүүхэдгүй, архиар амьдралаа хуурч явсан эгэл нэгэн байв. Ийнхүү согтууруулах ундаанд донтсон эрийг ашиглан мөнгө олохоор шийдсэн нэгэн уушийн газрын эзэд түүний нэр дээр амь насны өндөр дүнтэй даатгалын гэрээ байгуулжээ. Улмаар тухайн үед 60 настай байсан түүнд уушийн газрын эзэд үнэгүй согтууруулах ундаа өгөөд зогсохгүй ууж буй зүйлд нь автомашины тосолын шингэн, тосон давирхай хольж өгч байсан гэдэг. Түүнд өгч байсантай ижил хэмжээний хортой архи уусан хэн ч маргааш нь сэрэх учиргүй байсан ч Майкл Маллой юу ч болоогүй мэт уушийн газарт эргэн орж ирдэг байжээ.

Согтууруулах ундаанд хордож амиа алдахгүй гэдэг нь ойлгомжтой болсон тул уушийн газрын эзэд Майкл Маллойд дутуу болгосон хясаа, хор шингээсэн сардин загастай хачиртай талх өгч амийг нь хороохоор оролдсон ч удаа дараа архины хордлогод орж, үйл ажиллагаа нь хоронд бүрэн дассан элэг нь хоолонд нь хийсэн хорыг хялбар шингээж дөнгөсөн аж. Улмаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, тасарсан Майклыг цэцэрлэгт хүрээлэнд орхиж, мөстэй ус дээр нь асган орхиж, машинд мөргүүлж үзсэн ч уушийн газарт эрүүл саруул эргэн ирдэг байсан гэдэг. Ийнхүү гэмт этгээдүүдийн элдэв заль мэхэнд унаж амиа алдахгүй гэдэг нь тодорхой болсон Майклын хоолойд уурын халаагуурын хоолой хийж амийг нь хөнөөсөн бөгөөд уушгины хатгалгаагаар нас барсан хэмээн задлан шинжилгээгээр бүртгэгджээ. Хэдийгээр ялгүй өнгөрсөн ч уушийн газрын эздийн согтууруулах ундаа үнэгүй өгдөг байсан, үхэшгүй эрийн тухай ярьж явсан тухай яриа цагдаа нарын сонорт хүрснээр хүн амины хэргийн эзэд тодорхой болж, таван эрийн нэг нь бүх насаар хоригдох ял, дөрөв нь цаазын ял сонссон гэдэг.

3. 15 удаа үхлээс мултарсан эр

Англо-Боерын дайн, дэлхийн нэгдүгээр дайн, дэлхийн хоёрдугаар дайнд оролцож, дайны хорих лагераас хоёр ч удаа амжилттай оргож байсан хүн Адриан Картоноос өөр үгүй гэхэд хилсдэхгүй. ахлах сургуулиа амжилттай дүүргэж, өсөх ирээдүйтэй хэмээн нэрлэгдэж байсан ч их сургуулиа орхиж, Боерын дайнд явсан түүнийг дайны хэнээтэн гэж нэрийдэж байсан удаатай. Тэрээр нэгэнтээ “Юуны төлөө гэдгээс үл хамаарч би дайнд явахыг л хүссэн. Британийн армид миний тус хэрэгтэй бол тэдний төлөө тулалдаж, үгүй бол Боерын төлөө тулалдахад бэлэн байсан” хэмээн өгүүлж байсан гэдэг. Англо-Боерын дайнд тэрээр гэдсэндээ хүнд шархдаж үхлийн ирмэгт ирсэн ч амьд үлдэж, оффицер цолонд хүрээд зогсохгүй Их Британийн иргэн болж чаджээ. Улмаар Их Британид язгууртан гаралтай бүсгүйтэй дэр нэгтгэж, хөрөнгө чинээлэг сайхан амьдарч байсан ч дэлхийн нэгдүгээр дайн дэгдэхтэй зэрэгцэн Сомали руу явж, босогчидтой тулалдаж эхэлжээ. Африкт тулалдаж байхдаа тэрээр нүд, тохой, чих зэрэг олон газартаа хүнд шарх авч, буудуулсан ч амь гарч чадсан түүхтэй.

Улмаар Европ тивд эргэн ирээд тэрээр Соммын тулалдаан, Камбрай болон Аррасын дэргэдэх мөргөлдөөнд орж хэд хэдэн сумны шарх авсан ч мөн л үхлээс мултарч чадсан аж. Хожим 1915 онд хуруунууд нь зөвхөн шөрмөс дээрээ тогтох хэмжээнд хүртэл гэмтэл авах үед нь эмч нар хуруу таслах мэс ажилбар хийхээс татгалзсан ч тэрээр өөрөө хуруугаа хазаж тасалсан ч гэх яриа бий. Түүнчлэн тэрээр дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд Польшийг чөлөөлөх тулалдаан орж, нисэх онгоцтойгоо сүйрч, италичуудад таван удаа олзлогдож, мөн удаа оргож байсан гэдэг.

4. Төмөр хүн

1968 оны 5-р сарын 2-ны өдөр Рой Бенавидед Вьетнамын армийн барьцаанд 8 тусгай анги орсон талаар мэдээлэл иржээ. Улмаар яаралтай аврах ажиллагаанд явсан Рой Бенавиде хөөрөх үедээ цэрэг хүний дотны нөхөр болсон буугаа мартсан гэдгээ ухаарсан гэдэг. Улмаар гар хоосон газардсан Рой Бенавидегийн өөдөөс вьетнамчууд гар бөмбөг шидэж, буудаж гал нээж байсан ч тохиолдлоор түүнд ямар ч гэмтэл учруулаагүй аж. Үүгээр ч барахгүй Рой амь эрсдсэн цэргийн бууг авч тулалдсан агаад нас барсан болон шархдсан цэргүүдийг нисдэг тэрэгт оруулах ажлыг ганцаараа гүйцэтгэсэн ч нисдэг тэрэгний хөдөлгүүрт ноцтой гэмтэл гарч хөөрөх боломжгүй болжээ. Гарах гарцгүй мэт энэ байдлаас тэрээр тулалдсаар амь мултарсан агаад олон сумны шарх авсан ч амьд үлдсэндээ бурхандаа талархсан цэрэг эр ахин нэг ч сумны шархыг дааж чадахгүй байх хэмээн эмээж байсан гэдэг. Гэсэн ч 6 цагийн дараа ахин нисдэг тэрэг ирснээр Рой ажилдаа эргэн оржээ. Энэ үеэр тэрээр толгойндоо буудуулж, эрүүгээ хугалан, гавлын ясандаа цуурал авсан ч бууж өгөхийн оронд хутга гарган тулалдсаар эцэстээ нисдэг тэрэгт хүрч амьд гарчээ.

Газардах үед асар их хэмжээний цус алдаж, олон шархдсан түүнийг амьд үлдэнэ гэж итгэж байсан хүн байгаагүй ч тэрээр амь гарч, хожим АНУ-ын ерөнхийлөгч Роналд Реган өөрийн биеэр түүнд хүндэтгэл үзүүлсэн түүхтэй.

Холбоотой мэдээ