Өчүүхэн газар нутагтай ч, дэлхийд толгой цохих баялгийн эзэн болсон Катар улс
Сонин ХачинНэг хүнд ноогдох баялгийн хэмжээгээр дэлхийн хамгийн баян 7 орны нэгт тооцогддог Катар улс Арабын хойгийн зүүн хэсэгт оршдог. Энэ өдрийн нийтлэлдээ бид араб үлгэрийн гэмээр тансаг, чинээлэг Катар орны талаар...
1. Маш жижиг газар нутгатай
Газрын зураг дээр ч тодоор тэмдэглэгдэх боломжгүй жижиг газар нутагтай Катар улс нэг иргэнд ноогдох ДНБ-ийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэх байр суурьтай. Гэмт хэргийн гаралтгүй, татваргүй, нийгмийн халамжийн үйлчилгээ үнэгүй энэ орон харьцангуй саяхан буюу 1971 онд тусгаар тогтнолоо зарлаж байв. Перс, Араб, Оман, Бахрейн, Оттоманы эзэнт улсын газар нутагт багтаж явсан жижиг хойгийг тэртээ 16-р зууны эхэн үед Португалийн эзлэн түрэмгийлэгчид өөрийн мэдэлд авч, 20-р зууныг хүртэл ноёрхжээ. Улмаар Их Британийн харъяа болсон Арабын хойгийн жижиг нутагт шашны мөргөлдөөн, иргэний дайн газар авах болжээ.
2. Газрын баялагаа зөв ашигласан
Хэдийгээр таагүй үйл явдлууд удаа дараа тохиож байсан ч катарчуудад нэгэн давуу тал байсан нь тэдний газрын хэвлийн баялаг байв. Байгалийн хий, газрын тосны экспортоор өдгөө тэргүүлэгч гурван орны нэгээр нэрлэгддэг. Мөн геополитикийн хувьд ч чухал бүс нутагт оршдог гэдгээрээ онцлогтой.
3. Хүн ам нь 3 сая гаран
Их Британи болон АНУ-тай найрсаг харилцаа тогтоосон нь Катарыг хөрш орнууддаа эзлэгдэхгүй тусгаар улс хэвээр үлдэх боломжийг олгосон гэхэд хилсдэхгүй. Өдгөө тус улс 3 сая гаруй хүн амтай ч катар үндэстний эзлэх хувь ердөө 10 хувь юм. Нийслэл Доха хотноо нийт хүн амын 80 гаруй хувь аж төрөх бөгөөд тус улсын засгийн газраас иргэн бүрд 30000 ам.долларыг жил бүр тэтгэмж болгон өгөхийн зэрэгцээ шатахуун, цахилгаан, усны мөнгө төлөхгүй амьдрах таатай орчныг бүрдүүлж чаджээ.