Хамба лам Д.Чойжамц ажлаа өгөхөөр болжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-10-15 09:12:46

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц ажлаа өгөхөөр болжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хамба лам Д.Чойжамц эрүүл мэндийн шалтгаанаар өргөдлөө өгч байгаа аж. Түүний нас өндөр болсон, мөн сүүлийн 2-3 сарын хугацаанд бие нь чилээрхсэн учир ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон гэнэ. 

Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албанаас тодруулахад ажлаа өгч байгааг үгүйсгэсэнгүй. 

Мөн "Энэ талаарх мэдээллийг олон нийтэд өгнө" 

Хамба лам Д.Чойжамц нь Төв аймгийн Бүрэн сумын нутагт 1951 онд төрсөн бөгөөд өдгөө 72 насыг зооглож байна. Тэрээр 1976 онд Шашны дээд сургуулийг төгсөөд 1983 онд Энэтхэгийн Дармасалад гүн ухааны дээд сургуульд суралцсан. Ингээд 1992 онд Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба болж байжээ. Өөрөөр хэлбэл, манай улсад буддын шашин дэлгэрүүлсэн түүний гавьяа, Гандантэгчэнлин хийдийг тэргүүлэн авч явсан хугацаа нь манай ардчиллын он цагтай тэнцэнэ.

Энэ гавьяаг нь үнэлж, 2021 онд Ерөнхийлөгчийн зарлигаар “Хамба номун хан” цол хэргэм өргөжилж байсан билээ.

Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц ажил албанаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Түүний суудлыг Лхаарамба Д.Жавзандорж залгамжилж, ажил албыг нь үргэлжлүүлнэ гэсэн албан бус мэдээлэл байна.

Монгол багш гэж олноо хүндлэгдсэн Д.Жавзандорж нь Сүхбаатар аймагт төрсөн бөгөөд 1991 оноос Эрдэнэ-Мандал хийдэд, 1993 оноос Дашчойлин хийдэд шавилан сууж байгаад 1995 оноос Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Дашчойнпэллин дацанд буддын гүн ухаанд суралцаж эхэлжээ. Тэрбээр 1998 оноос Энэтхэг улсын Гомон дацанд буддын гүн ухааны шаталсан сургуулиудад тасралтгүй суралцаж, 2017 онд шарын шашны гүн ухааны дээд зэрэг болох Лхаарамба цолыг нэгдүгээр байраар хамгаалжээ. Энэ нь Монгол Улсад ардчиллаас хойш анх удаа монгол хүн Лхаарамба цолыг хүртсэн түүхэн үйл явдлаар тэмдэглэгджээ.

Тэрбээр 2019 онд Монголдоо эргэн ирж түмэн олны тусын тулд буян номын үйл явуулдаг байна. Одоо Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Шашны дээд сургуульд давхар багшилдаг аж.

Түүний шавь нар 2013 онд бурхан шашны "Сумади гирди" төв төрийн бус байгууллагыг байгуулж, багшийнхаа номын их үйлсийг дэлгэрүүлж байгаа аж. Энэ төв нь Монголын бурхны шашны сургаалиудыг орчин цагийн шинжлэх ухаантай харьцуулан суралцаж амьдралдаа ач тусыг нь хүртэх, дээд номыг сонсох, бясалгах арга ухааныг эзэмших боломжийг бүрдүүлж, түгээн дэлгэрүүлэх их үйлсийг зорилгоо болгон ажилладаг байна.



Холбоотой мэдээ