Р. Эмүжин: Шад номын мөр мэргэн, шашин бодлогын мөр мэнд болтугай.
НийгэмШад номын мөр мэргэн, шашин бодлогын мөр мэнд болтугай.
Чойжамц гэдэг нь Номын далай гэсэн утгатай үг юм билээ.
Төв аймгийн Бүрэн сумд төрсөн Чойжамц хамба өдгөө 72 настай, бөх сонирхон үзэж, дэвээ шаваа даган намалзаж суудаг, дуунд дуртай, сурагч байхдаа хөгжим тоглодог байжээ.
Лавшаа амтархан зооглож, зуурсан замбайгаар гүнцэг барьдаг эгэл нэгэн.
Далай ламын гарын шавь, номлол айлдварыг нь хүртэж, Бурхны шашны дэг жаяг, эрэмбэ зарчмыг ягштал баримталдаг.
Бодлого талаасаа маш тэнцвэртэй, зөв зүг чигийг залж явдаг гэж би хувьдаа үнэлдэг.
Гандантэгчинлэн хийдийн хамба ламыг Монголын Бурхны шашны тэргүүн гэж эндүүрэх тохиолдол бий.
Тухай бүрт Хамба Чойжамц үүнийг залруулж иржээ.
Монголын бурхны шашны тэргүүний суудал эзнээ хүлээж байгаа хэмээн үргэлж хэлж учирласаар ирсэн тэрээр есдүгээр Богд Жавзандамбыг энэ байр суурин дээр залах ажлыг биечлэн хийсэн.
Үүнд нь урд зүгээс санхүүждэг хэдэн лам ихэд эгдүүцэн, удтал үргэлжилсэн хэл ам хийж байв.
Монголын 10 дугаар Богдыг тодруулан олон нийтэд эл үйл явцыг хүргэх хүндхэн үүргийг ч Чойжамц хамба өөрөө тэргүүлэн үүрч гарсан.
Ялангуяа 10 дугаар Богд тодорсон сургаар Чойжамц хамбыг хэн ч биш болгох, Ганданг юу ч биш болгох зориудын явуулга хэрээс хэтэрсэн.
Эрсдэл туулан хийсэн түүний энэ алхмууд Чойжамц хамба Монголыг дэлхийн Бурхны шашны төв болгохын төлөө зөв бодлогоор зөөлөн зөөлөн явсаар өнөөг хүрсний илрэл юм даа.
Ялангуяа Монголын 10 дугаар Богдыг Хятадын явуулга, гэр бүлийнхнийх нь балчир хүүгээ өмгөөлсөн эргэлзээ, шашныхны талцал дунд зорьж зүтгэсээр ямартай ч сүсэгтнүүдэд нь таниулж чадлаа. 1992 оноос хойш Гандантэгчинлэн хийдийн хамба ламаар ажиллаж буй түүнийг Богдод өөрийгөө тодруулах гэлээ гэсэн хардлага гүтгэлэг нэг хэсэг газар авсан хэдий ч цаг хугацааны уртад цаглашгүйн тойргийг энэ эрхэм гаталж, Монголын Бурхны шашны тэргүүнийг байх ёстой байртай нь золгуулж амжлаа.
Намрын энэ өдрүүдэд эрүүл мэндийн улмаас ажлаа өгөх шийдвэр гаргажээ.
Түүний энэ шийдвэрийг хүндэтгэн хүлээж авах нь зүй юм.
Гэтэл дахиад л монголчуудыг хагаралдуулан талцуулахад ашиглаж, Сүхбаатар, Хэнтийнхэн Чойжамц хамбыг мөргөж унагааж байгаа мэтээр мэдээлцгээж байна.
Шинэ хамбын нэн тэргүүнд түших хүн нь мэдээж Номун хан Чойжамц байх нь гарцаагүй.
Тийм атал өндөр насыг нь хүндэтгээд, өргөж өнөөг хүрсэн алба ачааг нь хүндэтгээд, эрүүл энх, амар амгаланг хүсч болдоггүй юм уу.
Гандантэгчинлэн хийд харин ч Чойжамц хамбын нуруун дээр тарж бутрах, талцаж жийлцэх, харийн хөл гарт хавчигдан мөхөх олон бэрхшээлийг туулж гарлаа.
Улс төр, шашин хоёрыг ууталж холион бантан зуурсангүй учирлаж байр байранд нь байлгаж бас чадлаа.
Зарим шинэчлэл шаардсан нөхцөл байдлыг эс тооцвол том бодлогоо томоор авч явж, том зорилгоосоо атгалаа.
Шунал сувдаг нь шулам тийрэн болсон зарим хамба нэртэй харийн бодлогын гар хөл болсон хагалан бутаргагчдын элдэв явуулгын өмнө эгц цэх зогсож үлдлээ.
Тиймээс Монголын Бурхны шашныг бутлан жижиглэх, булшлан хагалах бусармаг үеийг гэтлүүлж өгсөн Чойжамц хамба таны буяны мөр гэгээн, номын мөр мэргэн, бодлогын мөр бүтэн, энхийн мөр мэнд болтугай.
Бясалгал нигүүлслийн орой нь үгүй ертөнцдөө энх сууж, эрүүлийг хичээн, сүсэгтэн олондоо он удаан уул мэт бараатай, ус мэт ундаргатай явахыг ерөөе өө.