Л.Гантөмөр: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохыг АН дэмжинэ
Улс ТөрАрдчилсан намын дарга Л.ГАНТӨМӨР:
-Төрийн дарамтгүй, өрийн дарамтгүй монгол төр байх ёстой. Энэ хүрээнд бид 330 сум 204 хороон дээр үндэсний хэлэлцүүлэг хийж байна. Бид гишүүдээ хаваржингаа сонссон. Гишүүдийн зүгээс нэгдүгээрт, эв нэгдэл хангахыг хүссэн. Хоёрдугаарт, хяналтын асуудлаа түлхэх хэрэгтэй. Гуравдугаарт цаашдын гарц гаргалгааг тодорхой болгохыг хэлсэн.
Бид оноос өмнө эв нэгдлийн асуудлаа шийдэж, нам бүрэн бүтэц бүрэлдэхүүнтэй болно.
Намын асуудлаа бид дотооддоо шийднэ. Харин хамгийн чухал асуудал бол монгол хүний амьдралын чанар. Бизнес эрхлэгчид ажлаа явуулах гээд зээл авах гэхээр хүүгээ дийлэхгүй. Цалингийн зээл авах гэхээр бас л хүүгээ дийлэхгүй байна гэдгийг бүсүүдийн эдийн засгийн чуулганаар хэлж байсан. Тэгэхээр өрийн дарамтыг алга болох нь нэгдүгээр ажил. Үүнийг ажил хэрэг болгохын тулд үндэсний хэмжээнд хэлэлцэж байна.
Өнөөдөр найман жил төрийн эрх барьсан хүмүүстэй хэрэлдэж, зодолдохоос илүү чухал зүйл бий. Бидний парламентад байгаа хүчийг иргэд мэдэж байгаа. 10-хан кноптой. Нэг удаа л завсарлага авах эрхтэй.
Өөрөөр бид эрх баригчдын хийж байгаа буруу зүйлсийг зогсоох боломж алга байна. Хамгийн гол нь бид ирэх сонгуульд амжилттай оролцож байж эд нарын найман жил хийсэн алдааг засах хэрэг гарах нь. Хамгийн гол хүндрэл үүсгэж байгаа зүйл бол төсөв.
Хамгийн гол өр үүсгэж байгаа зүйл бол төсөв. Төсвийг бид эхлээд хямгадна. Дарга нарын зардал багасах ёстой. Энэ бол хатуу байр суурь. Төсөв хямгадаж, дарга нарын зардал багасахаар нөгөө талдаа мөнгөний бодлого суларна. Өнөөдөр 13 хувийн бодлогын хүү тавьж байгаа нь маш буруу. Энэ нь үндсэндээ монголчууд бизнес хийхийг хориглосон хууль, хориглосон бодлого болж байгаа юм. Жишээлбэл НӨАТ бол үнийн өсөлтийг улам хөөргөж байгаа том хэрэгсэл болчихлоо. Тэгэхээр ард түмэн НӨАТ-ыг 5 хувийн татвар болгооч ээ гэдэг нь бодитой юм. Ардчилсан нам, Б.Пүрэвдорж гишүүн НӨАТ-ын тухай хуулиа өргөн барьж байна. Үүнийг Ардчилсан нам нэгдмэл 5 хувь руу явах бодлого гэж ойлгох хэрэгтэй.
Нийгмийн даатгалын шимтгэл дээр ч гэсэн алдаануудыг засах учиртай. Төсвөө бид хямгадъя, мөнгөний бодлогоо зөв болгоё, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулъя, дээр нь бирж гэдэг асуудлыг амилуулах ёстой.
Биржийг амилуулахын тулд улсын үйлдвэрийн газар нэрээр дарга нарын хөрөнгөжөөд байгаа, төрийн хөрөнгөтнүүд төрөөд байгаа, төр нь өөрөө олигарх болчихсон, УИХ-ын гишүүд нь ядуу хүн байж байгаад олигарх болчихдог тэр зүйлийг зогсоох ёстой. Сайд нар нь олигарх болчихдог энэ асуудлыг таслан зогсоохын тулд маш оновчтой санхүүгийн зохицуулалтыг бий болгоно.
Ирэх оны төсөв хөөсөрсөн алдагдалтай байлаа гэхэд эргээд том том үйлдвэрүүд босоод ирэх ёстой. Нөгөө хөдөө аж ахуйн бирж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн парк, нөгөө Сайншандын парк гээд чухал юманд хөрөнгө оруулж байвал бид ойлгоно.
Харин чухал биш аравхан машин явдаг газар зам тавьдаг, 100 хүн цугласан газар 500 хүний соёлын төв байгуулдаг, хүн очихгүй эргэлтэнд орохгүй газар руу монгол төрийн мөнгийг зарцуулж байгаа нь элс рүү ус хийж айгаатай адил цацаж байгаа нь үнэхээр харалган байна. Энэ төсвийн хууль ирэх жил хэрэгжихгүй. Орлого, зарлага нь ч бүтэлгүйтэх байх. Бэлэн мөнгө тараах ажил руу энэ хүмүүс явах гэж байна. Ирэх жил сонгууль угтаад 1, 2 их наядыг тараана. Тараах аргаа яаж гаргаж ирэх гэж байгааг бид сайн ойлгохгүй.
Дөрвөн жил сонгогчдоосоо холдсон хүмүүс одоо гэнэт очоод за би бүх юмыг чинь бариад өгье гэдэг худлаа, боломжгүй. Монголын энэ том газар нутагт гуравхан сая хүнд зориулаад бүх хүнд зориулсан мөнгөний урсгал хийх юм бол ямар их хохиролтойг бид өнгөрсөн 10 жилд харчихлаа. Хангалттай харлаа. Одоо эндээс ойлгох хэрэгтэй. Зүгээр л эрх барьна, дарга болно гэсэн ийм хууль, ийм бодлого цаашаа явж болохгүй.
3.3 их наяд гэдэг бол 45 мкв орон сууцаар бодоход 200000 айлын орон сууц юм. Энэ бол Улаанбаатарын утааны асуудлыг шийдэх мөнгө. Гэтэл хөрөнгө оруулалтын асуудлаас гадна төрийн байгууллагуудын урсгал зардал, үйл ажиллагааны зардал 3.6 их наяд төгрөг явж байна. Дарга нар хувааж идэх мөнгө нь ийм хэмжээнд оччихсон байна. Монголын бүх асуудлыг шийдэх, бүх өрийг төлөх мөнгөөр зүгээр л дарга нар өөрсдийгөө пр хийх, гадагшаа, дотогш зугаалах, хурал нэртэйгээр мөнгө угаах, хэтэвчээ зузаатгах ийм л ажлыг хийх гэж байна. Түүнээс үүн дотор бүтээлч юм нэг ч алга.
Одоо биржийг амилуулах шаардлагатай. Биржийг амилуулахын тулд улсын үйлдвэрийн газар нэрийдлээр дарга нарын хөлжөөд байгаа асуудлыг цэгцэлнэ.
Төрөөс хөрөнгөтнүүд төрөөд байгаа нь биржтэй холбоотой. Төр өөрөө олигархжсан бүтэц рүү явж байгааг таслан зогсоох шаардлагатай. Үүний тулд маш оновчтой санхүүгийн зохицуулалтыг хийгээд явна.