Сэтгүүлч Р. Эмүжин: Үүдэнд нь хүлээж байгаад үг мэдүүлгээ өгөөд гардаг даа.
НийгэмҮүдэнд нь хүлээж байгаад үг мэдүүлгээ өгөөд гардаг даа.
Шилийн сайн эрчүүд нь хуулийн дор бөхийж, шилмэл хурдан хүлгүүд нь наадмын тоосонд амьсгал татдаг Монгол юм л даа.
Төрт улсыг байгуулахын тулд түрүүнд нь Их засаг хуулиа боловсруулан бодлого болгосон их Хаантай, эзэн Чингистэй улс гэдгээ санамаар байна аа.
Хуулиа тал нутаг даяар мөрдүүлэн зарласнаар омог отгийг улс болгож, ураг угсааг гүрэн болгосон гэдгийг санаж сэрж явах хэрэгтэй.
Чөлөөт хэвлэл мэдээлэл бий болсноос хойш хэвлэлийн магнат нь ч, хэдэн сэтгүүлч нь ч цагдаа шүүхийн хаалгыг нэг бус татсан, нэрээ сонсоод мэдээ сурвалжлагаа богцлоод хуулийн хугацаанд нь очдог доо.
Ганц цагдаа ч дуудахгүй, тагнуулд бас шалгуулах гээд өгчихнө.
Чухам хуульт улсын иргэн юм хойно сэгсгэрээ нэг илээд, сэмбийтэл алхаад очно, үүдэнд нь хүлээж байгаад үг мэдүүлгээ өгөөд гарна.
Өө би том сонины сурвалжлагч, ТВ-д нэвтрүүлэг хөтөлдөг сэтгүүлч, олон ном гаргасан, олон мянган уншигчтай, өчнөөн олон сурвалжлага нийтлэл бичиж, өчнөөн их хөдөлмөрлөсөн энэ тэр гэж дэмийрэхгүй шүү дээ.
Тэгж шантаажилж, шазвалзаж явлаа гээд юу хожих уу?
Хуулиар мэргэшсэн сэтгүүлч байхгүйтэй адил, алдаа оноо аль аль нь гарна.
Юун дээр алдав, юуг нягталж судлалгүй мэдээлчихэв ээ гэдгээ мэдэхийг бас хүснэ.
Өөрийн зөв бол өндөр төрдөө нотлохыг бодно, өрөөлийг хэлмэгдүүлсэн бол залруулга ч болсон гаргаад уучлал хүсэхийг хичээнэ.
Чөлөөт хэвлэл гэдэг чинь төрийнхөө дээр занхайж, түмнийхээ дээр түнтийж, сэтгүүлзүйн фашизм үйлдэхийг хэлдэггүй ээ.
Цагдаа дуудах тоолонд эргүүлээд эрхэлж буй хэвлэл сайт, пэйж энэ тэрээрээ далайлгаад, давсалж дэвсэлж мэдээлээд, том сайд артай, том тоотой уншигчтай гээд камер микрофон барьж данхалзаад байх нь бас нэг төрлийн дарангуйлал юм аа.
Монголын чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулж үүдийг нь татсан том эрхлэгч, ТВ-ийн захирлууд ч тэгж байгаагүй, цагдаа дуудахад цагаа барьж очоод, мэдүүлгээ өгөөд гардаг л юм даа.
Түүнээс биш, тэгвэл би ингэнэ, ингэвэл би тэгнэ гээд хэвтээд байвал хэн ч чадна.
Хуульт улс оршиж байж чөлөөт хэвлэл байдаггүй юм уу?
Эсвэл хуульгүй улсад тэр чөлөөт хэвлэл гэдэг чинь байх ёстой юм уу?
Улс оронгүй болчихвол тэр чөлөөт хэвлэлээр чинь яах юм?
Энэ мэтийг залуу үеийн сайт пэйжийнхэн ойлгомоор байна.
Эрх мэдэл атгасан улстөрийнхөнтэй нэг хэтэвчинд багтсан сэтгүүлзүй бол ард түмнийг араасаа дагуулаад хар нүх рүү ч харайлгаж мэдэх цаазын ямаа л гэж мэд.
Сүргээ толгойлж цаазын машинд оруулаад, өөрөө ард нь үлддэг ямаа махкомбинатад байдаг даа, цаазын ямаа гэдэг юм.
Одоо би гэхэд гэнэт л хүн хэлмэгдүүлж, алуурчин, я энэ тэр гэж дайрч, сошиалаар зөндөө яллачихаад цагдаа дуудангуут "Би жагслаа, Монголын шүүх цагдаа юу юм бэээ, миний дагагчид ирж төр түйвээнэ" гээд байвал та нар маань яах уу, хамт очиж төрөө өшиглөх үү?
Энэ шуугианы хөшигний ард Газрын хуульд чинь гар дүрээд, Авилгын хэргийн шүүх гэдэг нэрээр засаглал дотор засаглал байгуулаад, эрхэм дээдсийн шүүх яамтай болчихсон байвал яг яах болж байна?
Эгэл ардын шүүхтэйгээ энүүхэндээ хэрэлдээд үлдэх үү?
Энэ улс оронд чинь нэгдмэл эрх ашиг гэж байдаггүй юм уу?