Япон компанийн бүтэц зохион байгуулалт, онцлог

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-12-05 20:34:44


Япончууд  нэг компанидаа насаараа ажилладаг учир компани, ажилтан хоёрын харилцаа энгийн хөдөлмөрийн харилцаанаас илүү гүн гүнзгий агуулгатай. Ийм учраас Японы бүх компани болгон өөрийн гэсэн философитой, баримтлах зарчимтай. Япон компанийн ажилтан хүн бүр юун түрүүнд үнэнч сэтгэл, зохицох ёс, хамтын ажиллагаа, нийгмийн сайн сайхны төлөө гэсэн зарчмыг хатуу мөрдөх ёстой. Японы удирдахуйн арга барил дараах онцлогтой. Үүнд:

–       Дотоодын болон гадаадын үйлчлүүлэгчдийн хэрэгцээг дээд хэмжээнд хангахад чиглэх

–       Шинэ санал, санаачилгыг байнга бий болгох, нэвтрүүлэх

–       Үйл ажиллагааг байнга төгөлдөржүүлэх

  1. Япон компанийн удирдлагын хэв маяг

Япон компанийн захирал удирдлагууд ажилтнуудаасаа ялгарахыг хүсдэггүй! Үүний гол зорилго нь бусдын хийж буй ажлыг удирдахад бус, харин ажилтнууд хоршин ажиллахад дэмжлэг болох, шаардлагатай бол туслах, бүтээлч орчинг бүрдүүлэхэд оршино. 

  1. Хяналтын систем

Япон компаниудын ажилтнууд голдуу дээрээс байнгын заавар зөвлөгөө авалгүй өөрийгөө хянаж, өөрөө ажлаа зохион байгуулдаг. Тухайн компанийн ажилтнууд бизнесийн үйл явц, технологийн дэвшлийн хувьд хэр зэрэг үр дүнтэй ажиллаж чадсан бэ гэдгээр ажлыг нь хянадаг. Компани доторх мэдээлэл солилцох, хамтын шийдвэр гаргах механизм Японд маш сайн хөгжсөн байдаг 

  1. Ажилтнаа хөгжүүлэх аргачлал

Ажилтны мэдлэг чадварын тал дээр Япон компаниуд ажилтнуудаа нэлээд өргөн хүрээний мэдлэг, мэргэшил эзэмшихэд чиглүүлдэг. Тэр дундаа шинээр ажилд орсон хүмүүсийг компанийн үйл ажиллагааны онцлогтой танилцуулж, хувийн хичээл зүтгэл нь компанийн амжилтад хэчнээн чухал болохыг ойлгуулахад багагүй хугацааг зарцуулдаг.

  1. Хүний нөөцийн бодлого

Япон компаниудын хүний нөөцийн удирдлага нь дараах онцлогтой. Нэг хүнийг насаар нь хөлсөлж ажиллуулдаг, ажилласан жил, гаргасан амжилтад нь тохирсон цалинг олгодог. Мөн компанийн доторх ажиллах хүчний зах зээл, компанийн доторх хүний нөөцийн сургалт, ажилтнуудын ажил үүргийг хэвтээ чиглэлийн дагуу өөрчилж, нэг хамт олныг үе үе өөр ажил хийлгэж мэдлэг туршлагыг нь баяжуулж хамтын шийдвэр гаргахыг дэмждэг. Компанийн дотор нийгмийн асуудлыг шийддэг, мөн компанийн удирдлага болон ажилтнууд хамтдаа мэргэжлийн зөвлөгөө авдаг системтэй. Япон компанийн удирдлагууд ажилчид нь ямар цалин авч байгааг мэддэггүй.

  1. Ажилтны сонгон шалгаруулалт

Япон компаниуд шинэ ажилтан авахдаа маш нарийн системээр шалгаруулж сонгодог. Удирдлагууд тухайн ажилтны мэдлэг чадварын түвшнийг тогтооход их цаг зарцуулдаг. Япон компанид ажилд орсон хүн голдуу 2-3 жилийн дараа тушаал дэвшдэг системтэй бөгөөд дараагийн тушаалд дэвших эсэх нь одоо хариуцаж буй ажлаа хэр амжилттай хийхээс шалтгаална гэдгийг сайтар ойлгодог.

  1. Ажилтныг ажилд нь гаршуулах

Шинээр ажилд орсон хүмүүсийг хэдэн жилийн турш сургадаг бөгөөд мэргэжлийн хувьд бэлдээд зогсохгүй тухайн компанийн түүх, зорилго, үйл ажиллагааны зарчмыг таниулдаг. Хамт олонч чанарыг хөгжүүлэхийн тулд шинэ ажилчдыг зарим тохиолдолд хэсэг хугацаанд компанийн дотуур байранд амьдруулдаг.

  1. Хөдөлмөрийн зохион байгуулалт

Хөдөлмөрийн зохион байгуулалтад Японы соёлын онцлог гол үүрэг гүйцэтгэдэг. Компанийн удирдлагуудаа болон  хамт олноо хүндэтгэх үзэл гүн шингэсэн байдаг. Япон компанийн хөдөлмөрийн зохион байгуулалт дараах онцлогтой. Үүнд:

–       Ажлын уян хатан хуваарилалт

–       Ажилтныг удаан хугацаагаар сургадаг

–       Материалын хувьд байнга дэмждэг

–       Ажлын байран дээрх хатуу сахилга бат

–       Ажилтныг бие хүний хувьд байнга хөгжүүлэх бодлого баримталдаг. 

  1. Хүний нөөцийн төлөвлөлт

Японд хүний нөөцийн төлөвлөлт гэсэн ойлголт байхгүй! Үүний оронд дараах дүрмүүд үйлчилдэг. Үүнд:

–       Нэг ажилд орсон хүн онцгой тохиолдол гараагүй бол халагдах ёсгүй

–       Цаг нь болохоор ажилтан тэтгэвэрт гарах юм уу, эсвэл түр ажилтан болгоно.

Хүний нөөцийг бүрдүүлэхдээ ажилтнуудын насны харьцааг нарийн тооцож тэнцвэржүүлдэг. Жил бүр хамгийн өндөр цалин авч байсан, насны хязгаарт хүрсэн хүмүүс тэтгэвэрт гарч оронд нь их сургуулийн төгсөгчид ирж бага цалин авч эхэлдэг болохоор цалингийн зардал удаан хугацаанд тогтмол байна. Тэгэхээр голдуу туршлага багатай, шинэ хүмүүсийг ажилд авдаг гэсэн үг.

  1. Японы албан тушаалын зэрэглэл

Гуравдугаар зэргийн мэргэжилтэн (их сургуулийн төгсөгч)

Хоёрдугаар зэргийн мэргэжилтэн (энгийн ажилтан)

Нэгдүгээр зэргийн мэргэжилтэн (энгийн ажилтан)

Удирдах албан тушаал горилогч

Гуравдугаар зэргийн удирдах ажилтан (инженер)

Хоёрдугаар зэргийн удирдах ажилтан (хэлтсийн даргын орлогч)

Нэгдүгээр зэргийн удирдах ажилтан (хэлтсийн даргын орлогч, эсвэл ахлах инженер, хэлтсийн дарга)

Салбар хариуцсан захирал, захирал 

  1. Хөдөлмөрийн хөлс

Цалингийн хэмжээг эдийн засгийн хүчин зүйлээр бус нийгмийн хүчин зүйлээр тодорхойлдог. Ингэхдээ бусад компанийн ажилчид хэдийг авч байгааг харгалзаж үздэг. Цалингийн систем нь шударга ёсны зарчимд үндэслэсэн. Цалингийн асуудлыг хүний нөөцийн хэлтэс хариуцдаг бөгөөд удирдлагууд ажилчид нь хэдий цалин авч байгааг мэддэггүй. Цалин нь сарын хөлс, улирлын нэмэгдэл, амралтын мөнгөнөөс бүрдэнэ. Компанийн зардлын нэлээд хэсгийг орон сууц, эмнэлгийн үйлчилгээ зэрэг ажилчдын нийгмийн хэрэгцээнд зарцуулдаг. Энэ нь ажилтныг компанидаа үлдээх гэсэн бодлоготой холбоотой. Жил бүр шинэ ажилтнууд авахдаа тэдэнд зориулсан тусгай ёслолын арга хэмжээ зохиодог.

  1. Япончуудын дундаж цалин

Японд цалинг гол төлөв жилээр нь тооцох нь нийтлэг үзэгдэл. Монголд бол сарын цалингаар тооцоолж хэлдэг. Японы эрэгтэй хүний жилийн орлого 5,320,000 иэн бөгөөд үүнийг 12 сард хувааж үзвэл 443,000 иэн нь сарын цалин гэсэн үг юм. Харин эмэгтэй хүний жилийн орлого нь 2,930,000 иэн бөгөөд 12 сард хуваан үзвэл 244,000 иэн нь сарын цалин болох юм. Хамгийн сонирхолтой нь япон компаниудын эрэгтэй болон эмэгтэй ажилтнуудын цалингийн хэмжээ эрс өөр байдаг.


Холбоотой мэдээ