Иргэдийн утсыг булаан зугтаж, интернэт банкнаас нь зээл авч, давхар мөнгө угаах хэрэг үйлджээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2024-01-10 22:16:20

Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2023 оны 11, 12-р сард Улаанбаатар хотын Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийт 16 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг дээрэмдсэн хэргийг илрүүлэн шалгаж байна.

Шалгалтаар дээрх хэргүүдийг үйлдсэн иргэн Г, Х, С нар бүлэглэн нь шөнө, оройн цагаар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийн гар утсыг булаах, зах, худалдааны төв, хүнсний дэлгүүр, эмийн сангийн худалдагч нараас гар утсаараа яриулаач хэмээн хууран мэхэлж гар утсыг нь авч зугтдаг. Улмаар тухайн гар утсанд байх хувь хүний мэдээллийг ашиглан банкны мэдээлэлд нь нэвтрэн зээл авч, тухайн мөнгөөр цахим мөрийтэй тоглоом тоглох, авто машин худалдан авах зэргээр мөнгө угаах гэмт хэргийг давхар үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байна.

Иймд иргэн Та дээрх төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж танихгүй хүнд өөрийн гар утсаа ашиглуулахгүй байх, өөрийн хувийн мэдээллээ цахим орчинд нээлттэй нийтлэх нь энэ төрлийн гэмт хэрэгт хохирч болзошгүй тул анхаарал, болгоомжтой байж, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдээлэхийг ЦЕГ-аас зөвлөж байна.

Хохирсон иргэд:

...Би нийслэлд хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Дэлгүүрт орж ирсэн нэг залуу “Утсаар чинь яриад мөнгө шилжүүлье” гэж аваад зугтсан. Цагдаад мэдээлэл өгөх нэг цаг орчим хугацаанд миний ХААН банкны дансанд дахь мөнгө болон Худалдаа хөгжлийн банкнаас пос барьцаалсан зээл авч, би цагийн дотор 30 гаруй сая төгрөгөөр хохирсон.

Танихгүй хүн "Утсаараа яриулаач” гэж хүсвэл өгч болохгүйг иргэддээ анхааруулмаар байна. Утсаа алдсан бол ухаалаг банкаа хамгийн түрүүнд хаалгах хэрэгтэйг ойлголоо.

...Би 2023 оны 11-р сарын сүүлчээр өөрийн ажилладаг ТҮЦ-нд байхад хоёр залуу орж ирээд, гар утас булаагаад зугтсан. Гар утсаа алдсан даруйд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Утсаа алдсанаас хойш 20-30-хан минутын дотор миний дансанд байсан 1.9 сая төгрөгийг интернэт банкнаас шилжүүлж авсан.

Холбоотой мэдээ