Ногоон автобусны хэрэгт холбогдсон хүмүүст яллах дүгнэлт үйлджээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2024-02-24 00:24:35

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэг хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ.

Тодруулбал Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Худалдан Авах Ажиллагааны Газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч нарын гомдол гаргах, шийдвэртэй танилцах эрхийг хангаж ажиллаж байна.

Тус хэрэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүн яллагдагчаар татагджээ.

Одоо мөрдөн шалгах ажиллагаанд Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2021 онд хууль зөрчиж “С” ХХК-д давуу байдал бий болгож 60 ширхэг улаан өнгийн автобус хүлээн авсан, “Эрдэм транс” ХХК-ийн албан тушаалтнууд 2016-2021 онд БНСУ-д ашиглаж байсан 205 ширхэг хуучин автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулсан гэх хоёр хэрэг шалгагдаж байгааг УЕПГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ