Тэрбум долларын хандив авсан сургууль оюутнуудын төлбөрийг тэглэжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2024-02-28 17:20:31

АНУ-ын Нью-Йорк хотын Альберт Эйнштейний Анагаах ухааны коллежийн оюутнууд амьдралыг нь өөрчилсөн сайхан мэдээг хүлээн авчээ.

Альберт Эйнштейний Анагаах ухааны коллежийн Удирдах зөвлөлийн дарга, профессор Рут Л.Готтесман даваа гаригт АНУ-ын анагаахын боловсролын салбарын түүхэн дэх хамгийн том дүнтэй буюу нэг тэрбум ам.долларын хандивыг сургуульдаа өргөсөн байна. Улмаар том хэмжээний хандив авсан сургууль оюутнуудын сургалтын төлбөрийг тэглэж байгаагаа мэдэгдсэн юм.  

Профессор Рут Л.Готтесман Альберт Эйнштейний Анагаах ухааны коллежид 1968 оноос хойш ажилласан байна. Тэрээр тус сургуулийг жил бүр анагаахын шинжлэх ухааны эрдэмд суралцаж, мэргэшсэн олон шилдэг залуу боловсон хүчин төгсөж, амьдралд хөл тавьдаг. Дөнгөж төгссөн залуу эмч нар оюутны зээл болон ямар нэгэн санхүүгийн бэрхшээлгүйгээр ажил, амьдралын гараагаа эхлүүлэхийг хүссэн учир хандив өргөхөөр шийдсэн гэжээ.


Тус сургуулийн жилийн дундаж төлбөр 59 мянга гаруй ам.доллар байдаг аж. Тэрээр Альберт Эйнштейний Анагаах ухааны коллежид 50 гаруй жил ажиллах хугацаандаа олон оюутнуудтай уулзаж, ярилцсан бөгөөд оюутнуудын тал орчим хувь нь 200 мянгаас дээш ам.долларын сургалтын зээлтэй төгсдөг байна.

Рут Л.Готтесман хандивын хөрөнгийг өөрийн талийгаач нөхрөөс өвлөн авсан аж. Түүний нөхөр болох Дэвид Готтесман нь Уоррен Баффетийн “Berkshire Hathaway” хөрөнгө оруулалтын сангийн Удирдах зөвлөлийн гишүүн байсан бөгөөд Уолл Стрийтийн алдартай хөрөнгө оруулагчдын нэг байжээ. Тэрээр 2022 онд 96 насандаа таалал төгсөхдөө хөрөнгийг нь “өөрийн зөв гэж бодсон зүйлдээ зарцуулах”-ыг профессор Рут Л.Готтесманд гэрээсэлсэн байна.

Тэгвэл профессор Рут Л.Готтесман хандив өргөх үеэрээ нөхрийнхөө өвлүүлсэн хөрөнгийг зөв зүйтэй, үнэ цэнтэй зүйлд зарцуулж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ