О.Хангай: Миний эхнэр дөрвөн хүүхэд төрүүлсэн ч хахуульгүй гэгддэг Алдарт эхийн одонгоо авч чадаагүй

Нийгэм
khiimori.co@gmail.com
2024-03-04 09:44:46

Улсын аварга О.Хангай "Алдарт эх"-ийн одонтой холбоотой асуудлаар цахим орчинд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, "Удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын мэндийг хоёр ээждээ, хайртай ханьдаа, 4 сайхан охиндоо болон Монголынхоо сайхан бүсгүйчүүддээ хүргэе.

Хахуульгүй гэгддэг Алдарт эхийн одонгоо авч чадаагүй гэр бүлийнхээ бяцхан түүхээс хуваалцъя. Манай гэр бүл дөрвөн хүүхэд төрүүлсэн ч анхны хүүхдээ 2 нас 4 сартай байхад нь гэнэтийн ослоор алдсан. 4 дэх хүүхдээ төрүүлээд нэг нас хүрсний дараа харъяа хороондоо “Алдарт-Эх”-ийн хоёрдугаар одон авах материалаа бүрдүүлэн өгcөн. (төрсний болон нас барсны гэрчилгээг хавсаргасан байсан)

Хорооноос одонгоо авахдаа бэлдээрэй гэж мэдэгдсэн учраас 2023 оны тавдугаар сарын 25 хүртэл тэрүүхэндээ эхнэрээ баярлуулахаар дээл хувцас, баяр хүргэхээр ирсэн ах дүү, найз нөхдөө дайлахаар бэлдээд энэ баярт өдрийг гэр бүлээрээ хүлээж байлаа. (Эхнэр маань ч одонгоо авахаар тураад гуалиг болсон байлаа) 

Ерөнхийлөгчөөс одонгоо авдаг уламжлалын дагуу хүлээж, хэдний өдөр авахаа мэдэх зорилгоор тодруулахад нэр нь байхгүй байгаа талаар мэдээг аваад шоконд орлоо. 

Хороо, дүүргээс асуухад нэр нь баталгаажсан гэсэн. Учрыг бүрэн тодруулахаар нийслэл болон Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас асуухад одоо үйлчилж буй “Олон хүүхдийг төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн дагуу төрүүлсэн 4 хүүхэд нь амьд сэрүүн байх ёстой юм байжээ. 4 хүүхэд төрүүлсэн ч “Алдарт-Эх”-ийн хоёрдугаар одон авах боломжгүй гэдэг хариуг авлаа.

Одонгоо авна гээд баяр хөөр болж байсан манай гэр бүлд бөөн уйтгар гуниг боллоо. Уйлаад, уйлаад л(жич: зөндөө юм болсоон)

Өөрөө тодруулаагүй байсан бол 06.01-нд юу ч мэдээгүй очоод ордны гаднаас буцах байжээ. Гэхдээ л чи минь миний хувьд Алдарт-Эх шүү. 

Эндээс дүгнэхэд та том хүүхдээ насанд хүртэл өсгөсөн ч 4 дэх хүүхэд тань 1 нас хүрээгүй байхад том хүүхэд нь эндэхэд тухайн эх одон авахгүй юм байна лээ.

Эхийн хэвлийдээ тээж төрүүлэн, хэдэн нас хүртэл өсгөсөн ч эхийн хөдөлмөр яагаад үнэлэгдэхгүй байгаа юм бэ? Энэ асуудал бол тухайн гэр бүлийн хувьд маш эмзэг сэдэв байдаг тул төдийлөн илэрхийлээд байдаггүй ээ асуудлаа.

Манай гэр бүлтэй адил асуудал тохиолдсон ээжүүдийг төлөөлж Ерөнхийлөгчийн тамгын газарт хандахад санал оруулах талаар судлая гэсэн хариуг өгсөн.

Тиймээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан иргэнийхээ хувьд ийм асуудалтай олон гэр бүл, ээжүүдийн өмнөөс өөрийн байр суурь саналаа илэрхийлэхийг хүслээ. Монгол улсын бүртгэлд бүртгүүлсэн л бол хүүхдийг нас барсан ч “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” энэ хуулинд хүүхдэд тооцож, энэрэнгүй хүнлэг зарчим, заалтыг тусгасан өөрчлөлтийг оруулж, мянга мянган ээжүүдийн ЭЛГИЙГ ДЭВТЭЭЖ, ЭНГЭРИЙГ НЬ МЯЛААЖ өгөхийг хүсэж байна.

Уг нь тэр хууль нь 6 заалттай, 1 л хуудас юм байна лээ. За бүгдээрээ сайхан баярлаарай" гэжээ.

Холбоотой мэдээ