“Барцад ихтэй байгаа” Boeing компанийн удирдлагууд ээлж дараалан албан тушаалаасаа огцрохоо мэдэгдлээ
ДэлхийСүүлийн үед 737 загварын онгоцтой холбоотой ослоос болж асуудалд ороод байсан АНУ-ын Boeing компанийн удирдлагууд ээлж дараалан албан тушаалаа өгөхөөр болж буйгаа мэдэгдээд байна.
Тус компанийн гүйцэтгэх захирал Дэйв Калхаун орон нутгийн цагаар 25-ны өдөр энэ оны эцэс гэхэд ажлаа өгөхөөр төлөвлөж буйгаа мэдэгдсэнийг Boeing компани өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Нэмж дурдахад, Boeing компанийн ТУЗ-ийн дарга Ларри Келлнер ТУЗ-ийн сонгуульд дахин нэр дэвших бодолгүй байгаагаа тус компанид мэдэгдсэн бол Арилжааны нисэх онгоцны салбарын захирал Стэн Дилл мөн тэтгэвэртээ гарч, албан тушаалаа Стефани Папид шилжүүлэхээр болсон байна.
Өнгөрөгч нэгдүгээр сарын 5-нд АНУ-ын Орегон мужийн Портланд олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрсөн Alaska Airlines компанийн "Boeing 737 Мax 9" онгоц 5000 орчим метрийн өндөрт нисч явах үед нь цонх, хананы хэсгийн төмөр хууларсны улмаас ослын буулт хийсэн билээ. Үүний шалтгаан онгоцыг угсрах явцад хаалгыг бэхэлдэг дөрвөн боолтыг дутуу угсарсантай холбоотой байсан нь тогтоогджээ.
Түүнчлэн энэ сарын 6-ны өдөр Финиксийг чиглэн явж байсан Alaska Airlines компанийн “Boeing 737-800” зорчигч тээврийн онгоцны бүхээгт утаа гарснаар онгоц Портландын нисэх буудал руу буцсан бол 8-нд United Airlines компанийн “Boeing 737 Мax 8”онгоц Техас мужийн Хьюстоны олон улсын нисэх онгоцны буудлын бууж, хөөрөх зурваст явж байхдаа засмал замаас гарч осолдсон хэрэг гарсан билээ.
Эх сурвалж: MBC