Өндөгний олдоц муу байна
НийгэмОрос улсаас импортоор орж ирдэг өндөг тасраад хоёр сарын нүүр үзэж байгаа энэ хугацаанд дотоодынхоо өндөгний хэрэгцээг хангадаг “Түмэн шувуут” болон “Баян” хувьцаат компаниуд иргэдийнхээ өндөгний хэрэгцээг хангаж чадахгүйд хүрээд байна.
Томоохон сүлжээ дэлгүүрүүд болон хүнсний захуудад өндөг ховор харагдана.
“E-Mart” сүлжээ дэлгүүрт өглөө ирсэн өндөг өдрийн11-12 цагийн үед борлуулагдаад дуусч байгаа бол “Баянзүрх” зах болон бусад хүнсний захуудад өндөгний олдоц муу, эрэлт ихэссээр байна.
Өглөө нийлүүлэлтэд ирсэн өндөг 13:00 цагт худалдаалагдаж дуусч байгаа талаар худалдаа эрхлэгчид хэлж байлаа.
Монгол Улсын дотоодын өндөгний хэрэгцээний 50 хувийг ОХУ хангадаг.
ОХУ-д инфляц өссөний улмаас өндөг үнэд орж, ширхэглэн зарж эхэлсэн байна.
Сирена нэртэй Телеграм хуудас дээр мэдээлснээр Новосибирск, Оренбург, Москва болон Крымын дэлгүүрүүд нэг өндгийг 9-өөс 20 рублиэр (300-663 төгрөг) ширхэглэн зарж эхэлсэн гэх мэдээлэл байна.
ОХУ-ын Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээг харвал өндөгний үнэ аравдугаар сард 13 хувиар, арваннэгдүгээр сард 15 хувиар нэмэгдсэн аж.
Харин энэ онд нийтдээ 42 хувиар өссөн байна. Оросын хэвлэлүүд өндөгний эрэлт нэмэгдсэн талаар мэдээлэхдээ ачааны машинаас зарж буй хямд өндгийг авахаар урт дараалал үүсгэсэн хүмүүсийг харуулсан юм.
“Invest Foresight” сайт үнийн өсөлтийн талаар мэдээлэхдээ “Үнэ үргэлжлүүлэн өснө” гэж мэдээлсэн байна.
Иймээс бид дотоодын өндөгний олдоц үнийн өсөлт, хэр байгаа талаар сурвалжлахаар “Баянзүрх” захыг зорилоо.
"ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИД ЗАХ ЗЭЭЛЭЭ ХАНГАЖ ЧАДАХГҮЙ, 14 ХОНОГТ 1 НИЙЛҮҮЛЭЛТ ХИЙЖ БАЙНА"
“Баянзүрх” захын баруун жигүүрийг эзэлсэн нарийн ногоо, гурил будаа, өндөг гэх мэт зарж байгаа лангуунууд руу очиж хэсэг ажиглаж зогсоход хүмүүс дийлэнх нь өндөг асууна.
Ихэнх лангуун дээр өндөг харагдсангүй, ганц нэг лангуун дээр хоёр гурван сагстай өндөг харагдана.
Ингээд худалдаа эрхлэгч нараас өндөгний олдоцийн талаар асуухад оросын өндөг ирэхгүй байгаа болохоор өндөгний хүрэлцээ муу байна гэж ам уралдан ярьцгаана.
Баянзүрх захын худалдагч Б: “Ганц манай зах гэлтгүй ер нь гадуур өндөгний хүрэлцээ муу байгаа.
Энэ олон дэлгүүр захуудыг өндгөөр хангах дотоодын олон компани байхгүй байгаа болохоор хэцүү л байна” гэлээ.
Баянзүрх захын худалдагч: “Угаасаа оросын өндөг тасарсан учраас дотоодын үндэсний үйлдвэрлэгч компаниуд өндгөө хангаж чадахгүй байна.
Зарим нэг нь мөнгөөр зодож өндгөө авч байна.
Би өөрөө өндгөө явж авч байгаа, хааяа борлуулалт нь ирдэг гэхдээ явж авсан нь арай хямд, явж авахаар 620-640 төгрөгийн хооронд олж авдаг.
Уг нь өмнө долоо хоногт нэгээс хоёр удаа борлуулалт нь ирдэг байсан бол одоо 14 "хоногтоо нэг удаа ирдэг болсон” гэв.
ИРГЭД: ӨНДӨГ ХОВОРДСОН ГЭЭД ХУДАЛДААЧИД ДУРААРАА ҮНЭ НЭМЖ БОЛОХГҮЙ
Иргэн н.Батсайхан:
Өмнөх долоо хонгоос хойш өндөгний олдоц муу байна.
Би өглөө гэрийнхээ ойр хавийн дэлгүүрээр өндөг хайгаад олсонгүй.
Гэхдээ өндөг өмнөх долоо хоногоос үнэ нь өссөн байна.
Ийм ойр ойрхон юмныхаа үнийг өсгөөд байгаа нь ард иргэдэд хүндрэлтэй байна.
Иргэн Т.Од:
Сүүлийн үед сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвүүдэд өндөг олдох нь ховордоод зарим жижиг дэлгүүрүүд өндгийг 800 төгрөгөөр худалдаалж байна. Мэдээж дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй байж болох ч өндөг ховордсон гээд үнээ нэмээд байж болохгүй.
Нэг нэмэгдсэн үнэ эргэж буудаггүй жишиг манай худалдаачдын дунд байдаг шүү дээ.
Ховордож болох тэр хэрээр нь дур зоргоороо үнээ нэмээд байж болохгүй.
Иргэн Цолмон:
Би хоёр долоо хонгийн өмнө өндөг 630 төгрөгөөр авсан гэтэл өнөөдөр захаас 680 төгрөгөөр авч байна.
Зах дээр ийм үнэтэй байгаа юм чинь жижиглэн дэлгүүрүүдээр 700-аас дээш төгрөгөөр доод тал нь зарна.
Энэ нь иргэдэд хүндрэлтэй байна. Худалдаачдаас яагаад ийм үнэтэй байгаа юм бэ гэж асуухад урдаас олдоц муу байгаа орос өндөг байхгүй тасарсан болохоор бид үнээ нэмэхээс өөр аргагүй гэж ам таглаж байна.
Үүнийг төр засгаас анхаарах хэрэгтэй байнга л олдоц муу ямар нэгэн бараа ховордохоор нь юмныхаа үнийг үндэслэлгүй нэмдэг нь зангаа болих хэрэгтэй.
Тэгээд дараа нь олдоц нь хэвийн хэмжээнд орсон ч үнээ бууруулдаггүй өссөн хэмжээндээ л зарж борлуулж байдаг.
Тийм юм бол барааны олдоц сайжирсан үедээ буцаад үнээ өмнөх байсан хэмжээнд аваачих ёстой шүү дээ.
Аваачиж чадахгүй юм бол цалин хөлсөө тэрэнтэй дүйцэхүйц өсгөх хэрэгтэй” гэв.
Цааш хэд алхаад хажуу талын “М-Март” руу ороход лангуун дээр нь түмэн шувуутын цөөхөн хэдэн өндөг харагдана “баян” компанийн өндөг дууссан байв.
Энэ мэтчилэн хэд хэдэн сүлжээ дэлгүүр, хувийн дэлгүүрүүдээр ороход дийлэнхэд нь өндөг ирэхгүй тасарсан гэх хариултыг өгч байлаа.
ТҮМЭН ШУВУУТ: ҮЙЛДВЭРЛЭЛ ХЭВИЙН, ХҮЧИН ЧАДЛАА НЭМЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА
Иймд бид “Түмэн шувуут” компанийн маркетингийн албанаас тодруулахад “Бид үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлээд ажиллаж байгаа.
Үнийн хувьд гэвэл өнгөрсөн оны арван сараас хойш үнээ тогтмол барьж байгаа нэг өндөгний үнэ 500 төгрөг.
Хойшид бид үнээ өсгөхгүй тогтвортой байлгахын төлөө хичээж ажиллаж байгаа.
Мөн манай компани "Түмэн шувуут-3" шинэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хоёр жилийн дараа гэхэд дотоодынхоо өндөгний хэрэгцээний 70-80 хувийг хангаж чадах хүчин чадалтай үйлдвэр барьж эхэлсэн” гэсэн юм.
Монгол Улсын хувьд 2023 онд улсын хэмжээнд 500 орчим сая өндөг зах зээлд борлуулагдсаны 300 сая буюу 60 орчим хувийг дотоодын аж ахуйн нэгжүүд нийлүүлсэн бөгөөд үлдсэнийг нь импортоор авдаг.
ОХУ-аас өндөгний нийлүүлэлт буурсан, дотоодын аж ахуй нэгжүүд өөрсдийн нөөц бололцоогоор нийлүүлэлт хийж байгаа учраас ийнхүү өндөг хомсдож байгаа аж.
Гэхдээ хомсдож байна гээд худалдаачид дур зоргоороо үнэ нэмдэг байж болохгүй, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх хэрээр иргэдийн амжиргаа, худалдан авах чадвар буурдаг гэдгийг иргэд хэлж байлаа.
эх сурвалж: ҮСХ