Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
Сонин ХачинЖинсэн өмд, юүдэнтэй цамцаар төсөөлөгддөг Цахиурын хөндийн хувцас загвар илүү албан ёсны, дэгжин болж хувьсан өөрчлөгдөж эхэлжээ. Цахиурын хөндийг дөнгөж хөгжиж байх үед гарч ирж байсан технологийн компаниудын үүсгэн байгуулагчид өдгөө дунд эргэм насныхан болоод байгаа билээ. Тэгвэл тэдгээр эрхмүүд насныхаа онцлогт тохирсон загварыг сонгон өмсөхийн хэрээр Цахиурын хөндийн хувцасны соёл улам тансаг, дэгжин болсоор байна.
The Wall Street Journal сонин энэ тухай орон нутгийн цагаар 26-ны өдөр мэдээлсэн бөгөөд жишээ болгон Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Закербергийг дурджээ. Ноён Закерберг өнгөрсөн хугацаанд зөвхөн жинсэн өмд болон подволк өмсдөг байсан хэдий ч энэ жилээс эхлэн хувцаслах хэв маягаа өөрчилж буй нь ихээхэн нүдэнд тусах болов.
Тухайлбал тэрээр энэ жил зохион байгуулагдсан зарим арга хэмжээн дээр маш нарийн хийц загвартай загварлаг костюм өмссөн байна. Түүнчлэн саяхан тэрээр задгай энгэртэй ноосон цамцтай зургаа өөрийн Instagram хуудаснаа нийтэлсэн ба түүний дагагчид цамцаа хаанаас авсан болохыг нь асуусан байх аж. Instagram хэрэглэгчид ихэвчлэн загварын өндөр мэдрэмжтэй, загварлаг олны танил хүмүүсээс хувцсаа хаанаас авсан болохыг нь асуудаг бол энэ асуултыг Закербергээс асууж буй явдал нь түүний хэр загварлаг болж буйг илтгэх биз ээ.
Ноён Закербергийн энэ жил өмссөн гоёлууд дундаас хамгийн ихээр анхаарал татсан хувцас бол хөрөнгө орлогоороо Энэтхэгт тэргүүлэгч Мукеш Амбанигийн отгон хүү Анант Амбанигийн хуримын өмнөх үдэшлэг дээр өмссөн Alexander Mcqueen брэндийн 7000 ам.долларын үнэтэй хүрэм байв.
Тус мэдээнд дурдсанаар Закербергийн хувцаслах хэв маяг ийнхүү өөрчлөгдөж буй явдал нь технологийн салбар дахь хувцас загварын өөрчлөлтийг харуулж буй нэгэн том жишээ хэмээн онцолжээ. Лос Анжелес дахь хувцас загварын зөвлөх Эндрю Вайтц "Одоо бол биед эвтэйхэн хувцас өмсөх нь хүмүүсийг залхаах хэмжээнд хүрсэн гэж хэлэхэд нэг их дэгсдүүлсэн болохгүй" хэмээн өөрийн байр суурийг илэрхийлэв.
Жишээлбэл, TikTok-ийн гүйцэтгэх захирал Чу Шоуз жилийн өмнө Закербергийн нэгэн адил юүдэнтэй цамцтай TikTok-ын бичлэг хийн өөрийгөө танилцуулсан нь интернэт хэрэглэгчдээс сөрөг сэтгэгдлийг багагүй авсан юм. Тэгвэл тэрээр саяхан АНУ-ын Конгрессын сонсгол болон Катарт зохион байгуулагдсан эдийн засгийн форумд цэнхэр өнгийн хослол өмссөн байсан нь анхаарал татсан билээ.
Эх сурвалж: Maeil