Миягино дэвжээг дэмжигч ахмадууд: Нээгдэх хүртэл нас гүйцэхгүй байх
ДэлхийДээд зиндааны бөх Хокүсэйхогийн хүчирхийлэл, дэглэлтийн улмаас Миягино дэвжээ тодорхойгүй хугацаагаар хаагдаад байгаа билээ. Миягино ояката, бөхчүүдийн хамт нэг галын Исэгахама дэвжээнд шилжсэн. Сүмогийн дэвжээ болгон Дэмжигчдийн нийгэмлэгтэй байдаг. Миягино дэвжээний дэмжигчдийн клуб одоо тун хэцүү байдалд ороод байгаа юм.
2011 оноос хойш Кюүшюү башёгийн үеэр Миягино дэвжээг байрлуулдаг Фүкүокагийн Сасагүри хотын Нанзоин сүмийн лам Хаяаши Какүжёо (70 нас) “Өөр бусад дэвжээнд хүчирхийлэл, зодооны хэрэг гарлаа ч хаагдаж байсан түүх байхгүй. Ганцхан Миягино дэвжээг л хаах шийдвэр гарсан нь бага зэрэг үндэслэлгүй санагдаж байна. Тус дэвжээг дэмжигчдийн нийгэмлэг Япон даяар бий. Миягино оякатаг бишрэн шүтдэг гишүүн маш олон. Дэвжээг хаах шийдвэрт бид бүгд их гунигтай байгаа” гэж ярилаа.
Өнгөрсөн сарын 28-нд Сүмо холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс Миягино дэвжээг хаах шийдвэр гаргасан. Хэвлэлийн албаны дарга Садогатакэ “Хэдий хугацаагаар хаагдах нь тодорхой биш байгаа. Башё болгоны дараа Сакайяма, Исэгахама ояката нар холбоонд Миягино дэвжээнийхний талаар тайлан тавьж байх үүрэгтэй” гэж хэлсэн.
Үнэхээр Миягино дэвжээ хэзээ дахин нээгдэх нь тодорхой бус. Миягино дэвжээний Кюүшюү дахь дэмжигчдийн нийгэмлэгийн хүндэт тэргүүн Хаяаши “Гол асуудал бол тодорхой хугацаа заагаагүй явдал. Миягино, Магаки гэсэн хоёр оякатагийн байдлыг харж шийднэ гэж байгаа ч яг юуг нь харах гээд байгаа нь ойлгомжгүй. Манай дэмжигчдийн нийгэмлэгт өндөр настан цөөнгүй бий. Тэд 2-3 жил хүлээж чадахгүй, нас гүйцэхгүй гэхэд л дууслаа гэсэн үг” хэмээн дургүйцлээ илэрхийллээ.
Шийтгэл оноосны дараа Миягино ояката утсаар ярьж, “Одоо Миягино дэвжээ байхгүйтэй ижилхэн. “Миягино дэвжээний дэмжигчдийн нийгэмлэг” гэдэг нэрийг ашиглаж болохгүй боллоо” гэж хэлсэн. Цаашдаа нийгэмлэгээ авч явах уу, яах вэ гэдгээ хуралдаж байж шийднэ. Сүмийн хашаанд байх сүмо бэлтгэлийн талбайг энэ жил засах гэж байсан ч дэвжээ тодорхойгүй хугацаагаар хаагдсаны уршгаар мөн л яах нь мэдэгдэхгүй болжээ. Нагоя дахь Миягино дэвжээг дэмжигчдийн нийгэмлэг ирэх долоодугаар сард хүлээн авалт хийхээр төлөвлөсөн байсан ч мөн л цуцлахаас өөр аргагүй болсон байна. Тус нийгэмлэгийн тэргүүн нь “Тодорхой бус хугацаагаар биш 1, 2 жил гээд заасан бол ояката, бөхчүүд ч тодорхой зорилготой хичээж, зүтгэх байлаа. Харин одоо бол ирээдүй тодорхойгүй, яах нь мэдэгдэхгүй байдалтай байна” гэжээ.