"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга нар солигдсоноос хойш Тэнгэр ТВ-ийг албадан гаргах ажиллагаа зогссон"

Нийгэм
khiimori.co@gmail.com
2024-04-12 04:56:45

"Номин хишиг" компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа, өмгөөлөгч Б.Будсүрэн, тус компанийн хувьцаа эзэмшигч н.Эрдэнэтогтох нар "Үндэсний мэдээллийн төв"-д өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

"Номин хишиг" компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа "Номин хишиг" компани "Промедиа нетворк" буюу Тэнгэр ТВ-ийн хооронд шүүхийн маргаан үүссэн. Маргааны агуулгын тухайд гэвэл "Номин хишиг" компанийн 2,000 м.кв үл хөдлөх хөрөнгө байдаг. Тухайн хөрөнгийн хоёрдугаар давхрын 1,000 м.кв талбайд "Промедиа нетворк" компани нь хоёр жил гаруйн хугацаанд хууль бусаар үйл ажиллагаагаа явуулсан байдаг.

Энэ нь ямар шалтгаантай вэ гэхээр "Ард санхүүгийн нэгдэл" ХК нь "Номин хишиг" компанийн хоёр давхар байрыг 2014-2022 оныг хүртэл түрээсийн үйл ажиллагаа явуулж байх үедээ Тэнгэр ТВ-ийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр тус байранд оруулсан байдаг. Тэнгэр ТВ-ийг тухайн байранд хууль бусаар оршин сууж байгааг мэдээд "Номин хишиг" компаниас удаа дараа мэдэгдэл өгсөн ч үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөөгүй учир шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс  "Ард санхүүгийн нэгдэл" ХК болон "Номин хишиг" компанийн хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ нь дуусгавар болсныг тогтоосон.

Түрээсийн гэрээ дуусгавар болсон байхад өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдийг тухайн үл хөдлөх хөрөнгийн байранд оруулсан гэдэг үндэслэлээр "Промедиа нетворк" буюу Тэнгэр ТВ нь бусдын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд хууль бусаар үйл ажиллагаа явуулсан байна гэдэг нь тогтоогдсон.

Ийм учраас тухайн байрыг чөлөөлүүлэх шийдвэр гурван шатны шүүхээс гарсан байдаг. Шүүхийн шийдвэр гарсны дараа Тэнгэр ТВ тухайн магадлалыг сайн дураараа биелүүлээгүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2024 оны гуравдугаар сард тухайн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлж өгөх хүсэлтээ гаргасан юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа албан ёсоор эхэлж, долоо хоногийн хугацаатай гурван удаагийн мэдэгдлийг Тэнгэр ТВ-д өгсөн. Уг мэдэгдэлд шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээчээ. Хэрэв сайн дураараа биелүүлэхгүй бол албадан чөлөөлөх арга хэмжээ авна гэсэн утгатай байсан.

Хамгийн сүүлд тус телевизэд хугацаатай мэдэгдлийг өгч, тодорхой хугацаанд биелүүлэхгүй бол албадлагын арга хэмжээ авч байрыг чөлөөлнө гэдгийг мэдэгдсэн.

Тэнгэр ТВ-ийн удирдлагууд уг мэдэгдлийг хүлээж авсан ч сайн дураараа биелүүлээгүй учир 2024 оны дөрөвдүгээр сарын 9-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 15 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр "Номин хишиг" компанийн хоёр давхар байрыг Тэнгэр ТВ-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх албадлагын арга хэмжээг эхлүүлсэн юм. Албадлагын арга хэмжээ тухайн өдөр өглөөнөөс орой хүртэл үргэлжилж байв.

Гэтэл орой 20:00 цагийн үед шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахалж байсан нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийг хариуцсан н.Баттүшиг "Шинэ дарга томилогдож байгаатай холбогдуулан биднийг шуурхай дуудсан учир явлаа" гээд албадлагын арга хэмжээг бүрэлдэхүүнээрээ орхиод явсан.

Бидний зүгээс эхлүүлсэн ажиллагаагаа орхиод явж болохгүй, хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээ үлдээж, эсвэл албан ёсоор завсарласнаа баталгаажуулаад, тэмдэглэлээ үйлдэж оролцогч талын гарын үсэг зуруулахыг шаардсан ч шууд орхиод явсан. 

Маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 10-нд тус байгууллага дээр очиж, н.Зул-Очир, шийдвэр гүйцэтгэх албаны дэд дарга н.Бямба-Очир нартай уулзахад шуурхай нөхцөл гарснаа хэлсэн ч хуульзүйн үндэслэлгүй тайлбар байсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадлагын арга хэмжээг үргэлжлүүлэхийг удаа дараа шаардсан ч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

Тэнгэр ТВ албадлагын арга хэмжээг хойшлуулах хүсэлт гаргаж, дөрөвдүгээр сарын 12-ны 09:00 цагт нүүж гараагүй байвал эхлүүлсэн албадлагын арга хэмжээгээ үргэлжлүүлж болно гэсэн хүсэлт тавьж, тэмдэглэл үйлдсэн байсан тул хүлээцтэй хандсан.

Гэтэл өнөөдөр "Номин хишиг" компанийн байрыг бүрэн чөлөөлөөгүй байв. Энэ байдлыг шийдвэр гүйцэтгэгчид хэлэхэд өөр ажилтай гадуур явж байна гэсэн тайлбарыг хэлсэн. Албадлагын арга хэмжээг авах шаардлагыг тавьж байна" гэж ярилаа.

"Тэнгэр телевиз бид нүүж байгаа гээд жүжиг тоглоод, худлаа үнэн хоосон хайрцаг зөөгөөд байгаа. Тэрийгээ одоо хэвлэл мэдээллээр цацах байх"

Үргэлжлүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан үйл ажиллагааны талаар Өмгөөлөгч Б.Будсүрэн "Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас тодруулахаар очиход манай ажиллагаатай холбогдсон н.Даваасүрэн, ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Баттүшиг, н.Бямбарагчаа, н.Зул-Очир нар байхгүй байна. 

Та бүхэн бидэнтэй гарын үсэг зуралцаж, цаг тохирч, хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсныг зөвтгөх ганц боломжийг олгооч гэж бичиг цаас үйлдчихээд холбогдсонгүй. Та бүхэн яагаад зугтаад байгаа юм бэ. 

Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гарснаас хойш хууль, журмын дагуу явагдаж байсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга нар солигдсоноос хойш гэнэт үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх болов.

ШШГЕГ-ын дарга энэ сарын 3-нд солигдож хурандаа н.Нандинболор гэх хүн болсон. Нийслэлийн Шүүхийн Шмйдвэр Гүйцэтгэх Албаны албан дарга солигдож хурандаа н.Зул-Очир гэх хүн дарга болсон. 

Шинэхэн дарга нар яагаад хууль ёсны үйл ажиллагааг явуулахгүй байгаа юм. Шинээр дарга болж томилогдонгуутаа хууль бус үйл ажиллагаанд оролцоод байгаа юм бэ. 

Бидний ярьж буй баримтад худал, хууль зөрчсөн зүйл байхгүй. Сайн дураар чөлөөлөх гурван удаагийн мэдэгдэл өгөөд өнгөрчихсөн. Дөрөвдүгээр сарын 9-нд болж буй үйл явдал бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадлагын арга хэмжээ авч, шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж байгаа хүмүүст зохих ёсны арга хэмжээ авах ёстой байсан. 

Гэтэл ажлаа хийж буй албан хаагчдаа шинээр томилогдонгуутаа орой нь ажиллагаагаа зогсоогоод ир гэж байгаа н.Зул-Очир даргыг ойлгохгүй байна. Та хууль бус ажиллагаандаа ямар тайлбар хэлэх вэ. Хэзээ энэ ажиллагаагаа үргэлжлүүлэх вэ.

Маргааш амралтын өдөрт энн ажлыг хэн хүлээж авах юм. Жирийн нэг иргэний асуудал яригдаж байсан бол энэ сарын 9-нд чөлөөлөх ажил дуусна. Гэтэл та бүхэн телевизэд нэг өөр хандаад байгаа юм бэ. 

Баттүшиг даргаар удирдуулсан 15 хүний бүрэлдэхүүн дарга солигдлоо, дуудаж байна гээд машиндаа суугаад алга болсон. Түүнээс хойш ирдэггүй. Албадан чөлөөлөх ажиллагаагаа гурван хоног хаяж явдаг юм уу. Албадах арга хэмжээгээ авч чадахгүй байна. 

Энэ сарын 10-нд Нийслэлийн ШШГА-нд очиж хариуцсан хүн н.Даваасүрэнг авч явахад дэд дарга Бямбарагчаа "Даваасүрэн та очиж болно, ажиллагаа хийхгүй шүү" гэсэн. Гэтэл н.Даваасүрэн нь ирээд огт ажиллагаа хийхгүй зүгээр сууж байгаад явсан. 

Яагаад зүгээр сууж байгаа юм гэхэд "Тэнгэр телевизийн захирал н.Ундралыг хүлээж байна" гэсэн. н.Ундрал захирал ирээгүй. Дөрөвдүгээр сарын 9-нд н.Ундрал захирал нэг өдрийн хугацаа олгооч гэсэн бичиг нь байна. 

Эсрэгээрээ хэвлэл мэдээллийн байгууллагыг ашиглаад өөрсдөө хохирсон юм шиг мэдээлэл яагаад тараагаад байгаа юм бэ Ундрал захирал аа. Хэлж буй үг нь үйл хөдлөлөөсөө зөрж байна. 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр та шинээр томилогдсон хүмүүстээ ямар арга хэмжээ авах вэ. Шүүхийн шийдвэрээс илүү эрх хэмжээтэй шийдвэр гүйцэтгэх байгууллага байдаг болчихсон юм уу. Ингэж хууль хэрэгжүүлэхгүй байвал таны талд байна гэсэн хоосон цаастай үлдээд яах билээ. 

Дарга нар шинээр томилогдонгуут зүгээр явж байсан ажлууд зогсчихлоо. Шүүхээс Тэнгэр телевиз бусдын өмчлөлийн байранд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа учраас чөлөөл гэх эцэслэгдсэн шийдвэр гарсан. 

Хамгаалах ёстой иргэнийгээ хамгаалахгүй атал шүүхээс тогтоогдсон төлбөр төлөгчтэйгөө энд тэнд очиж зугтаагаад байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан ажлаа хийгээд өгөөч ээ. 

Тэнгэр телевиз бид нүүж байгаа гээд жүжиг тоглоод, худлаа үнэн хоосон хайрцаг зөөгөөд байгаа. Тэрийгээ одоо хэвлэл мэдээллээр цацах байх. Одоогийн байдлаар шийдвэр гүйцэтгэгч байгаагүй. Талууд гарын үсэг зуралцаад, одоо боллоо гээд шийдвэр гүйцэтгэх газар бидэнд хүлээлгэж өгөх ёстой. 

Гэтэл Тэнгэр телевизийн хүмүүс бидний хэвлэлийн хуралд орж ирээд чөлөөлчихсөн гэсэн юм яриад байна. Өчигдөр Тэнгэр телевиз мэдээлэл цацсан.

Энэ байрнаас "Промедиа нетворк"-ийг чөлөөл гэсэн шүүхийн шийдвэр гарсан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хууль зөрчиж бусад түрээслэгчдийг гаргалаа гэх мэдээлэл тараасан. Уучлаарай тийм зохицуулалт байхгүй" гэв. 

Холбоотой мэдээ