Монгол улсын амьдрахад тохиромжтой аймгууд

Нийгэм
khiimori.co@gmail.com
2024-04-13 23:17:31

Сүүлийн 3 жил бүх аймгаар явав. Хөгжлөөр нь би ингэж жагсаалаа. Миний л харсан өнцөг шүү. Гэхдээ нээх хол зөрөхгүй байх. Хөдөө нүүх бодолтой хүмүүст сонголт хийхэд дөхөм болох байх...


1. Дорнод

Эрчим хүчээ шийдцэн. Олон том үйлдвэртэй. 4 боомтоор 2 улс руу гардаг. Хүн ам ихтэй тул үйлчилгээний газрууд орлого сайтай. Хөдөөдөө зуны халуунд хоргодох газар тиймэрхүү.


2. Өмнөговь

Уул уурхайн хаялга. Нэг гэм нь юмны үнэ аймаар өндөр. Идэх мах олдку Дундговиос махаа татдаг. Цөлжилт л санаа зовоож бгаа.


3. Баян-Өлгий

Хилийн давуу талаа ашигладаг. Юмны үнэ хамгийн хямд аймаг. Аялал жуулчлалаар цөм хийдэг. Хот доторх хогоо шийдэж чадку бгаа газар даа.


4. Ховд

Баруун 5 аймгийнхаа голд болохоор газарзүйн хувьд гоё. Үүнийгээ дагаад хөл хөдөлгөөн ихтэй. Амьдрал үнэхээр язганадаг шүү. Эмнэлгийн тал дээр асуудал их.


5. Хөвсгөл

Аймгийн төв нь эмх цэгцтэй, цэвэрхэн. Хөдөө сумд нь бусад аймгийг бодвол хоорондоо нэлээн ялгаатай, өөр өөрийн онцлогтой. Өрх бүр үйлдвэрлэгч гэсэн үг энд л утгаа олдог. Аялал жуулчлалын нэг том бүс. Гэхдээ олон жил боллоо, үүндээ зориулаад дорвитой юм хийхгүй л бгаам даа.


6. Баянхонгор

Хүмүүсийн худалдан авах чадвар үнэхээр сайн. Баруун аймгуудын дайрч өнгөрдөг газар болохоор байрлал гоё. Үүнийгээ ч сайн ашигладаг. Хамгийн гоё буудлууд, хоолны газрууд энд л бий. Аймгийн төвийн утаа нь бүх аймаг дунд манлайлна. Хангай говь хосолсон гоё байгальтай.


7. Архангай

Гайхалтай ажилсаг. Монголын цагаан идээний талыг ганцхан энд хийдэг. Аялал жуулчлалаар ч сайн мөнгө олдог. Гэхдээ аймгаа томруулж чадку л байгаам даа. Цэнхэр, Ихтамир сумдыг өөртөө нэгтгээд Цэцэрлэгийг томруулах хэрэгтэй. Тэгвэл хотоос маш их нүүдэл тийш хийгдэнэ. Дамжин өнгөрөх аймгууд их, үүнийгээ сайн ашигладаг.


8. Увс

Уг нь жагсаалтын топ 5-д орох ёстой. Гэвч очоод хоний гэхэд үнэндээ ганц топ буудал байхгүй. Үзвэр үйлчилгээ, хоолны газрууд ч маш муу. Гэхдээ хүмүүс нь бол шүтмээр дайчин. Ийм ард түмнийг зөв залж чадвал уулыг нураана. Өвөлдөө аймаар хүйтэн, зундаа онцгой халуун. Мах нь янзын амттай. Зундаа жуулчлалаар давгүй мөнгө олчдог гэхдээ тувачууд л бүх буудлыг нь дүүргэж гайгүй худалдан авалт хийж бдаг. Илүү сайжруулах хэрэгтэй дээ.


9. Өвөрхангай

Аймгийн төвөөсөө илүү Хархорин нь хөдөлгөөн их. Ер нь яваандаа Архангайтай нэгтгээд Хархориныг төв болгох хэрэгтэй дээ. Аялал жуулчалаа сайн хөгжүүлж чадку л бгаам даа. Баян-Өлгий, Хөвсгөл, Увс, Архангай гээд бусад аймаг энэ тал дээр хол илүү. Уг нь байгалийн сайхан үнэхээр бий. Бас хоттой харьцангуй ойр болохоор үйлдвэрлэл муу, хотоос бараа татаж зам зуурын хүмүүст зарж суудаг.


10. Дорноговь

Ёстой бор зүрхээрээ яваа аймаг даа. Сайншанд тэдэнд бгаа нь аз. Даанч нөгөө Аж үйлдвэрийн парк нь будаа болсон. Чимээгүй даруухан болгоол бдаг газар. Хамрын хийдээрээ бүх монголчуудыг соронзоддог. Зуны тэр халуун бол тэсэхэд бэрх гэхдээ манайхан юманд дасан зохицоход сайн лда. Очсон хүмүүс нь тэгсгээл болчдог.


11. Хэнтий

Жил бүр хамгийн их төсөв авна тэгчээд огт хөгждгүй газар. Хэнтийн ард түмэнд тэр их мөнгө нь наалддаг бол Дорнодоос ч томроод ирэх боломжтой. Даанч тэр их мөнгө хааш ордог нь бүрхэг. Аялал жуулчлалаар асар их мөнгө олох боломжтой ч бүрэн ашиглаж чаддгүй. Гоё махтай, сайхан байгальтай.


12. Сэлэнгэ

2 том боомтын нэг нь бдаг ч аймгийн төв нь энэ олон жил бахь байдгаараа. Хүмүүс нь хил гарч банкаа дүүргээд, хүнсээ татна. Тэгээл болоо. Намартаа бол хамгийн гоё аймаг. Хаа сайгүй тариа шаргалтаал мөн ч гоё шүү. Миний амьдралын 3 жил энэ аймагтай холбогдсон. Даанч иргэд нь зүтгээд байхийн, амьдрал нь бахь байдгаараа. Хувийн хэвшлээ огт дэмжиж чаддгүй газар.


13. Сүхбаатар

Алс нутгийн зовлон. Бичигтээр нэг гарна, тэрийгээ сайн ашигладгүй. Хотоос юмаа татаж амьдардаг. Мориор амьдардаг онцлогтой аймаг. Харамсалтай нь эрлийз гарч ирснээр айлуудын амьдрал уналтад орсон. 10 жилийн өмнө морь нь нэг овооны наадамд айрагдаал 5 сая, 10 саяар зарчдаг байв. Хурдны өлгий нутаг ингэж мяарахыг, монгол морьд ингэж үнэгүйдэхийг харах хайран. 


Би боддийн. Зүүн 3 аймгийг нэгтгээд Сүхбаатарыг төв болгох хэрэгтэй гэж. Дорнод угаасаа энерциэрээ явчина, Хэнтий энэ 2 аймаг дамждаг тул аяндаа болчино. Сүхбаатар ёстой цөм хөгжинө дөө. Хил ч эзэнгүйдэхгүй. Тийм цаг ирэх бх аа. Одоо бол хөөрхий хэдэн малчид л тэнд хилийн манаач хийж байна. 


Сүүлийн жилүүдэд аймгийн төв нь гоё болж бгаа. Дарьганга гээд гоё буудалтай болсон, хаус хороолол нь гоё цэгцтэй. Энэ өвлийн зуд л хөдөөгүүр нь алж байна даа, хөөрхий.


14. Төв

Хоттой ойр байж огт хөгждгүй хачин газар. Нэгмөсөн хоттой нэгтгэсэн нь дээр. Богд уулан дундуураа төмөр зам оруулаад. Жижкэн газартай мөртөө 27 сумтай ч байх шиг. Монголыг хөгжүүлдгүй ганц юм чинь энэ хэтэрхий жижиглэсэн засаг захиргааны хуваарь юм шд.

Гоё газар зөндөө. Жаргалантын төмсчид гайхалтай хөдөлмөрч. Мөнгөнморьтын самар, байгаль үнэхээр тасархай. Агуу Мөнхбат аваргын, алдарт Сүрэнжав найрагчийн нутаг шүү дээ.


15. Говь-Алтай

Эндээс эхлээд дараах аймгууд хүн ам бага нь нөлөөлөөд байгаа. Тэрүүхэн тэндээ цөөн хэдэн хүн дотроо хөдөлдөг. Ховд шиг, Хөвсгөл шиг, Дорнод шиг аймгийн төвдөө 40к, 50к хүн амьдраад ирвэл ална лда. Алтайчууд хөвсгөлчүүд шиг өрх бүр үйлдвэрлэгч гэсэн ангилалд ойрхон очно. Бүх юм нь гоё савлагаатай. Ус, халаалт үнэхээр асуудалтай газар. Над шиг уулын хүнд бол Алтайн өндөр уулс дунд очоод хэвтчихэд амар амгаланг жинхэнээсээ мэдэрнэ.


16. Завхан

Замын хүн саатам Завхан нутгийн байгальтай юу ч ярихав. Даанч уулын мухарт очоод зам нь гацдаг. Өмнөговиос дутку юм нь үнэтэй газар. Гэхдээ Өмнөговьд худалдан авах чадвар мундаг. Завханчууд яаж болоод байдийн би ойдгүй шд. Хөвсгөлд нэрс 20к байхад энд 40к. Ховдод сүү 5к байхад энд 10к. Одоо Алтайтай засмал холбогдчвол уулын мухраас гарч юмны үнэ арай буух байх. Аялал жуулчлалын орлого ч эрс нэмэгдэх байх.


17. Булган

Талцал хуваагдал хамгийн их газрын нэг. Тэрүүхэн жалганд хоорондоо үзээл бн. Эрдэнэттэй нэгтгээд төвөөр нь Эрдэнэтийг болгох хэрэгтэй. Зам дагуу, хоттой ойр хэрнээ юмны үнэ бас л лунзгар шүү. 

Гоё юм гэвэл идэж уудаг юм нь тасархай. Байгалийн сайханд нь мансуурам гоё нутаг. Аймгийн төв нь сумын төв мэт. Олигтой буудал, өөдтэй хоолны газар ганц байхгүй. Амар тайван аж төрий гэвэл ёстой боломжийн газар.


18. Дундговь

Бүр яг сумын төв. Хотоос бүх чиглэлд 100 км яваад тохилог гоё хоолны газар, амрах төвтэй. Ганцхан Дундговь, Өмнөговийн чиглэлд юу ч байхгүй. Зам гэж там. Зундаа бэрх халуун.

Гоё юм гэвэл мах нь тасархай, хоормог нь тансаг. Хөмүүл нь супер, айраг нь янзын. Хүмүүс нь уужуу, тэвчээрийн туйл. Хүн ам нь даанч бага тул сайн хөгжиж чадку бгаа. Амар амгалангийн эх орон.

Дархан, Эрдэнэт бол аймаг биш. Том хотууд. Аль аль нь хүн амьдрахад маш гоё. Говьсүмбэр бол аймаг биш. Томхон сум. Буцаад Дорноговьд нэгдэх өдөр ирнэ.


Зарим аймгаас том сумд байна. Сэлэнгийн Зүүнхараа, Өвөрхангайн Хархорин, Завханы Тосонцэнгэл, Ховдын Булган гээл. Сумын статусаас томруулж төсвийг нь илүү хуваарилах хэрэгтэй. Тэгвэл утгаараа томорч, хотоос эдгээр сумд руу маш их нүүдэл хийгдэнэ.


Хотын утаа, түгжрэлийг багасгая гэвэл хөдөөгөө хөгжүүлэх хэрэгтэй. Засаг захиргааны нэгжийг өөрчлөх ёстой. Монголд 10 аймаг, 100 сум байхад л хангалттай. 



Холбоотой мэдээ