Хортойгоос илүү хэрэгтэй бэлгийг эцэг эхчүүд сонгож байна
НийгэмХүүхэд бүрийн хүсэн хүлээдэг 6-р сарын 1 хаяанд иржээ. Хүүхдүүд бүгд л баяраараа юу хийх, ямар бэлэг авахаа догдлон хүлээдэг. Эцэг, эхчүүдийн хувьд ч мөн энэ үеэр хүүхдүүдээ яаж баярлуулах, ямар бэлэг сонгох талаараа санаагаа чилээдэг билээ.
Нэг үеэ бодвол эцэг, эхчүүд уламжлал болсон ууттай бэлгээстатгалзаж, хүүхдийнхээ эрүүл мэнд, хүсэл сонирхлыг чухалчилдаг болжээ.
Хүнсний дэлгүүрт ууттай бэлэг 7800-25000төгрөгийн үнэтэй байна. Ууттай бэлгэд ихэвчлэн чипс, лаазтай болон хуванцар савтай ундаа, резинэн чихэр, жигнэмэг, чихэр тэргүүтэй зүйлс багтана. Өнөөдөр хүүхдийн баярын өдөр биш болоод ч тэр үү, худалдан авагч төдийлөн их байсангүй. Тиймээс ч ууттай хүүхдийн бэлэг өрж тавьсан лангуунууд дүүрэн харагдаж байв.
Харин сүлжээ дэлгүүрүүдэд ууттай бэлэг 17000-46000төгрөгийн үнэтэй байна.
"Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдаж буй асуудал" үндэсний V судалгааны тайланд сургуулийн бага ангийн дөрвөн сурагч бүрийн нэг нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай, тав хүртэлх насны найман хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байгаа тухай дурджээ. Энэ нь хүүхдийн биеийн жинг нэмэгдүүлэх нөлөөтэй эрсдэлт зан үйл хүн амын дунд бага наснаас эхлэн түгээмэл буйг гэрчлэх бөгөөд хот суурин газрын таргалалттай хүүхдийн тоо хөдөө орон нутгийнхаас зургаа орчим хувиар илүү байгаа юм.
Түүнчлэн 06-11 насны хүүхдүүдийн дунд хийжүүлсэн ундаа болон чихэрлэг цайны хэрэглээ харьцангуй түгээмэл, нийт хүүхдийн 81 хувь нь долоо хоногт дор хаяж нэг удаа эрүүл бус ундааг хэрэглэдэг бөгөөд бялуу, жигнэмэг, нарийн боов зэрэг амтлаг хүнс, чипс, шаржигнуур гэх мэт шарж бэлдсэн зуушийг сургуулийн орчинд маш их хэрэглэдэг, 99 хувь нь эдгээр бүтээгдэхүүнийг долоо хоногт багадаа л нэг удаа иддэг гэсэн судалгааны дүгнэлт бий. Тиймээс ч эцэг, эхчүүд хүүхдэдээ ууттай бэлэг худалдан авахаас татгалзаж байна. Үүний оронд хүүхдээ өөрөөр яаж баярлуулж болох талаар эрэлхийлдэг болжээ. Энэ талаар сурвалжиллаа.
Ууттай хор гэгдэх хүүхдийн бэлгээс өөр сонгож болох эрүүл сонголт олон байгаа талаар эцэг эхчүүд хэлж байна. Тэдний нэгэн төлөөлөл хоёр хүүхдийн ээж У.Булган ярихдаа "Хүүхдүүдийнхээ амыг таглаж, ямар ч хамаагүй бэлэг авч өгөхөөс аль болох татгалздаг. Таван настай охин маань чихмэл тоглоомд маш дуртай. Долоо хүртэлх насны хүүхдийн хувьд тоглох нь үндсэн процесс байдаг. Тиймээс энэ насны хүүхдэд тоглоом бэлэглэх нь хамгийн тохиромжтой гэж боддог.
Хүүхэд тоглоомоор дамжуулж олон зүйлийг танин мэдэж байдаг. Харин найман настай охин маань ном унших сонирхолтой. Тиймээс сонирхолд нь таарсан бэлэг өгөхийг хичээдэг. Найз нөхөддөө ч уриалдаг.
Ууттай бэлэг хортой гэж ярьдаг мөртлөө худалдан аваад хүүхдүүдэд өгсөөр байдаг томчууд хариуцлагагүй санагддаг. Ядаж хүүхдийн баярын өдрөөр битгий хор бэлгэлээч" гэв.
НОМТОЙ БЭЛГИЙН БАГЦ 5900 ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
Номын дэлгүүрийн үүдээр ормогцоо хайрцаг дотор олноор нь овоолсон хүүхдийн баярын бэлгийг худалдан авч буй эмэгтэйтэй таарав. Тэрбээр өөрийн болон, хамаатан садан, найз нөхдийнхөө хүүхдүүдэд зориулан бэлэг бэлдэж буй нь энэ аж. Түүний хэлж буйгаар, “Ууттай бэлгийг огт сонгодоггүй. Үнэ хямд, худалдан авах боломж өргөн гэх ч, хүүхдүүдээ бодоод хайвал илүү эрүүл, хүүхдэд хэрэгтэй бэлгийн сонголт маш их байдаг. Ялангуяа хүмүүс олноор нь худалдан авч байгаа үедээ ундаа, чихэр, чипс гэх мэтийг агуулсан бэлгийг түлхүү сонгодог нь анзаарагдсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд хүүхдийн баярын бэлгийнсонголт харьцангуй өөрчлөгдсөн гэж боддог. Жишээ нь манай байгууллагаас өмнө нь дандаа компот, янз бүрийн чихэртэй бэлэг хүүхдүүдэд маань ирдэг байсан бол одоо илүү эрүүл бүтээгдэхүүн агуулсан бэлэг өгдөг болсон” гэв. Түүний хувьд өөрөө ном уншихын ач тусыг чухалчилдаг учраас хүүхдийн баярын бэлэг сонгохдоо ийнхүү номын дэлгүүрт иржээ.
Бидний зорьж очсон “Альфа” номын дэлгүүрт хүүхдийн баярт зориулсан номтой бэлгийн багцууд худалдаанд гарсан байв. Үнийн хувьд хямд гэж хэлж болохоор тус бэлгийн багцад хүүхдүүдийн насны онцлогт тохирсон үлгэрийн болоод бусад номыг нэг болон хоёр ширхгээр оруулжээ.
Үнийн хувьд 5900-29900 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Тус бэлгийн багцыг зорьж ирэн худалдан авах хүмүүсийн тоо их байгаа талаар номын дэлгүүрийн худалдагч бүсгүй хэлж байлаа.
Уламжлал болгон зохион байгуулдаг хүүхдийн баярын арга хэмжээ цөөнгүй бий. Хүүхдийн баярын өглөө эцэг эхээ дагаад өдөржин төв талбайд өнждөг үе бага багаар халагдаж байна. Учир нь ихэнх гэр бүлүүд, хүүхдийнхээ үзэж харж буй зүйлд анхаарч, сонирхол дуртай зүйлээр нь дамжуулан танин мэдүүлэх, хамгийн гол нь үнэ цэнтэйдурсамж бүтээхийг зорьдог болжээ. Үүнийг дагаад хүүхдийн баярын өдрөөр тоглогдох хүүхдийн жүжиг, урлагийн тоглолтууд жил ирэх бүр тоогоо нэмж байна.
ЭЦЭГ, ЭХТЭЙГЭЭ ДУРСАМЖ БҮТЭЭХ НЬ НЭГ ӨДРИЙН БАЯРААС ҮНЭ ЦЭНТЭЙ
Хүүхдэд зориулсан үзвэр үйлчилгээний газрын нэг болох “Хүүхэлдэйн театр” хүүхдийн баярын тоглолтын ажилдаа бэлдэж байна. Хүүхдүүдэд зориулан үйл ажиллагаа явуулдаг тус газрын хувьд зорилтот үзэгчдэдээ тоглолтоо толилуулахыг тэсэн ядан хүлээж байгаа гэв. Тэдний хувьд дан ганц тоглолт зохион байгуулахаас гадна хүүхдэд театрын боловсрол олгодгоороо онцлог. Жүжгийн тасалбарыг хүмүүс кино шиг тухайн өдрөө шууд худалдаж авдаггүй, ихэвчлэн урьдчилан худалдаж авдаг учраас хүүхдэд төсөөлөн бодох, төлөвлөх, догдлох зэрэг эерэг мэдрэмжүүдийг өгдөг байна. Түүнчлэн анги хамт олноороо үзэх, гэр бүлээрээ үзэхийн хооронд ч ялгаа бий. Гэр бүлээрээ үзсэн хүүхдүүд ээж, аав маань надад чанартай цаг гаргаж байна гэдэгт маш их баярладаг талаар “Хүүхэлдэйн театр”-ийн менежер Ц.Хулан хэлж байлаа.
6-р сарын 1-ний өдөр “Хүүхэлдэйн театр”-т хоёр тоглолт зохион байгуулна. Үүний нэг болох шинээр тавьж буй Пиноккио жүжгийг 6-р сарын 2-ны өдөр дахин тоглоно.
Жүжгийн тасалбарын борлуулалт эхлээд цөөн хонож байгаа ч эрэлт өндөр байгаа нь хүүхдийн жүжиг үзэхээр төлөвлөсөн гэр бүлүүд олон байгааг харуулж байна. Эдгээр гэр бүлүүдийн хувьд чанартай цагийг хамт өнгөрүүлэх нь нэг өдрийн баяраас үнэ цэнтэй. Ялангуяа хүүхдийн хувьд хэзээ ч мартагдашгүй нандин дурсамж болж үлдэх нь бий.
Сэтгэгдлүүд