Жүжигчин Энтони Хопкинс: Жаргал, үхэл хоёр чам дээр цаг нь болохоор ирнэ...
Сонин ХачинНамайг нэг хэсэг архинд орчихсон байхад надтай илэн далангүй ярилцдаг байсан хүмүүс бол бааранд таарч, шил юм хувааж уудаг байсан нөхөд юм. Хуурамч найзууд. Гэхдээ байна аа... архины халуунд (өөрөө хүн чулуу шиг болчихсон байхдаа) огт танихгүй хүмүүсийн зовлон шаналлын тухай сонсох ямар таатай байдаг гээч...
Тэр үед би бүтэн шил текила уучихаад “Одоо үхсэн ч яахав” гэдэг байсан нь цөөнгүй. Архи амсдаггүй хүмүүст таараад байдаггүй ч уудаг хүмүүст нээлттэй байдаг 1 зүйл байдаг. Тэр бол чин сэтгэлийн яриа. Тийм ээ. Хүний сэтгэлээс ундран гарах энэхүү хосгүй материалыг олж авахын тулд Холливудын зарим продюсерууд юугаа ч өгөхөөс буцахгүй.
Шар үс босмоор аймшигтай түүхтэй би үе үе таардаг байв. Гэхдээ нэг л явдал намайг ёстой хэлэх үггүй болгосон юм. Тэр хүний нэрийг хэн гэдэг байсныг би санахгүй байна. Гаднаас нь харахад дэгжин хувцасласан, сайхан гар цүнх барьсан, ажил хэрэгч... ийм нөхөд л ихэвчлэн галзуурдаг гэдэг. Тэрээр миний ширээнд ирж сууснаа “Чи дажгүй залуу бололтой... Хамт сууж юм ууя” гэв. Архичдыг яагаад “дажгүй залуу” гээд байдгийг би ерөөсөө ойлгодоггүй. Тэр хүнтэй нэлээн олон хундага архи тулгаж уухдаа би амьдралынх нь тухай цуврал түүхтэй болчихсон байсан. Тэрээр надад ажил төрөл нь амжилттай яваа, эхнэр нь хөл хүнд болсон... хүсэж байсан гэрээгээ байгуулчихсан... сүүлийн 10 жил мөрөөдсөн ажилдаа нэг дэхээс орох гэж байгаагаа ярив.
- Би тэнгэрт гарлаа! гэж хэлээд (тийм ээ, яг тэгж хэлсэн) тэрээр ширээн дээр байсан хундага архийг шүүрэн авч:
- Би толгойдоо ямар лут лут төсөл тээж явааг сонсоод чи лав итгэхгүй дээ гэснээ мөнөөх хундага архиа хөнтөрчихөөд үүд рүү ухасхийв.
Миний дотор “Түүнийг зогсоо... дахиад жаахан сууг!” хэмээн хашхирах шиг болов. Гэвч тэр хэдийн гараад явчихсан байсан юм. Намайг цонхоор харж байгаад (бид цонхны дэргэд сууж байсан юм л даа) өөр тийш дөнгөж хартал тоормосны чийхрах дуу гарч, хүмүүс орилолдоод явчихав. Эргээд харвал 2 замын уулзвар дээр ердөө минутын өмнө "хүн" гэгдэж байсан нэг бөөгнөрсөн улаан юм хэвтэж байх нь тэр...
Тэр хүн юу хийчихсэн болоод Тэнгэр бурхан түүнийг ийм харгисаар зогсоосон юм бол? Тэр хүн дотор нь үгүйрээд хоосорчихсон улаан архичин надаас юугаараа дутуу байсан юм бэ? Яагаад би амьд үлдэж, харин түүнийг засмал зам дээрээс "хусчихаж" байгаа юм?
Үгүй ээ, би тэр явдлаас хойш архинаас гараагүй... Сүүлд гарсан юм. Гэхдээ би нэг чухал зүйлийг ойлгож авсан: Тайван бай, бүү яар... Элдвийн төлөвлөгөө зохиож Бурханы инээдийг бүү хүргэ... Өөрийн үзэл бодлыг амнаасаа хөөс сахруулан байж бусдад бүү тулга. “Жаргал, үхэл хоёр чам дээр цаг нь болохоор ирнэ... Үүнд чи нөлөөлж яагаад ч чадахгүй гэдгийг санаж яв.”
Жүжигчин Энтони Хопкинс