Дараагийн 50 жилд тохиох сансрын үзэгдлүүд
Сонин ХачинТэнгэрийн олон оддыг харвал сансарт юу ч болохгүй байгаа мэт сэтгэгдэл танд төрөх байх. Гэвч үнэн хэрэгтээ сансар огторгуйд хөдөлгөөнгүй орших зүйл гэж байхгүй. Чухамдаа одон орон судлаачид тэрхүү гараг эрхсийн хөдөлгөөнийг таамаглахын тулд олон цагийн ажиглалт судалгаа хийдэг юм. Үүний дагуу та бүхэнд судлаачдын тогтоосон ирэх 50 жилд болох сансар огторгуйн үзэгдлүүдээс хүргэхээр бэлтгэлээ.
1. Леонид шуурга - 2031 он
Леонидууд бол жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-нөөс 21-ний хооронд дэлхийн хажуугаар дайран өнгөрдөг солирын бороо бөгөөд энэ үеэр агаар мандалд олон арван жижиг солир шатаж байгааг харж болно. Харамсалтай нь уг үйл явдал өдрийн гэрэлтэй таардаг учраас хүмүүс анзааралгүй өнгөрөөдөг. Энэ үзэгдлийг анх 1865 онд Темпел-Таттл сүүлт одыг ажиглах үеэр илрүүлсэн байна.
Тус сүүлт одыг өөр олон жижиг солирын хэлтэрхийнүүд дагадаг аж. Шуурганы үеэр олон мянган, заримдаа хэдэн арван мянган солир тэнгэрт гарч ирдэг. Азаар 2031 онд болох Леонид шуурганы онцлог нь шөнийн харанхуйтай давхцах юм. Ингэснээр энгийн нүдээр уг үйл явдлыг харах боломжтой болох аж.
2. Буд гарагийн хөдөлгөөн - 2032 он
Буд бол нарны аймгийн хамгийн жижиг бөгөөд наранд хамгийн ойрхон байрладаг гараг билээ. Нартай хэт ойрхон учраас тус гарагийг судлах үнэхээр хэцүү байдаг аж. 2009 онд л тус гарагийн гадаргуун зургийг анх эрдэмтэд авч байв. Харьцуулбал: Ангараг гарагийн гадаргууг 19-р зуунд дурангаар харж байсан гэдэг.
Будны нэг жил дэлхийн 88 хоногтой тэнцдэг. Үүний дээр тус гарагийн тэнхлэгийн эргэлт нь маш удаан юм. Чухамдаа ийм учраас гарагийг бүр эргэдэггүй гэж эртнээс үздэг байсан. Тиймээс дэлхийгээс тус гарагийн нөлөө талыг ажиглах нь бараг боломжгүй юм. Азаар Буд гарагийн нөлөө талыг 2032 онд харах боломж гарч ирэх аж. 2032 онд тус гараг дэлхийтэй хамгийн ойрхон байрлалаа эзлэх бөгөөд энэ үеэр тусгай төхөөрөмж ашиглан Буд гарагийг ажиглах боломж олдох гэнэ.
3. Гарагуудын "Парад" - 2040 он
Нарны аймгийн гарагууд шугамдсан мэт дараалалд орох нь бий. Одон орон судлалд ийм үйл явдлуудыг гарагуудын Парад гэж нэрлэдэг. Гэхдээ ихэвчлэн хоёр, эсвэл гурван гараг л давхцдаг.
Харин 2040 онд Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир гэсэн таван гараг нэг дараалалд орно гэдгийг одон орон судлаачид тогтоожээ. Ийм явдал маш цөөн тохиолддог аж. Тиймдээ ч ийм үзэгдлийг эртний хүмүүс бурхадтай холбож үздэг байсан байна.
4. Бархасбадь, Санчир гарагийн давхцал - 2040 он
Энэ үйл явдал 20 жил тутамд тохиолддог боловч энэ удаад арай өөрөөр харагдах гэнэ.
2040 он Бархасбадь, Санчир гарагууд бараг тулж ирэх гэнэ. гарагууд нэг нэгэндээ ойртох нь байдаг ч ингэж ойртох нь маш ховор тохиолддог юм. Тооцооллын хамгийн сүүлд 1623 оны долдугаар сарын 16-нд дээрх 2 гараг ингэж ойртож байжээ. Санчир болон Бархасбадийн давхцалын баримтжуулсан анхны ажиглалт нь МЭӨ III мянганы үеэс эхтэй. Бархасбадь, Санчир гарагийн хөдөлгөөн нь мөн Хятадын жаран жилийн хуанлийн системийг бий болгох шалтгаан болсон байж магадгүй юм. Учир нь дээрх 2 гараг 60 жил тутамд ойртдог аж.
5. Галлейгийн сүүлт од - 2061 он
Галлейгийн сүүлт од нь хамгийн алдартай сүүлт од юм. Учир нь тус сүүлт одыг дэлхийд ойртож үрэх үед энгийн нүдээр харж болдог аж. Тиймээс эртний Хятад, Вавилон, Ассири болон бусад оршин тогтнохоо больсон орнуудын олон тооны түүхэн эх сурвалжууд тус одны тухай бичиж үлдээсэн байдаг. Галлейгийн сүүлт од 75 жил тутамд манай гарагийн тэнгэрт буцаж ирдэг юм.
2023 оны 12-р сарын 8-нд Галлейгийн сүүлт од нь нарны аймгийн хамгийн хол зайд оршдог биетийн тойрог замд хүрсэн байна. Энэ нь манай гарагаас 5.26 тэрбум километр зайд орших биет аж. Тус сүүлт од нь дэр үед наашаа эргэх бөгөөд 2061 оны 7-р сарын 28-нд дэлхийд хүрэх төлөвтэй байна. Хэрэв та энэ үед Галлейгийн сүүлт одыг харж чадахгүй дахиад хэзээ ч чадахгүй гэдгийг санаарай.