ПАРИС-2024: Цахим орчинд шуугиан тариад буй буудлагын тамирчид
Сонин ХачинТурк улсыг төлөөлөн Парис-2024 олимпын наадмын хийн гар бууны 10 метрийн холимог багийн төрөлд оролцож буй тамирчин Юсуф Дикеч тусгай хэрэгсэлгүй ч мөнгөн медаль хүртсэн нь цахим орчинд шуугиан тарьж байна.
Тодруулбал 51 настай тэрбээр зориулалтын нүдний шил, чихний хамгаалалт бус энгийн нүдний шил, чихний бөглөөтэй тэмцээндээ оролцон мөнгөн медаль хүртжээ.
Хамгаалалтын хэрэгсэлгүй, гараа халаасандаа хийж буудлагаа гүйцэтгэсэн түүний зураг цахим орчинд тарж, хүмүүс түүнийг Парисын олимпын домог ч хэмээн нэрлэж эхлээд байна.
Тухайлбал Х буюу хуучнаар Твиттер платформд түүний тэмцээний зураг 21 сая хүнд хүрчээ.
51 настай Дикечийн хувьд тав дахь олимпын наадамдаа оролцож буй бөгөөд мягмар гарагт хүртсэн мөнгөн медаль нь түүний хувьд олимпоос авсан анхны медаль нь болсон аж.
Түүнчлэн Өмнөд Солонгосын буудлагын тамирчин Ким Еэ Жи өөрийн өвөрмөц төрх, биеэ авч явж буй байдлаараа интернэт хэрэглэгчдийг байлдан дагуулаад байгаа юм.
31 настай түүний хувьд ням гарагт хийн гар бууны 10 метрийн төрөлд мөнгөн медаль хүртсэн. Түүний зураг тэр даруй цахим орчинд тарж, олон сая хэрэглэгчид хүрсэн.
Тэрбумтан Илон Маск хүртэл түүний зургийг нийтлээд "Тулаантай кинонд тогловол тохирно. Ямар ч жүжиглэлт шаардлагагүй байна" хэмээн жиргэсэн юм.
Эх сурвалж: USA Today