Японы компани дэлхийн тойрог зам дахь сансрын хог хаягдлыг цэвэрлэх туршилтаа эхлүүлжээ

Эдийн Засаг
tserenjargal1@yahoo.com
2021-07-05 05:08:22

Манай дэлхийн тойрог замд ашиглалтаас гарсан сансрын хөлөг, хиймэл дагуулуудын үлдэгдэл хэсгүүд олон саяараа эргэлдэж байдаг.

Европын Сансрын Агентлаг ESA-гийн мэдээлснээр 2,400 гаруй хаягдал хиймэл дагуул, хүний бий болгосон 100 сая гаруй хэлтэрхий дэлхийн тойрог замд бий. Тэд бүгд бууны сумнаас 10 дахин өндөр хурдтайгаар дэлхийг тойрон эргэлдэж байдаг тул өчүүхэн жижиг хэсэг нь ч одоо ашиглагдаж байгаа хиймэл дагуулууд, сансрын станцуудад ноцтой аюул учруулдаг.

Тойрог замын хог хаягдал нэмэгдэх тусам аюул нэмэгдэж байгаа. Зөвхөн өнгөрсөн онд Олон Улсын Сансрын Станц гурван удаа сансрын хог хаягдалтай мөргөлдөхөөс зайлсхийх жолоодлого гүйцэтгэсэн байдаг.

Аравдугаар сард Зөвлөлтийн хаягдсан хиймэл дагуул, Хятадын пуужингийн эх бие хоёр мөргөлдөхөд тун ойрхон өнгөрч байв. Хэрвээ тэд мөргөлдсөн бол 14 тоннын TNT хүчтэй дэлбэрэлт болж, зүг бүрт олон зуун мянган хэлтэрхий цацагдах байсныг NASA-гийн сансрын нисгэгч Жонатан Макдоуэл тооцоолсон байна.

Тойрог замыг хог хаягдлаас цэвэрлэх янз бүрийн арга технологийг компаниуд туршиж байгаа. Ийм зорилгоор ажилладаг Японы Astroscale компани өнгөрсөн Даваа гарагт туршилтын сансрын хөлгөө Казахстаны Байконураас хөөргөжээ.

Уг хөлөг нь ELSA-d (End-of-Life Services by Astroscale) нэртэй технологийг ашиглан тойрог замын хаягдлыг устгах туршилт явуулах юм.

Хөлөг өөртөө хиймэл хог хаягдал тээвэрлэж яваа ба тойрог замд хүрснийхээ дараа үүнийг сансрын уудамд цацах ажээ. Туршилтын хаягдлууд нь өөртөө тусгай соронзон хавтан агуулж байгаа. Дараа нь хөлөг уг соронзон хавтангуудыг ашиглан хог хаягдлуудыг цуглуулаад дэлхийн агаар мандал руу татан оруулах юм. Агаар мандалд орсон хаягдлууд татах хүчний нөлөөгөөр унах замдаа шатаж устана.

Ирээдүйд бүх хиймэл дагуул, сансрын хөлгүүд өөртөө ELSA-d технологийг нэвтрүүлж, соронзон хавтанг нь дотроо суурилуулсан байх юм. Энэ тохиолдолд ашиглалтаас гарсных нь дараа Astroscale-ийн хөлөг тэднийг цуглуулж, устгах үүрэг гүйцэтгэнэ. Ийм үйлчилгээ авсныхаа төлөө хиймэл дагуул хөөргөсөн компаниуд Astroscale-д тодорхой төлбөр төлдөг болох юм.

“Зөвхөн манай компанийн хувьд биш, дэлхийн хиймэл дагуулын салбарт чухал үйл явдал болж байна. Бид сансрын хог хаягдлыг цэвэрлэх зах зээлд хөл тавьж, тойрог замаа хариуцлагатай ашигладаг болох цаг үе ирлээ” гэж Astroscale компанийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Нобу Окада мэдэгджээ.

 

Холбоотой мэдээ