Соёл, урлагийн байгууллагуудыг (ковид-19)-аас урьдчилан сэргийлэх цахим сургалт болжээ

Урлаг
enkhchimeg@must.edu.mn
2021-04-05 15:37:01

 Улсын онцгой комиссын даргын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тушаалаар “Шуурхай зохицуулалтын ажлын хэсэг” байгуулагдаж, үзвэр, кино театр хариуцсан бүлгийн дарга Соёлын сайд Ч.Номингоор ахлуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн төлөвлөгөөт ажлын хүрээнд Соёлын яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран 21 аймаг, нийслэлийн Боловсрол, соёл урлагийн газар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтэн болон соёл, урлагийн байгууллагууд /театр, чуулга, номын сан, музей/-ын удирдах ажилтан, дотоод хяналтын ажилтнуудад зориулсан цахим сургалтыг нийт 227 албан хаагч хамрагдуулан зохион байгуулжээ.

    Цахим сургалтыг Соёлын сайд Ч.Номин нээж үг хэлэн, Соёлын яамны СБТГ-ын дарга Л.Мөнбат удирдан явууллаа. Сургалтын хөтөлбөрийн дагуу МХЕГ-ын ЭУСТГ-ын дарга, доктор (Ph.D), дэд проф. Д.Түмэндэмбэрэл “Халдвар тархах магадлал, бэлэн байдлын эрсдэлийн үнэлгээ хийх, эгзэгтэй цэгийн зураглал гаргах арга зүй” сэдвээр, МХЕГ-ын ЭМБСХГ-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Б.Баясгалан “Орчны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх арга зүй” сэдвээр тус тус сургалт хийж, илтгэл хэлэлцүүллээ. Түүнчлэн сургалтын хүрээнд соёл, урлагийн байгууллагууд болон соёлын ажилтнуудад үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлох судалгааны асуулгын хуудсыг цахимаар бөглүүлэн авч нэгтгэн судалгааны дүнг гаргахаар болсон. Соёлын сайдад сургалтад оролцогчид дараахи асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ. Үүнд :

- Соёлын байгууллагуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх, үйлчлүүлэгчдийг нэг удаагийн хэрэгслээр хангах зардлын төсвийг шийдвэрлэх,

- Үзвэрийн байгууллагуудыг халуун хэмждэг, халдваргүйжүүлдэг тоног төхөөрөмжөөр хангаж өгөх,

- Ажилтан, албан хаагч, уран бүтээлчдийг нэгдсэн байдлаар вакцинжуулалтад хамруулах,

- Ажлын байрандаа бэлтгэл сургуулилтаа хийх боломжоор хангах,

- Номын сангийн үйл ажиллагааны орчин, нөхцөлд тохирсон ариутгал халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөөр хангах.

Холбоотой мэдээ